​Монголд хууль байдаг эсэх, хуулийг дагаж мөрддөг эсэхэд эргэлзэж эхэллээ. Хууль зүйн сайд асан нэгэн нь буруу юм ярьж, бусдыг гүтгэсэн байна гээд тогтоочихоод байхад гүрийгээд байж болдгийг харлаа.

Гадаадын хөрөнгө оруулалттай компани газар шороог маань улаан илгэ болгочихоод гурван ч шатны шүүхийн шийдвэрийг үл тоохыг үзлээ. Парламентын гишүүд нь сонгуульд луйвар дээрмээр орж суу гарахгүй зөрүүдэлж сууж болдгийг ч мэдэрлээ. Энэ улс оронд ер юу эс болоод байна аа. Уг нь хуулийг дагаж, сахин биелүүлэхийн тулд баталдаг биш үү.

 

Одоогоос хоёр сарын өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огц­руулах үндэслэлүүдээ олон нийтэд дэлгэхдээ “Говь повер” гэдэг компанийн бул­хай луйврыг илчилж, Н.Ал­тан­хуяг, Ч.Уян­га, Г.Дэнзэн гэх гурван хүний асуудлын сөхсөн билээ. МАН-ын бүл­гийн гишүүд “Эрдэнэс Та­вантолгой”-н нүүрс тээвэр­лэх тендерт ялсан гэх “Говь повер”-ийн хэргийг АТГ-т шалгуулахаар өгсөн нь мөн л хоёр сарын өмнөх яв­дал. 

 

АТГ тус компанийг хууль зөрчин тендерт ялсан эсэхийг хоёр сарын хугацаанд шалгаж, “но”-той, булхайтай асуудал нэлээд байгаа тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгах зайлшгүй шаардлагатай гэж үзжээ. Энэ үндэслэлээ прокурорт танилцуулж, “Говь повер”-ийн хэрэгт эрүү үүсгэн шалгахыг хүссэн боловч хуулиас дээгүүр эрх мэдэл бүхий прокурор татгалзсан хариу өгчээ. Алдарт 17 тэрбумын тендерийн хэрэг “энд хүрээд” өндөрлөх үү, ахин дахин шалгах уу гэдгийг Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжаваас асуумаар санагдчихлаа. Надад хамаагүй, нийслэлийн прокуророос асуу гэх байх л даа. Тэндээс асуусан, танаас асуусан хоёрт ямар ялгаа байна гээд урьдчилаад асуучихъя. “Говь повер” нь Ерөнхий сайдын “талын” хүнийх болохоор шалгахаас татгалзав уу, аль эсвэл... Энэ компанийг хууль зөрчсөн, тендерийг луйвраар авсан гэдгийг АТГ шалгаж тогтоочихоод байхад эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзсэнээ албан ёсоор тайлбарлахыг тань хүлээе. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Д.Цоодолсэнгээгийн гарын үсэг бүхий албан бичгээ МАН-ынханд өнгөрөгч тавдугаар сарын 22-нд өгчээ. Уг албан бичигт “Танай 2013 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 47 дугаартай албан бичгээр ирүүлсэн мэдээллийг хянан үзээд “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн тен­дерийн үнэлгээний хорооны дарга, гишүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхээр материалыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн болохыг мэдэгдэе” гэжээ.

Энэхүү албан бичиг Нийс­лэлийн прокурорынхонд яагаад “хүндрэл” үүсгэсэн учрыг мэд­мээр байна. Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хормой хотыг сөхөж, нам нэгтийнхээ мууг үзэхийг хүсээгүй байж болно. Гэвч хуулиа л дагах ёстой эрхмүүд. “Говь повер”-ийн хэр­гийг шалгалгүй өнгөрөөх, ял зэмгүй үлдээх магадлал 100 хувь гэдгийг эртнээс учир мэдэх хүмүүс хэлж байсан. Үнэн л юм байна. Жирийн нэг Дэнзэн, Уянга хоёр 17 тэрбумын байтугай ганцхан тэрбумын хэрэгт орооцолдсон бол ингэж хаацайлах байсан уу. Төрийн төмөр нүүрийг хэнд харуулахаа мэддэг хүмүүст ичих булчирхай байдаггүй бололтой.  Ер нь бол Баяраа өөрөө л ширээнээс уначихсан юм билээ шүү дээ гэдэг шиг “Говь повер” компанийг бус Тендерийн үнэлгээний хорооны дарга болон гишүүдийг л эхний ээлжинд шалгах гэж байгаа юм билээ л дээ. “Говь повер” бол дараагийн асуудал.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дүү Ч.Уянга, хүргэн Г.Дэнзэн нарын  “Говь повер” компани ямар эрхзүйн чадамжтай компани болоод 17 тэрбум төгрөгийн тендерийг ялагчгүйгээр авчихав аа. “Говь повер” хэмээх компанийг бусдаас худалдан авсан Ч.Уянга үнэлгээний компаниар ганцхан өдрийн дотор үнэлгээ хийлгэж, дүрмийн санг нь нэг тэрбум төгрөг болгуулж авсан байдаг. Нэг тэрбум төгрөгийн дүрмийн сантай компани тэр зэргийн олон тэрбумын тендерт оролцох эрхтэй болно биз дээ. Ямар амархан бүтдэг ажил вэ. Жирийн нэг иргэн нэр дээрээ байгуулсан компанийнхаа үйл ажиллагааны чиглэлд өөрчлөлт оруулахын тулд дор хаяж ажлын тав хоног тавхайгаа эргэтэл гүйдэг биш бил үү. Харин Ч.Уянгад тийм зовлон тохиолдсонгүй. Арга ч үгүй. Тохиолдлын бус тендерт оролцож, ялалт байгуулахаа урьдчилан мэдсэн учраас ямар ч саад тотгор үгүй. Ерөнхий сайд ахын хаялга гэж энэ. АТГ-аас энэ хэргийг шалгаж байхдаа “Говь повер”-ийн тендерт шалгарах нэг үзүүлэлтийг нь зориудаар бий болгосон байх магадлалтай гэдгийг олж мэдсэн байна. Түүнчлэн энэ компани сүүлийн таван жилийн хугацаанд нэг тэрбум 800 мянган төгрөгөөс доошгүй хэмжээний ажил үйлчилгээг явуулсан байх шаардлагыг хангаагүй нь бас тогтоогджээ. Харин ч эсрэгээрээ алдагдалтай ажилласан тайланг татварын байгууллагад гаргаж өгсөн байна. Энэ мэт ноцтой зөрчлүүдийг АТГ илрүүлчихээд прокуророор шалгуулах гэхээр татгалзчихсан гэж байгаа.

Энэ бүхний эцэст “Говь повер”-ийн хэргийг хуулиас гадуур үлдээхээр зүтгэж байгаа хүн нь Г.Дэнзэн ч бус, ерөнхий прокурор ч биш, гагцхүү Ерөнхий сайд дээр л бууж байна. Нутгийн анд, намын нөхөртөө юу гэж шивнэснийг хэлэхэд хэцүү. Ерөнхий сайдын хүргэн Г.Дэнзэн сарын өмнө “Надад ямар ч компани, хөрөнгө гээд байх юм байхгүй” гэж байснаа хэдхэн хоногийн өмнө ажлаасаа өөрийн хүсэлтээр халагдлаа. “Шалгуулна даа, шалгуулна” гэсээр ажлаа өгсөн Г.Дэнзэн зэргийн багашаархан залуу ерөнхий прокурорт нөлөөлсөн гэхэд даанч итгэлгүй. Тийм байлаа гэхэд Д.Дорлигжав прокурор л инээдтэй харагдана.

АТГ-ынхан бүр сүүлдээ аргаа бараад “Говь повер”-ыг дахин шалгахаар болсноо зарлаж байна. Нийслэлийн прокурор АТГ-т итгээгүйдээ хэргийг шалгахаас татгалзав уу, өөр ямар нэгэн асуудал байна уу. АТГ-ынхан нэг шалгаж болсон юм, дахиж шалгаад илүү сайн нотолгоо баримт цуглуулаад хавтаст хэргийг нь дахиад прокурорт өргөн барьж чадах байлгүй дээ. Тэр цагт хууль нь ялдаг юм уу, хулгайч луйварчид нь ялдаг юм уу гэдгийг олон нийтээрээ харах л байх даа. Нэг үгээр хэлбэл, Ерөнхий сайдын дүүгийн “Говь повер” компани, Нийслэлийн прокурор хоёрын хэн нь хүчтэй вэ гэдэг таавар таалгасан ч болох л юм.

 

Б.Оюунгэрэл