Монголд “хулхи брэнд” галзуурч, франчайзын хууль үгүйлэгдэж байна
2013/01/21
-Франчайзаар орж ирсэн бүтээгдэхүүнүүд үндэсний үйлдвэрлэлийг боомилж байна-
Junk food-ын үер буух нь
“Моод Монголоор дуусдаг” гэж гашуун ч гэсэн үнэний хувьтай үг бий. Энэ үгийн үнэнийг олон жишээгээр баталж болно. Иргэдийнх нь боловсрол дорой, ядуу улс оронд зочилдог, улмаар уг улс орныхоо валютыг бэлнээр нь гадагш урсгадгаараа олон оронд жигшигдэж, өдрөөс өдөрт гишгэх газаргүй болж байгаа “сүлжээний бизнес”-ийн сүүлчийн хоргодох газруудын нэг нь Монгол Улс болж байгаа жишээ байна.
Монголын валютыг хангалттай сорсон бэртэгчин этгээдүүд одоо “тэнэг” иргэдтэй бусад улс орнуудыг хайн бэдэрсээр. Монгол хүмүүс ч үүнд идэвхийлэн оролцож буй. Тэгвэл сүлжээ шиг зочилсон улс орондоо өвчин зовлонгоос өөр “ашиг” өгдөггүй “түргэн хоолны газар” хэмээх гамшиг Монголд маш хурдацтай түгэн дэлгэрч байна. Харамсалтай нь зарим нөхдүүд энэ төрлийн бизнесээр танигдсан компаниудыг өөрсдөө гуйж, улсдаа нэвтрүүлж байх юм.
Үйлчлүүлэгчээ хааяа, хааяа түүхий тахиагаар дайлчихдаг гэмтэй Солонгосын “ВВQ Chicken”-ийг “яая” гэж байхад “Таван богд” групп KFC /Kentukky Fried Chicken/ хэмээх түргэн хоолны газрыг Монголд нээх болсон гэнэ. Таргалалт, чихрийн шижин гээд халдварт бус өвчнүүдийн гол шалтгаан болдгоороо дэлхий нийтэд “Junk фүүд” хэмээн ад үзэгдсэн түргэн хоолны газрууд Монголоор дүүрлээ.
Франчайзын хууль үгүйлэгдэж байна
Дээр өгүүлсэн Junk food-ын үер Монголыг голчлон дайрч байгаа нь манай улсад франчайзын тусгайлсан хууль байдаггүйтэй холбоотой. Аль нэг гадаадын чамин брэндийн нэрээр иргэдийн тархийг угаах бизнес Монголд орж ирээд удаж байгаа ч багасах нь битгий хэл улам л өргөжин тэлж байгаагийн гол хөдөлгөгч хүч нь франчайзын бизнес юм. Харамсалтай нь ийм бизнесийг дэлхий нийтэд нэгэнт хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд хүчээ авч байгаа аж. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч бараа бүтээгдэхүүн үйлчилгээндээ тусгай стандарт тогтоон, түүнийгээ бусдад ашиглуулахыг франчайз гэж хэлдэг.
Эдийн засгийн ухаанд франчайзыг “өөр бизнесийн (франчайз эзэмшигч) барааны тэмдэг, худалдааны нэрийг ашиглаж бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд гаргах эрхтэй хувь хүн эсвэл хэсэг бүлэг хүмүүс, тэднээс франчайз хүлээн авагч хоёрын хооронд тусгай гэрээгээр үүссэн бизнес харилцааг хэлнэ” хэмээн томъёолжээ. Хар ухаанаар бодвол, нэг нөхөр том, амттай бууз, сайхан амттай цай “Шарсан бууз” хэмээх цайны газар нээж, түүнийгээ олны танил болгоно.
Дараа нь нийтийн хоолны бизнес эрхлэхээр шийдсэн ч эргэлтийн хөрөнгө тийм ч их биш учраас “олонд танигдахаасаа өмнө дампуурчих вий” гэж айсан, аль эсвэл зүгээр л шууд олонд танигдсан газрын нэрийг ашиглаж хурдан баяжих гэсэн залхуу нэгэнд нэрээ ашиглуулна гэсэн үг юм. Энэ бол бизнес эхлэх гэж байгаа хүмүүсийн хувьд бас ч үгүй давуу тал олгодог гэж байгаа юм шүү.
Манай компаниуд гаднаас франчайзаар брэнд оруулж ирсэн хамгийн тод жишээ нь ЭмСиЭс-ийнхэн “Кока Кола” брэндийг үйлдвэрлэх эрхийг авсан явдал. Франчайзийг дотор нь үйлдвэрлэлийн, үйлчилгээний, худалдааны гэсэн ерөнхий бүлэгт ангилдаг.
“Yйлдвэрлэлийн франчайз нь эрх шилжүүлэгчээс /franchisor/ олгосон эрхийн дагуу ямар нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахад чиглэдэг бол үйлчилгээний франчайз нь янз бүрийн үйлчилгээг (зочид буудлын, засварын, гоо сайхны гэх мэт) аль болох өргөн хүрээнд хүргэх зорилготой байдаг. Харин худалдааны франчайз нь зарим нэг онцлог шинжтэй бүтээгдэхүүнийг борлуулахад чиглэдэг байна /эх сурвалж Б.Бумбаа/”.
Франчайзаар орж ирсэн брэндийг “хулхи” гэхийн учир
Кока колагийн франчайз бол үйлдвэрлэлийн франчайз. Франчайзер компани франчайз хүлээн авагчид бүтээгдэхүүний жор тусгай бэлдмэлүүдийг нийлүүлдэг. Үйлчилгээний франчайзад ч мөн адил. Гэхдээ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эдийг тухайн орон нутгаасаа авдаг.
Тийм ч учраас өөр франчайз компанийн үйлдвэрлэсэн нэг брэндийн бүтээгдэхүүнүүд хоорондоо адилгүй. АНУ-д үйлдвэрлэсэн кола Монголд үйлдвэрлэсэн кола хоёр ялгаатай. Ядаж ус нь ялгаатай байдаг учраас. Бас тухайн компани жороо яг 100 хувь бусдад франчайзлах нь бараг л байдаггүй. Түргэн хоолны газруудад ч адил.
Жишээ нь, түргэн хоолны газар гэхэд улс болгонд өөр. Америкийн түргэн хоолны газарт Америкийн байгальд бий болсон, тэндхийн ургамлаар хооллосон тахиа байгаа. Амт нь эндхийн тахианаас шал өөр. Америкт америк тахиа, Монголд монгол тахиа байдаг, тэдгээр нь амтаараа ялгаатай гэж ойлгож болно. Тэгвэл франчайзер компанийнхтай адилхан байлгахын тулд BBQ Chicken Солонгосоос, KFC АНУ-ын Кентаккигаас тахиа импортлох уу гэвэл түүн шиг худлаа зүйл үгүй. Тухайн газрынхаа тахиагаар л хийнэ. Гэтэл манайд тахиа байхгүй. Одоо л дөнгөж өндөгний хэрэгцээгээ хангах гэж яая даа гэж байгаа улс махны чиглэлээр тахиа өсгөх болоогүй. Өндөглөх чадваргүй, хөгшин болсон хэдийгээ л махалж байгаа байх.
Шуудхан хэлэхэд, манайх махны чиглэлээр тахиа үржүүлэх болоогүй байна. Тиймээс Монголд хэрэглэгдэж байгаа бүх тахиа урд хөршөөс орж ирдэг. АНУ-ын тахиа америк, Монгол тахиа монгол амттай байдаг ёсоор Монголд нээгдэх гэж байгаа Америк нэртэй шарсан тахиа ч “хятад”, Солонгос шарсан тахиа ч хятад амттай. Монголчууд бид үнэхээр хэнэггүй болохоороо л ийм “хятад амттай” мөртлөө Америк, Солонгос гэсэн нэртэй хулхи шарсан тахиаг зооглож байна. Гадны брэнд нэр ашиглаагүй ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүд ч хятад тахианы махаар үйлдвэрлэл явуулж байгаа юм.
Франчайз хүлээн авагч компаниуд үндэсний үйлдвэрлэлийг боомилдог
Франчайзын давуу тал гэж байдаг шиг сул тал гэж бас бий. Их хэмжээний мөнгийг франчайзын төлбөрт урьдчилж төлдөг, франчайз эзэн компаниас өгсөн дүрэм журамд захирагдах, үнэнч байх, өсч томрох нь хязгаартай байдаг зэрэг сул талтай байдаг юм байна.
Монголд байгаа франчайз үйлдвэр ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Монгол компаниудаа дарладаг. Дэлхийд нэртэй бүтээгдэхүүний нэрийг бариад үйлдвэрлэл явуулахаар ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрүүд өрсөлдөх чадвар дутдаг гэсэн үг. Худалдан авагчид сонголтоо хийхдээ нэрийг чухалчилдаг нь ийм байдалд хүргэдэг байна.
Гэвч ийм компаниуд нь үндэсний үйлдвэрлэгчдийг нухчин дарсан хэрнээ хэзээ ч өөрөө бие даахгүй гэсэн үг. Жишээлбэл, үндэсний хэмжээнд ундааны үйлдвэрлэл явуулдаг Монгол үйлдвэрүүд франчайз компаниудад дарлуулсаар, өсч дэвжих бололцоо нь тодорхой хэмжээнд хаагдаж байгаа юм. Тиймээс дэлхийн улс орнууд франчайз компаниудыг оруулж ирдэг ч тодорхой хэмжээнд хязгаарлаж барьдаг. Тусгай хуулиар энэ асуудлыг зохицуулдаг. Харин Монголд франчайзыг хуулиар тусгайлан зохицуулдаггүй.
Ийм хууль гаргахыг бизнес эрхлэгчид шаардаж байгаа ч одоо болтол хойргошин суусаар байгаа нь франчайз компаниудын эрх ашгийг хамгаалдаг нөхдүүд төрд байгаагийн гэрч юм. Хэрвээ Франчайзын тухай хууль батлагдаж гарвал өөрийн гэсэн онцлогтой, чанартай Монгол брэндийг дэлхийд түгээх ч боломж бүрдэх юм. “Брэнд” гэдэг нь тухайн бүтээгдэхүүн чанар, бусад онцлогоороо хэрэглэгчдэд танигдсан байдлыг хэлдэг гэж боддог.
Тэгвэл Монголд үйлдвэрлэгдэж байгаа чанартай бүтээгдэхүүнүүд ч үнэн хэрэгтээ брэнд. Харамсалтай нь Монголд дандаа хэрэггүй Junkfood л франчайзаар орж ирэх юм даа. Хууль санаачлагчид аа. Хоосон нэрээр ард түмнийг хууран мэхэлж, гадаад руу их хэмжээний валют өгч байгаа франчайз хүлээн авагч компаниудыг хазаарлах цаг болжээ.
Х.Батсайхан
InosyVob · 2013/06/04
buy priligy is quantity the generic priligy prescription that is at in the hawk in the interest priligy no prescription the treatment of erectile dysfunction in men. dapoxetine comes in tablet fm that provides skilled priligy uk pleasures to men misery from this dapoxetine online complication. http://www.freewebs.com/priligylive/#topic1126 priligy