Сонгууль ямар байна? Залхмаар байна уу? Гэж бид хоорондоо нухацтайгаар асууж, хариулж ярилцдаг.  Бодож үзэх л асуудал. Гэвч ардчилсан нийгэм, эрх зүйт төрийн төлөө ийм асуултад хариулт болгож та зөвхөн саналаа өгөхөд л хангалттай.

Зүй нь бол та ямар төрийн тэргүүнтэй болмоор байна, таны сонгох зан чанар, үйл хэргийн эзэн магадгүй нэр дэвшигчдийн дунд байхгүй ч гэсэн түүнд дөхөж очих нэгэнд саналаа өгөх хэрэгтэй. Энэ дашрамд давхар шаардлагаа тавих  учиртай. Ингэснээр л та өөрийн тань саналаар сонгогдох Ерөнхийлөгчтэй болно. Гэхдээ та очиж саналаа өгсөн тохиолдолд шүү дээ. Хэрвээ таны дэмждэг үзэл санаа санал хураалтын дүнд ялагдвал та өөрөө л буруутай, яагаад гэвэл та саналаа өгөөгүй шүү дээ.

Сонгууль шударга мэтгэлцээний талбар.Энд ялахын төлөө л өрсөлдөнө. Өрсөлдөгч бүрт ялах эрмэлзлэлтэй, ухаалаг өрсөлдөгч учирснаар л чанартай сонгууль болно. Жинхэнэ ажил амлана. Сонгогдож чадвал түүнийхээ төлөө зүтгэхээс замгүй болно.

Харин одоогийн өрсөлдөөнийг харвал нэг талд санал хуваах гэсэн, басдахих гэсэн санаа ,ухуулга яваад байх шиг. Дахин санал хураах нь хэнд ашигтай вэ. Нэгдүгээрт, сонгуульд оролцох иргэдийн идэвхийг сулруулна. Хоёрдугаарт, нэгэнт суларсан идэвх дараа дараачийн сонгуулиудад ч нөлөөлөхийг үгүйсгэхгүй. 

Дахих, дахихгүйн тухайд бол бүгд миний л ижил бодолтой байгаа байх. Миний л бодол юу вэ гэж үү. Юу гэхээр би хувьдаа халуун зунаар сонгууль дахиасай гэж хүсэхгүй байна. Сонгууль нэг л хөдөлгөөнөөр дуусах учиртай.

Зарчмын хувьд сонгуулийн санал хураалт жил ирэх тусам буурч ирсэн. Тиймээс иргэдийн оролцооны хувийн жин сонгууль бүрээр доошлох хандлагатай байгаад сэтгэл амар сууж болохгүй билээ.
  
Сонгууль зохион байгуулагчид ч үүний төлөө л ажиллана. Дээр нь сонгуулийг үр дүнгүй болгохыг хүсэж байгаа нэр дэвшигчдийг ч бас СЕХ анхаарах ёстой. Тийм этгээдүүд сонгуульд оролцохгүй байх өвчний “нян” тарааж байна. Онолд бол сонгуульд оролцохгүй болох өвчнийг “абсентизм” гэдэ юм уу даа. Тэр нь улс төрийн хямралын нэг шинж тэмдэг гэсэн.
Ийм нөхцөлд улс төрийн хувьд бөөн хийрхэл, идэвхтэй хэсэг баахан өрсөлдөн бужигнаж, булхайцаж, луйвардаж өнгөрдөг байна.

Өнгөрсөн хавар хууль тогтоох байгууллагаас Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг баталсан. Төсвөөс буюу татвар төлөгчдийн халааснаас чамгүй мөнгө гарч өнгөт хуудас, өргөн нэвтрүүлгийн сувгийн төлбөртэй нэвтрүүлэг болон үрэгдэж байна.

Энэ сонгуульд нэг нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг гурван тэрбум төгрөг, нэг намаас сонгуульд зарцуулах дээд хэмжээг 5,1 тэрбум төгрөг байхаар тус тус тогтоосон. Бас л их мөнгө.

Харин төсвөөс үүнээс ч их мөнгө буюу 17 тэрбум 209 сая төгрөг зарцуулахаар тусгасан нь одоо бидэнд төрөл бүрийн пиар ухуулга болж ирж байгаа. Хангалттай хүрэлцээтэй энэ мөнгийг та бүхнийг саналаа өгөөсэй гэсэндээ үрэх эрхийг харъяа байгуулагад нь өгсөн билээ.

Ингэхээр иргэд өөрийн итгэл үнэмшлийн төлөө, дээр нь үрэгдэж буй мөнгийг хий дэмий салхинд хийсгэхгүйн тулд нэг мөр сонгуульдаа саналаа өгөх нь чухал байна.