Залуус лед гэрлээр гайхамшигийг бүтээж байна
2015/01/26
Өнгөрсөн намар Баян-Өндөр сумын Уртын гол багт “Эрдэнэт лед” гэрлийн үйлдвэр байгуулагдсан нь Монголд анхдагч байлаа. Энэ үйлдвэрийг манай Баяжуулах фабрикийн цахилгаан электроникийн инженер дөрвөн залуу хүсэл, зорилго, сэтгэл нэгдэн байгуулсан гэхэд ажиллагч бидний бахархал эрхгүй төрнө. Эрдэнэт хотын аж үйлдвэрийн паркийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох дэвшилтэт технологид суурилсан “Эрдэнэт лед” гэрлийн үйлдвэрийнхэн гурван сарын хугацаанд Орхон аймгийн албан байгууллага, айл өрхүүдэд эрчим хүчний хэмнэлттэй, чанартай гэрлээр өнгө нэмсэн.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж Нутгийн удирдлагын ордон, ”Эрдмин”, “Эрдэнэт хивс”, “Чингисийн чулуу” ХХК, Худалдаа хөгжлийн банк, МУИС, Мобикомын Орхон аймаг дахь салбар, “Зохимж” , “Танил талст” болон хүнсний нэрийн дэлгүүрүүд, “Төгөл” группын “Чингис” ресторан, Наран, Баян-Өндөр цогцолбор, XIII сургууль, VI бага сургууль, “Энэрэл” төв, БОЭТ, Жаргалант сумын эмнэлэг, “LIKE” авто угаалгын газар, Хүнсний “Хүлэг” зах зэрэг байгууллага “Эрдэнэт лед” гэрлийг сонгон хэрэглэж байна. Эдний хэрэглэгчид Эрдэнэтээр хязгаарлагдахаа хэдийнэ больжээ
. Төв аймгийн Заамар сумын Хайлааст багт, Архангай аймгийн Өндөр-Улаан суманд хүртэл хүрсэн байна. Гурван минутанд нэг гэрэл үйлдвэрлэх хүчин чадалтай уг үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хүмүүс улайсдаг гэрлээс цахилгааны зарцуулалт 8 дахин бага, байгальд ээлтэй, хог хаягдалгүй, ашиглалтын хугацаанд засвар үйлчилгээний зардал хэмнэсэн олон давуу талтай хэмээн амнаас ам дамжин сурталчилах болов. Орхон аймгийн удирдлагууд ч тус үйлдвэрийг дэмжиж төв гудамж дагуух мушгиа боргоцой хэлбэрийн чимэглэлийг хийх ажлыг даалгахад залуус 14 хоногийн дотор 1000 гаруй гэрэл үйлдвэрлэн монтажилж байрлуулсан нь өнөөдөр хотын өнгө үзэмжийг нэмэн гэрэлтэж байна. “Эрдэнэт” үйлдвэрээр овоглосон залуус өнгөрсөн 11-р сараас эхлэн малчдад болон аялагчдад зориулсан 12 в-н лед гэрлийг үйлдвэрлэж орон даяар борлуулах боллоо. Эрдэнэт хотын барааны захад байрлах малчдын “Зэв” дэлгүүрийн борлуулалт сайтай барааны нэг болж амжсан. Тэд бүтээлч санаагаар жинхэнэ инноваци хийж, эрч хүчтэй, хурдтай ажиллаж байна. Залуус 2015 онд үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа өргөтгөж гудамжны лед дэлгэц, урсдаг самбар үйлдвэрлэж, зарим бүтээгдэхүүнээ ОХУ-д экспортлох төлөвлөгөөтэй бөгөөд анхны урсдаг самбараа хийгээд IV сургууль дээр байрлуулжээ. Харин лед дэлгэцийн туршилтын загвар хийх ажилдаа тэд ханцуй шамлан ороод байгаатай таарлаа. Лед гэрлийн утсыг “Эрдмин” компаниас авч хэрэглэж байгаа юм байна. Эрдэнэтийн үйлдвэрлэгчид бие биеэ дэмжин ажиллаж байгаа нь сайхан санагдсан. “Мэдлэгт суурилсан Эрдэнэт“ бүтээмж инновацийн хөтөлбөрийг дэмжиж байгуулагдсан лед гэрлийн үйлдвэрийн залуусын мөрөөдөл, зорилго үүгээр зогсохгүй. Тэд хөнгөнцагаан хайлуулах үйлдвэр байгуулах хүслээр жигүүрлэн явна. “Эрдэнэт” үйлдвэрийн оюунлаг, чадварлаг залуус зорьсондоо хүрдгийг харсан.
Энэ удаа ч эргэлзэх хэрэг алга. “Эрдэнэт лед” гэрлийн үйлдвэрийн ажилчдын дийлэнх нь Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль төгсөгчид байгаа нь бидний бас нэгэн бахархал юм. Орхон аймгийн болоод Монгол улсын үндэсний үйлдвэрлэл, технологийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа залуус өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэртээ ажиллаж байна. Лед гэрлээр гайхамшигийг бүтээгч Баяжуулах фабрикийн Цахилгаан хөтлүүр-Автоматжуулалтын хэсгийн тохируулагч инженер Т.Барс, Г.Түвшин, Бултан тээвэрлэх хэсгийн цахилгаанчин Д.Мөнхбаяр, Засвар угсралтын цехийн цахилгаан механик Ц.Гүррагчаа нар “Эрдэнэт” үйлдвэртээ бол хүдрээр баялаг бүтээгчид юм. Залуусын хөдөлмөр шингэсэн бүтээгдэхүүний мэдлэгт суурилсан үйлдвэрлэлд амжилт хүсье.
- See more at: http://erdenettoday.mn/index.php/production/item/286-2015-01-26-03-12-00#sthash.WNdU05mI.dpuf