Эмэгтэйчүүдийн хувьд хүүхэд төрүүлсний улмаас  таргалдаг “гэм”-тэй.  Гурван хүүхдийн ээж  1.6 жилийн дотор 41 кг хасаж шантралгүй фитнессээр хичээллэн  төгс галбиртай болж чадсан, одоо дахин тэмцээний бэлтгэлд орох гэж байгаа Д.Золжавхлантай ярилцлаа.

- Та хэдий  хугацаанд хэдэн кг турсан бэ?

-          Юуны өмнө өөрт тань болон уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе.  Бусдад урам зориг өгөх гээд  намайг  зорьж ирсэнд баярлалаа.  

Та бүгдэд бас баярллаа. Миний хувьд 1 жил 6 сарын дотор тасралтгүй хичээллэж  41 кг хассан.  Тэмцээнээс хойш  жин бага зэрэг нэмдэг. Тэр хаясан жин болгонд  хөлс хүч, тэсвэр тэвчээр ордог бүгдийг тооцвол 20 гаруй кг байгаа.  Яг тэр жингээ нэмбэл 65 кг турсан байна. Бусад ээж нартаа сайхан сэдэл урам зориг өгөхийг их хүсэж байна даа.

-          Цэвэр 41,  хаясантайгаа 65 кг хасна гэдэг асар их тэвчээр шаарддаг байх?

-          Тэгэлгүй яахавФитнессээр хичээллэж байгаа болохоор бүгдийг цагийн хуваарийн дагуу хийнэ. Хоол, дасгал, амралтыг зохицуулна.  Их тэвчээр шаардсан ч одоо нэгэнтээ ард нь гарсан байна . Хаяа уйлмаар үеүүд ч байсан. 

-          2.7 жил гэхээр чамгүй хугацаа.  Олон тэмцээн үзэж байсан Модель ангилалд 20 нас шүргэж яваа охидод их боломж байх шиг?

-          Манайд тамирчдаа насаар нь ангилдаггүй,  өндрөөр нь ангилдаг. 3 хүүхэд гаргасан хүн, 20 гаруй насны охидын хооронд  ялгаа байлгүй яахав.  Тэр тайзан дээр байгаа залуу охидыг хараад битүүхэндээ атаархаж эрт мэдэж  эхлэхгүй гэж харамсдаг . Хамтдаа нэг тайзан дээр байгаа үзэгслэнтэй охидоос их хүч зориг авдаг шүү.

-          Тань шиг олон кг хасаад моделийн ангилалд орж байгаа хүн Монголд байдаг болов уу?

-          2 хүүхэдтэй ганц нэг байгаа. Гурван хүүхэдтэй хүн байхгүй.  

Тэмцээнд  ороход гурван охин маань ирж дэмждэг. Би хамгийн анхны тэмцээндээ 58 дугаартай оролцсон. Тамирчдыг  уг нь дугаараар нь дэмждэг. 20 гаруй  охид байхад миний хүүхдүүд их хөөрхөн “Ээжээ, ээжээ ” гээд алгаа ташаад  дэмжиж байсан. Энэ дэмжлэг, гэр бүл, ээжээсээ их урам зориг авч, мөрөөдлөө биелүүлээд байна.  Магадгүй дахин нэг зорилоготой мундаг ээж тайзан дээр шинээр гарч ирээсэй гэж хүсдэг

-          Ойрын үед ямар тэмцээнд оролцох вэ?

-          Монголын бодибюлдингийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 05-ны өдөр болно.  Би 165см-ээс дээш ангилалд ордог.

Улсын аварга шалгаруулах тэмцээнээс тэмцээний хооронд тамирчид асар их тэсвэр тэвчээр, хөлс хүч  гаргадаг. Үүнийгээ шалгуулах баяр нь болдог тэгхээр тэмцээнд орж байгаа бух тамирчиддаа  дахин дахин амжилт хүсье.

-          Бүдүүлэг асуулт асууж байгаад уучлаарай. Гэдэсний зургаан толгойт булчин байгаа хэрнээ арьс нь унжаад байгааг авхуулж болдоггүй юм уу?  

-          Авахуулж болно л доо.   Би  дахин жирэмслэх  бодол байгаа болохоор одоохондоо  энэ хэвээрээ тэмцээнд орно.

-          Өмнө нь махлаг байсан...

-          Хангалттай удаан бүдүүн байсан. 10 гаруй жил бүдүүн байлаа.  

 

-          Турчихаар сэтгэл санаа бие хүртэл хөнгөн сайхан болдог байх?

-          Бүх юм хөнгөн өд шиг л... Одоо би бараг оюутан байх үеийнхээ хувцсыг гаргаж ирээд өмсөж байна. Баярлаж байгаа.  Эрүүл аргаар, хөдөлгөөнөөр турдаг гэдгийг би эрт мэдсэн бол, гурван хүүхэд гаргахаасаа өмнө  буюу дасгал хийсэн бол  10 жил турахын хүслэн болж, олон кг хаяж өөрийгөө зовоохгүй байх байсан. Бүсгүйчүүд  минь эртнээс эрүүл мэнддээ анхаараад заавал фитнесс гэлтгүй хөдөлгөөн дасгал хийж байгаарай.  

Гурван хүүхэд гаргасан хүн залуу охидыг бодвол удаан  нөлөөлж байсан, арьс язарч урагдсан байна,  цаана нь булчин байгаа ч  арьс нь унжаад ил гарахгүй . Дээрээс нь би өөрөө фитнесс юм уу гараад гүйх ямар нэгэн алхам  хийгээгүй байж ийм юм иддэг, уудаг юм гэнээ гээд турахын дон болсон байсан юм байна лээ.  Үйлдэл хийлгүй,  үгээр илэрхийлээд  байхаар  хажууд байгаа охидод маань нөлөөлөөд эхэлсэн.  Би гурван охинтой. Дунд охин маань намайг хараад, хоолны дуршилгүй болоод  эхэлсэн. Тэгэхээр  ээжүүд  өөрсдөө турахын  тулд хөдөлгөөн хийж үйлдлээрээ илэрхийлээрэй.  Үйлдэл өөрөө эргээд хүүхдэд том сургамж болж байна. Өнөөдөр миний охинд өглөө босоод байшингаа гурав тойрдог юм (инээв)

-          Таниас уpам авч хүмүүс их холбогддог байх. Турахад гол нь юу бэлдэх вэ?

-         Утсаар, Фэйсбүүкээр их асуудаг. Би анх клубт очоод жингээ үзэхдээ би тамирчин болно гэж хэлж байсан.Чадахгүй л байх гэх хүн олон байсан ч 41 кг хасаад анхныхаа тэмцээнд ороод би өөрийнхөө зорилгыг биелүүлсэн байна. Бүхэл бүтэн хүн гаргаад хаячихсан байна гэж хүмүүс  их урам авдаг гэдгийг  хэлдэг.  

Одоо би өөрийнхөө амьдралын хэв маяг болгочихсон. Би өөрөө ч дуртай.  Зааланд очоод өөрийнхөөрөө байж чаддаг .  Тэгэхээр турна гэж бодож л байгаа бол маргааш гэж хойшлуулалгүй өнөөдөр гараад л хөдөлгөөн хийх хэрэгтэй . Хүмүүс над руу залгаад “Багшаа би юу авч ирэх үү” гэж асуудаг.  Хувцас биш сэтгэл зүйгээ л бэлтгэх хэрэгтэй. Яагаад гэхээр долоо хоног бэлтгэл хийгээд л больчихдог.  Ямар ч хувцас өмсөөд ирж болно. Сэтгэл зүйгээ бэлдээд өөрөө өөртөө зорилго тавьбал өөрчлөлт асар хурдан гарна.  Дор хаяж гурван сарын дотор үр дүнд хүрнэ. Одоо  жил гаран яваад 20  гаруй кг хассан хүн байна.

-          Цаг гарган ярилцсан таньд баярлалаа. Ярилцлагын  төгсгөлийг таньд үлдээе.  

-    Хань Одбаяр, гурван охин,  ээж маань  итгэл хүлээлгэж, дэмжиж байсанд баярлалаа. Мөн “Чийрэг Монгол” клубын захирал, мистер Э.Ганзориг миний багш. Тэмцээнд алтан медаль авахаас илүүтэй  амьдралын том медалыг надад  өгсөн. Өөрөө өөрийгөө өөрөөр харах, үр хүүхдэдээ мундаг ээж болж харагдахад, тэсвэр тэвчээрийг надад өгсөнд баярлалаа.