Бид эх дэлхийгээ “Цэнхэр гариг” хэмээн нэрийддэг.  Учир нь дэлхийн   гадаргуугийн гуравны хоёр нь усаар бүрхэгдсэн байдгаас ийн хэлдэг билээ.

Үүнээс үзвэл,   энэ  их далай тэнгис байхад бид яагаад усны дутагдалд орох билээ гэж бодох нь лавтай. Гэтэл өнөөдөр дэлхий дээрх тэрбум гаруй хүн цэвэр усны дутагдалтай нөхцөлд амьдарч байна шүү дээ.

Дэлхий дээрх усны нийт нөөцийн 97.4 хувийг далайн давстай ус эзэлж байдаг. Харин Гренландын арал, Гималай, Анд, Альп зэрэг өндөр уулын цас мөс үлдсэнийх нь талаас илүү хувийг  эзэлдэг аж. Ингээд ганцхан хувь нь л бидний чандмань эрдэнэ гэж нэрлэх цэвэр усанд ногддог байх юм. Үүнээс үзвэл бид нэг хувийн цэвэр усаа гамнаж хэрэглэх шаардлага зүй ёсоор тулгараад байна.  

Гэтэл бид  усаа хайр гамгүй хэрэглэснээс зарим улс орон аль хэдийнэ усны хомсдолд орчихоод байна. Усны хомсдол бол зөвхөн хэдэн улс оронд биш нийт хүн төрөлхтний ирээдүйд  нөлөөлөх асуудал билээ. Та бидний ахуйн болоод үйлдвэрлэлд хэрэглэх усны хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь аюулыг улам бүр хурдасгаж байх шиг. Яг л   Болгарын алдарт зөнч Ванга эмээгийн зөгнөснөөр "Дэлхий дээр усны төлөөх дайн болох магадлалтай" гэсэн үг биеллээ олоход тун ойрхон болоод байна.

 Улс орноо хөгжүүлж, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх нэрийн дор бид усыг ёстой л баруун солгойгүй  урсгаж байгаа. Харин энэ их замбараагүй хэрэглээний хор уршгаар  усны хомсдол бий болох хэмжээнд хүрчээ. Түүнээс гадна бидний өдөр тутам хэрэглэж буй усны хэмжээ хэрээс хэтэрсэн гэхэд болно. Хамгийн ойрын жишээ, орон сууцанд амьдарч буй иргэд шүдээ угаахдаа л нэгээс хоёр литр ус зарцуулж байдаг. Үүнтэй холбоотойгоор судалгаа явуулахад  нэг хүн ойролцоогоор  өдөрт 400 орчим литр ус хэрэглэдэг гэсэн дүн гарчээ.

Манай улс төв Азийн цээжнээ хоёр том гүрний дунд дэлхийн нийт хүн амын өчүүхэн бага хувийг эзлэн оршдог. Гэхдээ бидний хөх сувд Хөвсгөл нуур дэлхийн цэвэр усны нөөцийн хоёр хувийг дангаараа агуулж байдаг.  Иймд бид тайвширч болох ч цэвэр усны хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байгаа нь  сэтгэл түгшээж байгаа  юм.

Нэг хүнд ногдох усны жилийн хэрэгцээ 1000 шоо метрээс буурахад тухайн орныг усны ноцтой хомсдолд орсон, 500 шоо метрээс бага бол  улс орон оршин тогтнох боломжгүй болсон гэж үздэг байна.  Африкийн Сахарын цөлийн хойд болон дунд хэсэг, Ойрхи Дорнодын ойролцоогоор 40-50 оронд усны асуудал хамгийн хүндрэлтэй болсон нь судалгаагаар гарчээ. Гэтэл энэ орнуудад 2025 он хүртэл хүн амын өсөлт хамгийн их нэмэгдэх хандлагатай байгаа аж. Энэ бол үнэхээр сэтгэл эмзэглэм тоо баримт.  Хүн ам ийнхүү нэмэгдэх төлөвтэй байгаа орнуудад усны хомсдол нүүрлэнэ гэдэг нь тухайн улсын иргэдийг зүгээр л “үх” гэснээс ялгаагүй юм.  Дэлхий нийтийн жишгээс харвал, хөгжиж байгаа болон буурай орнуудын тухайд усны хэрэглээ жил ирэх тутам нэмэгдэж буй тооцоо бий.

Тиймээс бид ч усны хэрэглээгээ хянаж байх нь чухал болоод байна. Хэзээ ч  шавхагдашгүй хэмээн бодож  байтал дэлхий дахинаа усны хомсдол хэдийнэ нүүрлээд эхэлчихлээ. Бидэнд ч бас энэ аюул нүүрлэхгүй гэх баталгаа байхгүй учраас хүн бүр ухамсарлаж, хэрэглээгээ хянах цаг хэдийнэ болжээ.

Б.Хорлоо