Өгүүллэг: Сонин зүүд /аудио/
2016/02/20
- За тэр! ёстой хөөрхөн таарч байна шүү дээ. Миний хүү чинь ноднингоо бодвол мундаг том эр болжээ. Хүүхэд өснө гэдэг ч үгүй мөн хурдан юмаа даа гэж эмээ нь хүүгийн дээлийг янзлангаа хэлэхэд
- Хэлээд юүхэв! Ноднин энэ дээлийг чинь одоо хэн нь өмсөж байсан юм дээ? гэж өвгөн асуухад
- Яагаав! Батаа, Дархаа, Очироо үгүй ээ, өө нөгөө хэний бага. За байз эднийг чинь одоо ингээд холиод байдгиймаа гэж эмээгээ мунгинахад хүү - Сүрнээ ахын өмсөж байсан дээл шүү дээ гэтэл эмгэн сая ухаарч
- Тийм л дээ. Цогоогийн бага. Энэнээс арай ах юмдагуудаа гэхэд өвөө нь
-За миний хүү энэ жил хамгийн эрт ирсэн юм чинь энэ эмээлийг эзэмшээрэй. Тэгээд цаагуур чинь чөдөр, ногт, ташуур юу байна шилж аваад тэмдэг тавиарай. Түрүүлж ирэх ч бас сайхан шүү гэхэд хүү баярласан нүдээр өвөөгөө харж гарынхаа араар нусаа шудрана. Энэ хүүг Амараа гэнэ. Газар дэлхий тавирч, зуны дэлгэр цаг эхлэхийн алдад энэ өвгөн эмгэн хоёр дээр ирдэг арваад тавиулуудын нэг. Амараа анги бага, газар ойрхон тул эрт ирж байгаа нь энэ. Олон хүүхэд цугладаг тул өмсөх дээл хувцаснаас авхуулаад, эмээл хазаар дутдаг тул хөдөөний айлын зангаар эртлэн ирсэн нь нэг, нэг юм өмчилж авдаг номтой. Хүү энэ жил гутлаар айлтгүй. Аав нь энэ хавар онц гарсан гэж орос бакаал авч өгсөн. Шив шинэхэн тул үнэр нь хүртэл хүүд сайхан санагдаж, бусдыгаа ирэхэд гайхуулах юмны нэг нь. Өвгөн эмгэн хоёр ч гэсэн хаврын хавсарганд малтай ноцолдож, харшиж гүйцээд байхад хүүхдүүдийн түрүүч ирж, хонь хурганд гүйхээс авхуулаад гар хөлийн үзүүрт зарагдах болсонд баяртай байлаа. Өчигдөр дөнгөж ирсэн хүү өнөөдөр хониндоо явах гэж байгаа нь энэ. Хүүг хөдөө гэртээ ирэхэд жил болгон зусдаг зуслангийнх нь ойролцоо газар, эргэн тойрны хэдэн толгодыг ухаж сэндийчээд, хөрсийг нь эргүүлж, улаан шороон овоо босгоод хаячихсан нь хүүгийн нүдэнд эвгүй тусна. Өвөө нь хонины бор морийг нь эмээллэчихээд, орж ирээд
- За ингээд миний хүү хоньчин боллоо доо. Өнөө маргаашдаа яахав. Удахгүй нөгөөдүүл чинь цувраад ирэхээр миний хүү ээлжтэй болноо гэлээ. Эхний өдөр учир хүү их л нэр хүндтэй байлаа. Том хүн шиг өрөөсөн хөлөө шиг борхирч суугаад, цайнд хийсэн боорцогоо идчихээд нусаа татангаа - Яагаад энэ хойд Санжийг ар өвөргүй ухаад хаячихсан юм бэ? Өвөө гэхэд
- Тиймээ миний хүү! Эндээс баахан алт гарсан юм байх. Хотын хүмүүс ирээд л ухаад хаясандаа. Одоо бүр цаашлаад л байгаа юм. Дороос нь юмыг нь авчихаад ингээд л хаячихдаг улс бололтой. Хятад хүмүүс чиг л цуг яваа харагдсан. Энэ байгаль одоо хуучин шигээ сэргэхгүй дээ. Хайранчиг нутаг орон минь. Уг нь энэ Санжийн арлуу агь, ганга, шувуун хөл, яргуй гээд богино хөлтэй малыг цатгачих юм байх л ёстой. Даанч миний хүү эргүүлээд хаячихсан энэ их шороог яаж гатлахав. Тэгээд ч эд тэсэлж дэлбэлээд байгаа юм. Аюултай шүү гэхэд Эмээ нь
- Миний хүү ундаа мартав гээд нусыг нь дээлийнхээ хормойгоор арчиж өгөнгөө хүүгийн гарт байсан номны зургийг харж их л андрангуй
- Энэ чинь юув дээ? миний хүү гэтэл
- Өө! энэ номыг зуны даалгаварт уншаарай гэсэн гэтэл
- Уухай! Худлаа ярих нь уу чи? Тархи чинь. Одоо байтлаа та нарыг нүцгэн шалдан хүнтэй ном унш гэдэг болоо юу гэтэл Өвөө нь - Юу? Алив аваад ир гээд авч үзэв. Яах аргагүй эрэгтэй эмэгтэй хоёр хүний нүцгэн зураг байх аж. Хоёул урдаа навч наачихсан, эмэгтэй нь цэцгэн хүрээ хийгээд толгой дээрээ тавьчихсан, гартаа алим атгачихсан, хөтлөлцөн зогсоо зураг байлаа. Хүү ихэд сандарч
- Үгүй ээ! энэ чинь Адам Ева хоёр. Энэ ном хүн анх үүссэн тухай ном. Зурган дээрх хүн нь л хувцасгүй байх үеийнх болохоос том хүний ном бишээ
- За яахав унш гэсийм бол уншихаас. Үнэн эсэхийг аав ээж хоёр чинь ирэхээр асуумз. Худлаа байвал уу, шилбүүрээр ороолгоно гэж мэдээрэй гэснээ
-Өвөөд нь бас нэг ном бий. Монголын нууц товчоо гэдэг ном. Энэ ном л ер нь эцсийн дүндээ монголыг төлөөлж, та нарыг монгол хүн гэдгийг батлах байх гэж хэн ч үл ойлгох алс хэтийн юм хэлснээ, та нар бөөгнөрөхөөрөө энэ зун уншаарай.
- За хүү минь одоо хөдөл, хөдөл. Цаад хонь чинь буруу гарчихна. Далиу эвэртэй ягаан сэрхээ л сайн харж яваарай. Наад годрон чинь ногоо хөөгөөд хонь дагуулаад тогтохгүй шүү. Хонио болж өгвөл тогтуун байлгаарай гэлээ. Энэ өдрөөс хойш нилээд хэд хоног өнгөрлөө. Нэг өглөө хүү “нөгөө их шорооны цаана гаръя” гэж шийдэн хонио тууж явлаа. Сул шороо хонины хөлөөр босож хамар амруу орон найтааж, морь нь тургин явна. Ноднинхон мөөгөн хүрээ эрээлсэн энэ Санжийн араар бусад хүүхдүүдтэй цуг аргал, мөөг түүж явсансан. Одоо зүгээр л улаан шороо. Хаа нэг тэсрэлтийн Дүнн! хийх битүү чимээ алсад дуулдана. Тэр дуунд ганц нэг хулгана зурамхан цочино уу болохоос хонь мал түрүүчээсээ дасаж байгаа бололтой. Хүү хонио туун арай гэж тэр их шороог гатлан цаана нь гартал сүүлчийн овгор шорооны ёроолд нэг юм гялтаганах шиг болоход сониучирхан очиж үзэв. Эрхий хуруун чинээ ээзгий шиг арзгар шар чулуу байх аж. Мориноосоо бууж авч үзсэнээ “энэ лав нөгөө алт гэдэг нь байх” гэж санан өвөртлөв. Хонио хойд энгэр бараадуулчихаад, мориноосоо буун номоо унших гэж түрүүлгээ харан хэвттэл цээжин доорооос нь нөгөө олсон юм нь нухаад болдоггүй. Тэгээд түүнийгээ гаргаж ирэн эргүүлж тойруулан үзэнгээ бас хажуугаар нь номоо хармар болох гэнэ. Энд ирээд овоо хэд хонож байгаа ч гэсэн номоо нэг л олигтой уншихгүй л байгаа юм. Хий дэмий л “хэддүгээр хуудсан дээр яваа бол” гэж хуудсыг нь тоолон эргүүлнэ. Тэгээд л овоо эхэлж байснаа элдвийг бодон мөрөөдөж, заримдаа ганцаараа ярин тоглоно. Одоо бол нөгөө олсон юмаараа машин болгон өөр дээрээ явуулж байснаа өөдөө харан хэвтлээ. Цэв цэлмэг тэнгэрт хоёр бялзуухай бие биенээ хөөн нисэлдэж, исгэрэн жиргэнэ. Тэднийг харан нарны гялбаанд өрөөсөн нүдээ анин хэвтэж байснаа хүү нам унтчихлаа… … Байгаль дэлхийг чимэж, өнгө будгийг нь ялгаж байдаг уул ус, ургамал ногооноос авхуулаад бүх юмс үгүй болохоор хорвоо дэлхий тэр чигээрээ үнсэн саарал өнгөтэй болжээ. Хүү дагжин чичирч даарахын хэрээр өвөөдөө наалдан сууна. Хөөрхий өвөө нь ясан хэдрэг болтлоо туржээ. Эргэн тойрон үл таних хүмүүс хөлхөлдөн явна. Тэд бүгд туранхай бөгөөд хувцастай хүн нэг ч алга. Бүх хүмүүс ардах, урдахаа мөнгөөр таглажээ. Тэдний нүдэнд айдас хүйдэс үзэгдэхийн зэрэгцээгээр эв нь таарвал идчих гэж байгаа юм шиг араатанлаг шинж тодроно. Хүү ч айдас хүйдэсээр дүүрэн.
- Өвөө бид хаана байгаа юм бэ? Энэ хүмүүс яагаад нүцгэн байгаа юм? Нөгөө байгаль дэлхий, өвс ургамал, хонь мал хаачаа вэ?
- Хүмүүс бид чинь шуналдаа хөтлөгдөж, эвдэлж хэмхэлж, ухаж төнхөсөөр, бүгдийг барсаан хүү минь. Одоо идэж болохыг идэж, шатаж болохыг нь шатааж дууссаар энэ дэлхийд хүнээс өөр юм үлдсэнгүй дээ.
- Манай улс хаачаав?
- Улс орон гэж үгүй болсоон. Бүх хүмүүс холилдон байдаг болсон. Гагцхүү биендээ наасан энэ мөнгөөр л аль газрын хүн бэ? гэдгийг нь мэдэж болно. Хүү эргэн тойрноо сайн хартал бүгд Адам Ева хоёр шиг болжээ. Тэд ард урдаа навч биш мөнгө нааж, зарим нь гартаа алим биш алт барьжээ. Америк мөнгө, хятад мөнгө, монгол мөнгө гээд өөрс өөрсдийнхөө мөнгийг наажээ. Хүү
- Одоо тэгээд ой мод, чулуу нүүрс гээд гал болох юм юу ч байхгүй юү?
- Байхгүй ээ хүү минь Тэд бүгдийг идэж болох бүхнээ идэж хоосолсон. Дараа нь гэр орон, хувцас хунараа хүртэл шатаасан. Одоо энэ ганц нар л үлдсэн. Хүмүүс тэрэнд арай хүрч чадахгүй байгаа юм.
-Энэ их мөнгөө яагаад шатаахгүй байлгаад байгаа юм? Энэ чинь цаас юм чинь шатна шүү дээ.
- Хүмүүсийн хамгийн хайртай юм чинь энэ мөнгө шүү дээ. Тэд энэнийхээ төлөө л явсаар ийм болцгоосон. Яаж ч осгож үхэх гэж байсан тэд үүнийгээ шатааж чадахгүй. Тийм л хайртай. Зарим нь хөлийнхөө уланд зузаан мөнгө наасан байгаа. Зарим нь биеээрээ дүүрэн элдэв янзын алт мөнгө зүүсэн байгаа. Тэд өөрсдийгөө бусдаас баян гэж боддог юм. Зарим нь монгол мөнгөө гадны мөнгөөр сольж наасан байгаа. Тэд нар бусдаасаа арай өөр дөнгүүр байх гэж чамирхаж байгаа нь тэр. Хүний энэ чанар ямар ч үед арилахгүй юм даа.
- Одоо тэгээд хүмүүс цаашдаа яах вэ?
- Яахав дээ хүү минь. Юу хийсэн, түүнийхээ үйл лайг үүрэх л байхдаа гэснээ.
- Миний хүү хэдий ийм байгаа ч гэсэн хэн нэгэнд тусалж, өөр нэгнийг хайрлаж хүндэлж байгаарай
- Тэртээ тэрэнгүй дуусаж байгаа юм бол тэгж яахын бэ? өвөө -
Яахав дээ. Эцсийн мөчид бие биенийхээ мөрийг түшээд ч болхоноо сууж болно шүү дээ гээд өвөө нь хэд хэд бөгшүүлгэн ханиалгаад бахардан түрүүлгээ харан унав.
- Өвөө! өвөө! гэж дуудтал өвөө нь нэг сэхээ авч
- Миний хүү өвөөгийнхөө цээжин доор байгаа юмыг аваарай. Өөр хүнд хэзээ ч, яасан ч өгч болдоггүй юм шүү. Өвөө нь өдий болтол хадгалж ирлээ. Миний хүү сайн хадгалаарай гээд амьсгаа нь тасрав. Хүү өвөөгийнхөө яс арьс болсон туранхай цээжийг эргүүлтэл цээжин доор нь Монголын нууц товчоо гэдэг ном байх ажээ. Хүү номыг автал ард нь уухилах дуу гарав. Эргэн хартал урдаа еэнь, доллар, юань, ёвро, рубль унжуулсан том том хүмүүс араа шүдээ яралзуулан, нүд нь улаанаараа эргэлдэн дөхөн айсуй. Тэдний нүд хүү, ном хоёроос үл сална. Хүү номоо тэврэн чадлаараа зугтлаа. Нөгөө хэдийг хөөж эхлэнгүүт тэдний араас энэ дэлхийн бүх хүмүүс зэрэг шуугилдан дайрлаа. Хүү хариугүй баригдахын даваан дээр хөл нь газраас хөндийрч… хүү нойрноосоо сэрчихлээ. Хамаг биенийх нь хөлс цутгаж, амьсгаа нь дээр дээр давхцана. Толгойных нь хажууд ном нь дэлгэгдэн хуудас нь эргэнэ. Баруун гартаа нөгөө арзгар алтаа атган цээжин дээрээ тавьсан байлаа. Хүү нөгөө алтыг ихэд зэвүүцэнгүй харж, газар сарлан малтаж булаад, нэгэн цагаан чулуугаар дээр нь тэмдэглээд орхив. Гэхдээ яагаад ч юм хүү намар буцан буцатлаа тэр чулууг мартаагүй. Мартаагүйгээр барахгүй бараг өдөрт нэг удаа тэр зүгрүү харсаар байсан юм. Алс тэртээд тэсэлгээний Дүнн! Дүнн! хийх дуу сонсогдсоор . . .
Эх сурвалж: www.biirbeh.mn