Манай улсын ажилгүй иргэдийн тодорхой хувийг их, дээд сургуулийн диплом өвөртөлсөн сэхээтнүүд бүрдүүлж байдаг. Дээд сургуульд л элсэж байвал ямар сургууль, ямар мэргэжил байх нь хамаагүй хөлтэй бүхэн оюутан болж, диплом өвөртөлсөөр .

Ийнхүү насанд хүрсэн иргэн бүхэн дээд боловсролтой болчихоор шавар хийж, тоосго өрөх хүнгүй шахам болсон гэхэд хилсдэхгүй. Нэгэнт л мэргэжилтэй сэхээтэн болсон тэд ажлыг голж, хэртэй л бол туслах ажил хийдэггүй.

Арга ч үгүй биз. Хүссэн мэргэжлийнхээ дагуу их, дээд сургуульд элсье гэхэд хаалга үүд нь нээлттэй болсон юм чинь. Манай улсад  улсын болон хувийн өмчит 172 их дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж , эдгээрт жил бүр хэдэн мянган оюутан бэлтгэгдэж байна. Эдгээр оюутнаас цөөнгүй хувь нь хөдөө, орон нутгаас ирж суралцаж байна. Тодруулж хэлвэл,  дээрх их, дээд сургуулиудын дал гаруй хувь нь нийслэл хотод ажиллаж, үлдсэн хувь нь хөдөө орон нутагт мэргэжилтэн бэлтгэж байна.

Оюутан болсон анхны намраас эхлээд л шинэхэн оюутнуудад  элдэв асуудал тулгардаг. Жилээс жилд нэмэгдэж буй сургалтын төлбөр, оюутны дотуур байр, хичээлийн сурах бичиг, автобусны хөнгөлөлтийн карт  гээд л асуудал мундахгүй. Энэ бүгдийг давахын тулд хэдэн зуун мянга биш хэдэн саяаараа мөнгө хэрэгтэй. Ёстой л дөрвөөс зургаан жилийн хугацаанд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж амьдарна. Жил бүр зээл авч, мал ахуйгаа зарж борлуулан суралцаж төгсөхөд ажлын байр олдохгүй зовооно. Арга ч үгүй юм. Бүгд л эдийн засагч, хуульч, нягтлан болчихсон юм чинь. Их дээд сургуулиуд ашгаа бодон ажлын байрнаасаа хэд дахин илүү оюутан элсүүлчихдэг.  Энэ байдал жилээс жилд нэмэгдэж одоо бүр хэрээс хэтэрч байна. Аль болох олон оюутан элсүүлж, ашиг олж л байвал төгсөгчид нь хаана, ямар ажил хийх нь тэдэнд тийм чиг чухал биш.

Тэгэхлээр тухайн их, дээд сургуулийг үнэлэхдээ төгсөгчид нь ажлын байраар хэр хангагдсанаас нь шалтгаалж дүгнэвэл энэ байдал тодорхой хэмжээнд өөрчлөгдөнө хэмээн иргэдийн цөөнгүй хувь нь үзэж байна. Үнэхээр ч манай төгсөгчид хаана ажиллаж байна, хэн ажилгүй байна хэмээн сонирхож асуудаг сургууль, багш нар цөөн байдаг нь үнэн.

Яг энэ асуудалд ОХУ энэ жилээс эхлэн өөрчлөлт хийхээр болсон байна.  Тус улсын Боловсрол Шинжлэх Ухааны Яам жил тутам явуулдаг их, дээд сургуулийн аттестатчиллыг үндсээр нь өөрчлөн, шинэчлэхээр болжээ.  Тэд их, дээд сургуулиудыг үнэлэхдээ төгсөгчдийн хэдэн хувь нь ажилгүй байгааг харгалзан үзэж дүгнэх ажээ.

Өнөөдрийн байдлаар Оросын их, дээд сургууль төгсөгчдийн зургаан хувь нь ажилгүйчүүдийн эгнээнд шилждэг гэнэ. Харин манай улсад их, дээд сургууль төгсөгчдийн дөнгөж гучин хувь нь л мэргэжлээрээ ажилладаг гэх судалгаа бий. Ажилгүй залуу мэргэжилтнүүдийн дийлэнх хувийг хуульч, эдийн засагчид эзэлж байна. Ийнхүү өнгө өнгийн диплом өвөртөлсөн дээд боловсролтонгууд ажилгүй иргэдийн эгнээг тэлсээр байхад тэднийг бэлтгэж буй их, дээд сургуулийн удирлагууд мэдээгүй мэт байсаар л. Бүр амташсан хэрээ гэдэг шиг ахин дахин шунахайрч дараагийн оюутнуудаа элсүүлсээр л.

Энэ асуудалд холбогдох байгууллага, мэргэжилтнүүд анхаарч тодорхой ажил хийх цаг хэдийнэ болжээ.  

Б.Хорлоо