​“Новш гэж”...Хууль зүйн сайдын учир битүүлгээр цухалдан хэлсэн үг цахим ертөнцөд лав нэгэнт “Хит” болчихож.  Монгол Улсын хууль зүйн салбарын түүхэнд анх удаа сайд нь ЦЕГ-ын даргатайгаа түнжин хагарсан тохиолдол гарсан.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, ЦЕГ-ын дарга Б.Билэгт нарын хоорондын нууцхан зөрчил олны анхаарлыг татсан. Үнэндээ сүүлийн 20 гаруй жилд үе үеийн Хууль зүйн сайдууд ЦЕГ-ын даргатайгаа эвийн цавуугаар наасан мэт эв түнжинтэй хамтарч ажилладаг байсан болохоор арга ч үгүй юм. Х.Тэмүүжин сайдын хувьд албан тушаалаасаа хагацан салахаас үл эмээн шударга үнэний төлөө зүтгэх том төлөвлөгөөтэй байгаагаа олон нийтэд байнга шахам зарладагаараа онцлогтой. Тэрбээр сайдын ажлыг авсныхаа дараахан буюу 2012 оны наймдугаар сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хүн солих нь асуудал биш. Шинэ удирдлагуудыг Х.Тэмүүжиний хүн гэж хардах хэрэггүй. Зөвхөн шилдэг мэргэжилтэн байх болно” хэмээн мэдэгдсэн. Үүнээс тавхан хоногийн дараа ЦЕГ-ын даргаар Бригадын генерал Б.Билэгтийг томилсон юм. Мах бэлтгэлийн коннторт ачигч, ТЭЦ-2 цахилгаан станцад слейсарь, СОТ-2 барилга трестэд нягтлан бодогчоор ажиллаж байсан тэрбээр 1990-ээд оны эхэнд “сэргэн мандсан” сэргэлэн нэгэн билээ. Түүнээс хойших Б.Билэгтийн намтар үнэхээр “гоё” шүү.

МоАХ, “Ардчилал” сонинууд түүний нэрийн хуудас болж улмаар тухайн үеийн Хүнс, хөдөө аж ахуйн яаманд газрын дарга, Монголын радио телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга...Цагдаагийн ерөнхий газрын дарга. Энд Б.Билэгтийн гэнэт асаж эхэлсэн түүх сонин болохоос мэдлэг боловсрол багатай гэсэн хэрэг биш. Харин Х.Тэмүүжин сайдын хэлсэнчлэн “Миний томилгоо-Зөвхөн шилдэг мэргэжилтэн” гэх тодотголд хэр нийцэх бол. Төрийн албанд 12 жил ажилласан гэхээс өөрөөр “гялтайх” зүйл түүний танилцуулгад байгаагүй. Энэ нь ч томилогдсоных нь дараахан салбарынхаа “асс”-уудын “аллерги”-г хөдөлгөж зарим нь түүний урьд хождын паянгаас аль сөргийг нь эргэн сануулахад хүрсэн. Уг нь ЦЕГ-ын шинэ удирдлагууд, тэр тусмаа дэд дарга болон яамны аппаратын ажилтнуудын сонголт “престиж” байж чадсан нь үнэн. Гэтэл улс төрийн “хүч, дарамт” үл мэдэг ханхалсан дээрх томилгоонд л олон нийт эгдүүцсэн хэвээр буй.

Ямартай ч Х.Тэмүүжин сайд, Б.Билэгт дарга нарын хэн хэн нь одоохондоо чимээгүй байхыг хүсэж байна. Гэхдээ тэдний “нүд, чих” хаа сайгүй ажлаа хийж яваа нь тодорхой. Ийнхүү нам жим байтал мөнөөх дуулиант “эрүүдэн шүүх хэрэгсэл буюу тамлагааны сандал”-ны асуудал мандсан. Яг тэр үед Хууль зүйн сайд маань ЦЕГ-ын даргад бус тус газрын тэргүүн дэд даргатай хариуцлага тооцоод халчихсан нь олон нийтийг гайхашруулсан. Төд удалгүй “Тэр малыг тэвчих арга алга....Новш” гэх алдарт хараалаа “айлдсан” юм. Үүнийг хэнд хандаж хэлснийг улс төрийн хүрээнийхэн хуулийнхнаас ч илүү хурдтайгаар “эрэн сурвалжилсаар” ЦЕГ-ын дарга Б.Билэгтэд хаягласан байж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлсэн. Нээрээ ч байж болох хувилбар.

Мэдээж Х.Тэмүүжин сайд тэрхүү сандлыг захиалсан, тараасан эздийг олж хариуцлага тооцоход тулбал нэг гарын үсэг олдож таарна. Тэр нь арай ч тэргүүн дэд даргынх биш болов уу. Тэгэхээр ЦЕГ-ын дарга Б.Билэгт гайтай сандлыг захиалсан албан бичигт гарын үсэг зурсан төдийгүй Хууль зүйн сайдын “хариуцлага тооцох ээлжит бай” болсон байж мэдэх юм. Гэтэл өнгөрсөн 20 гаруй жилийн турш АН-ыг өнгөтэй өөдтэй яваа цагт “өрмийг нь хусч” хамгийн ашигтай албан тушаалыг “зайдалсаар” ирсэн Б.Билэгт “шударга” Х.Тэмүүжинээс айх уу. Түүнд улс төрийн хамгаалалт, Х.Тэмүүжинг “дуугүй байлгах” хүч, нөлөө байхгүй гэж үү.

Магадгүй хамгийн том хамгаалалт нь МоАХ-ны “лидер”-үүд ч байж болох юм. Ингээд амаа таглуулж, эрх мэдлээ бүрэн дүүрэн эдэлж чадаагүй сайд хараал урсгаад хоцорсон байж болох юм. Гэвч “шаардлагатай масс” түүнийг мэдэрч байгаа. Х.Тэмүүжин ч сайдын ажлаа ширүүхэн эхэлсэн. Эрчимтэй өрнүүлж яваа. Хэрэв ажлаа өгөхөд хүрвэл тэр нь улс төрийн шалтгаан байх болно гэдгийг “шударга ёсоор цангасан” фенүүд нь хэзээд ойлгоно. Харин салбарын сайд нь ЦЕГ-ын даргатайгаа таарамж муутай байгаа ийм нөхцөл байдлыг ойрын үед “амсаагүй” харьяа агентлагийнхан л “шархаа хөндүүлсэн” мэт таагүй байна. Иймд Б.Билэгтийн “хуяг, цайз” мэт улс төрийн хамгаалалтыг хэзээ, хэн, хэрхэн сэтлэхийг хүлээсээр байгаа бололтой.

 

У.Оргилмаа