Хүүхэд бидний ирээдүй. Гэтэл ирээдүй болсон хүүхдүүдийн маань тодорхой хувь нь өнөөдөр гудамжаар тэнэж, гэрээсээ дайжиж, хэрэг төвөгт орооцолдох боллоо.

 Тиймээс бид энэ удаад хүүхдийн хаяг тогтоох газарт ирдэг хүүхдүүдийн талаар хөндөж байна.                                                                

             Өнөөдрийн байдлаар хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төвд жилд 1100-1300 хүүхэд ирдэг гэсэн судалгаа бий. Энэ тоо мэдээж асуудал хүндэрч хариуцлага тооцох хэмжээнд хүрсэнийг илтгэнэ. Улаанбаатар хотын гудамж талбайгаар зорилгогүй тэнэж, хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийг олж, эцэг эх асран хамгаалагчдад нь хүлээлгэж өгөх нь тус төвийн зорилго.    

           Гадуур тэнэж буй хүүхдүүд янз бүрийн шалтгаанаар гэрээсээ дайжсан байдаг. Тухайлбал, гэртээ хэн нэгэнд шоглуулдаг хүчирхийлэлд өртдөг хүүхдүүд зорилгогүй тэнэж, зарим нь амьдрахын эрхээр хүнд хүчир хөдөлмөр эрхэлдэг байна. Ийнхүү хүүхдийн эрх зөрчигдөж байгаа жишээ цөөнгүй байна. Тэнэж яваа хүүхдүүд хаяг тогтоох төвд ирсэнээр өөрийгөө бусдын хүүхэдтэй адилхан, бусдаас дутахааргүй гэдгээ нэг удаа ч гэсэн мэдэрдэг хэмээн тус төвийн удирдлагууд хэлж байна. Учир нь хэн нэгэнд чичлүүлж, дарлуулж байсан хүүдүүд өөртэй  хүн шиг харьцаж халуун дулаан сэтгэлээр хандахад өөрийгөө хүн гэдгээ мэдэрдэг гэнэ.

           Тус төвийн бас нэгэн зорилго нь  ирсэн хүүхдүүд хүний төлөө сэтгэлтэй болж хүмүүжээсэй гэсэн чин хүсэл байдаг гэнэ. Тэр ч үүднээсээ хүүхдүүдийн дунд төрөл бүрийн сургалт хичээллүүлж авъяас чадварыг нь нээхийг зорьдогоо тус төвийн захирал онцолж байна. Гэхдээ хаяг тогтоох төвд хүүхдүүд долоо хоногийн хугацаатай ирдэг учраас олон хоногийн сургалт явуулахад хүндрэлтэй байдаг аж.

             Мэдээж долоо хүртэлх хоногийн хугацаанд хүүхэд сурч боловсроод хүмүүжнэ гэвэл боломжгүй зүйл. Гадуур тэнэж, зорилгогүй болсон хүүхдүүд нийгэмшиж өөрийгөө олж таниж авахад мэдээж багагүй хугацаа шаардагдана.

               Иймэрхүү хүүхдүүдэд анхаарал тавьж ажилладаг өөр ямар байгууллага байдаг талаар бага зэрэг судалж үзсэн юм. Тэгэхэд “Дэлхийн зөн” олон улсын байгууллага идэвхтэй ажиллаж, хүүхдүүдийг циркийн сургалтанд хамруулах, тоо бодох, хичээллэх, амьдрах ухааны сургалт зэргийг зохион байгуулж байна. Түүнээс гадна Улсын архивын газар, Нийслэлийн хүүхдийн төлөө газар хүүхдийн хаяг тогтоох газартай хамтарч ажиллаж байна.  

             Дараагийн асуудал. Хүүхдүүд  юуны учир гэрээсээ дайжихад хүрч байна гэдэг асуудал зүй ёсоор тулгарах юм. Тухайлбал, эцэг эх нь өөр өөр газарт ажиллаж эсвэл салсанаас хүүхэд хаачихаа мэдэхгүй гудманд гарсан тохиолдол цөөнгүй байна. Ер гэр бүл салалт хүүхдийн ирээдүй, хувь заяанд хамгийн их сөргөөр нөлөөлж буй хүчин зүйл юм.

              Мөн тоглоомонд донтсон хүүхдүүд гэр орноосоо  дайжиж байна. Тиймээс PC тоглоомын газар ажиллуулж байгаа хүмүүс хүний төлөө зөв хэлбэрээр ажиллуулахгүй бол шинжлэх ухааны бүтээл болсон компьютер тоглоомонд хүүхэд донтож гудамжинд гарч байгаа нь байж боломгүй асуудал болоод байна. Хамгийн аюултай нь хүүхдүүд нэг нэгнээ уруу татаж РС тоглоомонд донтсоор байгаа явдал юм.  

             Эцэст нь хүүхэд болгон эцэг эхтэйгээ, шувуу тэнгэртээ, загас усандаа л жаргалтай байх ёстой. Хүн болгон өөрийнхөө хойч үедээ хүүхдүүддээ хайртай байх ёстой. Гэхдээ зөвхөн миний гэсэн сэтгэлээс битгий хандаасай. Миний хүүхэд л болж байвал гэсэн бодлоо орхиж  хүүхэд бүхэн  жаргалтай сайхан амьдрахад анхаардаг тийм цаг ирээсэй.

Б.Хорол