Энэ сарын 15-ны өдөр нээлтээ хийх байсан ээлжит бус чуулганы хуралдаан хуралдаж чадахгүй байсаар пүрэв гариг хүртэл хойшлов. Ээлжит бус чуулганы хуралдаан цагтаа эхэлж чадахгүй байгаа шалтгаан нь МАН болон МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэгтэй холбоотой. Учир нь тус бүлгийн гишүүд хуралдаа суухгүй эсэргүүцэл зарласнаас ээлжит бус чуулган сунжирсаар байгаа юм. Ингэж бөөн, бөөнөөр хурал хаях болсон нь "алдарт" Н.Энхбаярыг Шадар сайдад томилох асуудал болон Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг албан тушаалаас нь эгүүлэн татах асуудалтай холбоотой хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Тодруулбал, "Шударга ёс" эвслийнхэн Н.Энхбаярыг Шадар сайдад томилохгүй бол чуулганы хуралд суухгүй гэж байгаа бол МАН-ынхан Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулахыг эсэргүүцэж хуралд суухгүй байгаа аж. Цаашилбал тус хоёр бүлэгт Н.Энхбаярыг томилох асуудлаар ярилцаж тохирсон ярианууд ч бий гэж байгаа юм.

 

Ээлжит бус чуулганыг хуралдуулах асуудлаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Олонх ирцээ бүрдүүлсэн цагт МАН-ын бүлгийн гишүүд хуралдаа суухад бэлэн" гэж хэлсэн. Гэхдээ МАН-ын хүссэнчлэн АН дангаараа ирцээ 50 хувьд хүргээд хурлаа эхлүүлэх боломжгүй юм. Тус бүлгийн гишүүд бүгд хуралдаанд суугаад ч 50 хувьд хүрэхгүй. МАН-ын хэлээд буй шиг АН парламентад олонх биш юм. Харин олон суудалтай.

 

Харин АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар МАН-ын уг үйлдлийг ердөө шалтаг хэмээн хэлж байна. Ингээд ээлжит бус чуулганы хуралдааныг гацаагаад буй хэргийн эзэн хэн болох цаашлаад уг асуудлаар бүлгүүд ямар байр, суурьт хүрэх талаар УИХ дахь хамгийн олон гишүүнтэй АН, МАН-ын бүлгийн дарга доорх байр, суурийг хүргэж байна. 24VS24 энэ удаа тэдний эсрэг, тэсрэг байр, суурийг хүргэе.

АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар

 

УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаан дээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын хувьд би ээлжит бус чуулганы нээлтийг пүрэв гаригт хүртэл хойшлуулах санал тавьсан. Шалтгаан нь УИХ дахь МАН-ын бүлэг болоод бусад намууд “Ардчилсан намын бүлэг ирцээ бүрдүүл” гэдэг шаардлага тавьсан. Тийм учраас гадаадад байгаа гишүүдээ ирэх хүртэл хоёр хоног шаардсан учраас хүсэлтээ тавьсан. Ирэх пүрэв гаригт 35 гишүүнээ чуулганы нээлтэд оролцуулахад УИХ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэж үзэж байна. Бүлгийн гишүүд нь ээлжит бус чуулганд оролцох эсэх нь тухайн бүлгийн асуудал. УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцээд УИХ-ын даргын захирамж гарсан. Уг захирамжаар УИХ-ын гишүүд хуралдаандаа суух үүрэгтэй. Түүнээс биш ирц бүрдсэний дараа орно гэсэн ямар ч үндэс байхгүй. Энэ бол зөвхөн шалтаг.

 

УИХ-ын дарга ээлжит болоод ээлжит бус чуулган зарлах онцгой эрхтэй. Энэ эрхийн дагуу зарлагдсан чуулганд УИХ-ын гишүүд оролцох ёстой. Хэрвээ УИХ-ын ээлжит болоодээлжит бус чуулганы үйл ажиллагааг саатуулж байгаа бол тэр намын бүлэг өөрсдөө хариуцлага хүлээх ёстой. Сонгуулийн үед нь иргэд тэр асуудалд дүнгээ тавих байх.

 

Цэцийн асуудлаар МАН-ын бүлэг завсарлага аваад хугацаа нь дууссан. Тэгэхээр энэ асуудал хүссэн ч, эс хүссэн ч УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж шийдвэр нь гарах ёстой. Бид Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа гэдэг хүний асуудлыг яриагүй. Үндсэн хуулийн Цэц үндсэн үйл ажиллагаанаасаа хазайсан үйлдэл хийгээд байна гэж үзэж байгаа.

 

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт

 

Бидний байр суурь тодорхой байгаа. Олон суудал авч, эрх барьж буй улс төрийн хүчин гишүүдийнхээ ирцийг бүрдүүлж, ачаагаа үүрээд, хариуцлагаа хүлээгээд явах ёстой. Зөвхөн эрхээ эдэлдэг байх ёсгүй. УИХ-ын дарга, сайд нарыг томилох зэрэг асуудалд эрх баригчдын ирц дандаа 100 хувь байсаар ирсэн. Хамгийн сүүлийн жишээг хэлье. Сар шинийн өмнө Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд УИХ-ын ирц бүрэн эрхийнхээ хугацаанд анх удаа 76-уулаа болж рекорд тогтоосон. Сандал ширээний асуудал ярихаараа гишүүдийнх нь ирц бүрддэг. Улс орны хөгжилтэй холбоотой, өөрсдийнх нь хэлж байгааагаар чухал асуудал хэлэлцэх гэхээр эрх баригчдын өөрсдийнх нь ирц бүрддэггүй. Ийм хариуцлагагүй эрх баригчид байж болохгүй. МАН-ын бүлэг “Эхлээд эрх баригчид маань ирцээ бүрдүүлчих. Ирцээ бүрдүүлээд чуулганы нээлтээ хийчихвэл бид оролцоод явна”гэдэг байр сууриа хатуу барина.

 

Хариуцлага тооцох заалт байхгүй. УИХ-ын ээлжит болон ээлжит бус чуулганыг хуралдуулахын тулд УИХ-ын дарга захирамж гаргадаг. Захирамж гаргахаасаа өмнө УИХ дахь нам, эвслийн бүлэг, олонхи цөөнхтэй зөвшилцөж байж ямар асуудал хэлэлцэхээ шийддэг. Юу нь нэн яаралтай хэлэлцэх асуудал вэ гэдгийг тодорхойлж, ойлголтод хүрч байж асуудлыг хэлэлцэх ёстой. Харамсалтай нь, олонхийн бүлэг бусад нам эвслийн бүлэгтэйгээ зөвшилцөөгүй. Гэнэт л өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ээлжит бус чуулганыг хуралдуулах захирамж гаргасан. Ээлжит чуулганаараа хэлэлцэж дийлдэггүй асуудлуудыг ээлжит бус чуулганаар төлөвлөн жагсаасан байх жишээтэй. Ээлжит чуулган 120 хоногийн хугацаанд үргэлжилдэг бол ээлжит бус чуулган 14-хөн хоногийн хугацаанд үргэлжилнэ. Хэтэрхий хүч түрсэн, муйхар үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж байгаа.

Т.Хулан