Буриадын сэтгүүлч Вла­димир Бадмаевын нийт­лэлийг орчуулан хүргэж байна. 
 
Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад Ерөн­хий­лөг­чийн ээлжит сонгууль дуу­­­лиан, шуугиангүйхэн болж өндөр­­­­­­лөлөө. Энэ сон­гуульд Ард­чилсан намын төлөөлөгч Цахиагийн Элбэг­дорж сонгог­чдын та­лаас илүү хувийн санал авч, төрийн тэргүү­нийхээ суудалд үлдсэн. 
 
 
Оросоос хараат бус байдал
 
Бид түүнийг дахин сонгогдох нь хоёр орны харилцаанд, ялангуяа Бу­риад, Монголын харил­цаанд ямар үүрэгтэй вэ гэдгийг тайл­барлахыг оролд­лоо. Энэ талаар даваа гарагт Буриадын их сургуульд тал нутгийн эрдэмтэд оролцсон Орос-Монголын харилцааны сэдвээр олон улсын дугуй ширээний ярилцлагын үеэр  хөндсөн.
 
Ер нь ирээдүй тийм ч таатай харагдахгүй байна. Өнөөгийн сонгогдсон Ерөн­­хий­лөгчийн гол бодло­гуудын нэг нь улс орноо эрчим хүчний өөрсдийн эх үүсвэрээр хангах явдал юм. 
 
Тухайлбал нефть боловсруулах үйлдвэр ба­рих, дулааны болон усан цахилгаан станц байгуулах, эрчим хүчний өөр эх үүсвэрийг эрэлхийлэх зэрэг багтжээ. 
Энэ нь Орос-Монголын худал­даанд томоохон цохилт болно гэ­сэн үг.
 
Учир нь Монгол Улсын манайхаас импортолдог үндсэн ба­раа бүтээгдэхүүнд неф­тийн бү­­­­тээг­дэхүүн, цахилгаан эр­­­­чим хүч ордог. Хэрвээ Ц.Элбэгдоржийн төлөвлөгөө хэрэгжвэл Монгол Улс эрчим хүч, нефтийн бүтээг­дэхүүн импортлогчоос эк­порт­­логч болон хувирна.
 
Энэ нь Ерөн­хийлөгчийн сонгуулийн өмнөх хөтөлбөрт тусгасан Орос, Хятад гэсэн хөршүүд, түүнчлэн “гуравдагч хөрш” АНУ-тай харилцаагаа хөгжүүлнэ бусад тунхаглалын чанартай заалтыг үгүй хийж байгаа юм.   
 
Гэтэл Буриадын үйлд­вэр­лэгчид Монголын ма­хыг худалдан авах нь эрс багасч байна. “БМП-Агро” компанийн захирал Александр Венедиктовын хэлснээр Монго­лоос мах оруулж ирдэг байсан тус үйлдвэр Өмнөд Америк зэрэг шинэ зах зээл хайхаас өөр аргагүй болж байгаа гэнэ.
 
Энэ нь Монголоос импортолдог мах Оросын эрүүл ахуйн албаны шаардлагад ний­цэхгүй байгаатай холбоо­­той юм байна. Харин Монголын ноосыг Оросын даавууны үйлдвэрүүд аль эртнээс сонирхохоо больжээ.
 
 
Усны төлөөх хүч тэнцвэргүй тулаан
 
Үүнтэй зэрэгцээд Мон­голын зах зээлд Оросын нөлөөлөл ч багасч байгаа нь тус улсын бодлогод нөлөөлөх хөшүүрэг болж байна. Монголчууд эрчим хүчний салбарт тусгаар тогтнолоо олчихвол манай улс тэдний хувьд зөвхөн экспортлох сонирхол бүхий талбар болно.
 
Ингэхдээ ядаж усны нөөцийн тэмцэлд хөшүүрэг хэрэгтэй. Өмнө нь бид монголчуу­дыг Сэлэнгэд усан цахилгаан станц барих гэж байгаа тухай бичиж байсан. Ингэснээр Байгал нуурт томоохон цохилт болно. Гэхдээ энэ бол ердөө олон төслийн нэг.
 
Цаашид говьд нүүрс олборлохын тулд Монгол Улсын Засгийн газар тийш нь ус хүргэх бодит асуудал гарч ирнэ. Үүндээ тэд Орхоны усан цахилгаан станц барьж, энэ голын усыг урагш нь урсгах бэлэн төсөлтэй. 
 
Монголын ШУА-ийн Олон улсын хүрээлэнгийн профес­­сор Даваасүрэн “Бид зах зээлийн эдийн засаг­­­­­­­тай ний­­гэмд аж төрж байна. Энэ бол юун түрүүнд аш­­гийг хардаг. Тиймээс бид хэнтэй нь худалдаа арилжаа хийвэл ашигтай, хэнтэй нь ашиггүй вэ гэдгээ шийднэ.
 
Эдийн засгийн үүднээс авч үзвэл Монгол Улс өмнөд хөрштэйгөө худалдаа хийх нь илүү ашигтай” гэжээ. Өнөөдөр Монгол Улсын хувьд Хятадад нүүрс, ашигт малтмалаа худалдах нь ашигтай. Харин хэдийн төлөвлөгөөндөө цахилгаан эрчим хүч, нефтийн бүтээг­дэхүүнээ худалдвал ашигтай гэнэ.
 
Тиймээс Монгол Улс эдийн засгийн хүчтэй лобби явуулаад ч усаа урагш урсгах төслөөсөө татгалзахгүй л болов уу. Учир нь энэ нь цаашдын хөгжилд нь чухал нөлөөтэй юм. Хэдийгээр монголчууд Хятадтай харил­цаагаа гүнзгийрүүлэх нь аюултай гэдгийг ойлгож буй ч Даваасүрэнгийн ярьснаар тэд үүнээсээ татгалзаж чадахгүй болжээ. 
 
 
Зөвхөн бизнес
 
Тэгэхээр Монгол Улс Хятадтай илүү худалдаа, арилжаа хийж, ОХУ, Буриадын экологийн асууд­лыг бага анхаарах төлөв­тэй байна. Энэ бол ямар нэгэн хувийн шалтгаантай холбоотой бус, зөвхөн бизнес гэнэ. Гэвч ОХУ гэрээ хэлэлцээ хийх үедээ хувийн харилцаанд тулгуурладаг.
 
Төрийн Думын гишүүн Михаил Слипенчук өнгөрсөн сарын 27-нд болсон хэвлэлийн бага хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй Сэлэнгийн усан цахилгаан станцын асуудлаар биечлэн уулзаж тохиролцоно гэжээ. 
 
Тэрбээр “Бид Байгал нуурын ёроолд хоёр цаг гаран хамт байхдаа экологийн асуудлаар их зүйл ярилцсан. Ц.Элбэгдорж Байгал нуу­рыг маш их хүндэтгэж, хайрладаг бөгөөд энэ нуур Монголоос хамааралтай гэдгийг сайн мэднэ. Түүнийг албан ёсоор тангаргаа өргөмөгц би захидал бичиж, энэ асуудлаар уулзаж ярилцана.
 
Шууд харилцаа хамгийн сайн, хурдан арга байж магадгүй” гэжээ. Хувийн харилцаа холбоо эдийн засагт нөлөөлж чадна гэдгийг таамаглахад хэцүү. Ц.Элбэгдорж да­хин сонгогдлоо гэдэг нь тус улсын хүн ам өмнөх хугацаандаа явуулж байсан бодлогыг дэмжиж байсан гэсэн үг гэдгийг л тэмдэглэх үлдлээ. 
 
Үүнийг цифрээр харвал Монгол Улсын гадаад худалдааны эргэлтэд Оросын эзлэх хувь сүүлийн дөрвөн жилд 23-аас 17 хувь болтлоо буурчээ. Гэтэл Хятадын эзлэх хувь бараг 10 буюу 44-53 хувь болтлоо нэмэгдсэн байна. Эдгээр цифр л улстөрчийн хувийн уулзалт, Монголын Ерөнхийлөгч Буриадад, Оро­сынх Улаанбаатарт айл­чилснаас илүү зүйлийг хэлж байгаа юм. 
 
Тэгэхээр хуучин Ерөн­хийлөгч дахин ажил­лахад хоёр орны харилцаанд томоохон өөрчлөлт гарахгүй, муудаж буй өнөөгийн байдал  хэвээр  байна гэж хэлмээр байна. Оростой худалдаа хийх нь талын оронд ашиг­гүй.
 
 
Эх сурвалж: