Дулаанаа шийдээгүй барилгын компаниудаас болж иргэд хохирсоор байх уу
2013/08/27
Нийслэлийн дулаан хангамжийн хэвийн ажиллагааг хангахын тулд “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-аас дулаанд холбогдох боломжгүй шинээр баригдсан болон баригдаж байгаа 98 барилгын жагсаалтыг гаргасан. Энэхүү барилгуудын зарим нь дулаанд хангагдах боломжгүй хэрнээ захиалга авч байгаа талаар бид өмнөх дугаарын сурвалжлагаараа хүргэж байсан. Харин энэ удаагын дугаарын сурвалжилгаараа техникийн нөхцөлгүй айл оруулсан барилгуудын талаар сурвалжиллаа. Төвийн дулааны шугамд холбогдох боломжгүй жагсаалтын 83 дугаарт бичигдсэн БЗД-ийн 16 хороолол буюу бидний сайн мэдэхээр Цайз-16-ын зүүн талд байрлах зам дагуу шинээр баригдсан барилга юм. Уг барилга нь 40х18 хэмжээ бүхий талбай дээр баригдсан 12 давхар 300 айлын орон сууц гэсэн ч өнгөрсөн оны дөрөв дүгээр улиралд улсын комиссоос хүлээж авч ашиглалтад оруулсан байна.
Орон сууцны оршин суугчдаас дулааны хангамжийн талаар тодрууллаа.
БЗД-ийн 16 хорооны 75 дугаар байрны оршин суугч Б.Шинэбаяр “Манайх энэ байрыг анх ашиглалтад ороход нь нүүж орсон. Өнгөрсөн жилийн хувьд их дулаахан өвөлжсөн бараг цонхоо онгорхой өвөлжсөн. Биднийг анх байранд ороход цахилгаанаар халааж байгаа гэж мэдэгдэж байсан. Энэ жил бодвол дахиад л цахилгаанаар халаах байх” хэмээсэн.
БЗД-ийн 16 хорооны 75 дугаар байрны оршин суугч Э.Эрдэнэчимэг “Байрандаа нэгдүгээр сард нүүж орсон. Ямар ч байсан дулаахан өвөлжсөн. Хэд хоног цахилгаан, халуун ус нь тасарсанаас биш өөр асуудал гаргаагүй” гэв.
Өнгөрсөн өвлийн хувьд компанийн зүгээс халаалтын асуудлыг шийдсэн байна. Гэвч “Энэ жилээс бид хариуцахгүй” гэж оршин суугчдад мэдэгдээд байгаа бололтой. Энэ талаар тус байрны “Залмат-5” СӨХ-ны дарга Т.Өрнөхбатаас тодруулсан юм.
-Танай орон сууц төвийн дулаанд холбогдох боломжгүй юм байна. Дулааны асуудлаа яаж шийдвэрлэдэг юм бэ?
-Өнгөрсөн жилийн хувьд барилгын компани нь бойлуур тавьж оршин суугчдыг дулаанаар хангасан.
-Энэ жилийн хувьд яаж халаах төлөвгөөтэй байгаа юм бэ?
-Барилга барьсан компани нь асуудлыг шийдвэрлэхээр хөөцөлдөж байгаа гэсэн. Бид нар ч бас халаалтгүй болчихвий гээд хөөцөлдөөд байна. Уг нь бол “Газарчин” дээд сургуулийн дулааны шугамын төгсгөлөөс авах боломжтой боловч байрыг халааж дийлэхгүй гэж мэдэгдсэн юм билээ.
-СӨХ-ны зүгээс одоо ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Бидний зүгээс нийслэлийн захирагч Э.Бат-Үүл болон холбогдох хүмүүст нь албан бичиг хүргүүлсэн. Ямарч хариу алга байна.
Энэхүү барилгыг Улсын комиссоос хүлээж авсан боловч яагаад дулаанд холбогдох боломжгүй байгаа талаар тус барилгын компанийн захирал Д.Алтансүхтэй утсаар холбогдож зарим зүйлийг тодруулснаа хүргэж байна.
-Танай компани уг газрыг орон сууцны зориулалтаар авсан байна. Гэтэл “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-аас дулаанд холбогдох боломжгүй гэж мэдэгдээд байна шүү дээ?
-Орон сууцны барилга барьсан газрыг нийслэлийн дуудлага худалдаагаар 2006 онд 100 сая төгрөгөөр худалдаж авсан. Тэр үед нийслэлээс дулаан, цахилгаанаар хангах нөхцлийн хүрээнд гэрээгээ хийсэн. Гэвч одоо “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-аас дулаанаар хангах боломжгүй гэж мэдэгдээд байгаа юм. Улсын комисс хүлээж авах үед дулааныг цахилгаанаар хангаж байсан.
-Энэ жил дулааны асуудлыг дахиад цахилгаанаар халаах замаар шийдвэрлэх үү?
-Үгүй. Энэ жилээс цахилгаанаар хангах боломжгүй. Өнгөрсөн жил аргагүйн эрхэнд компаниасаа 18 сая төгрөг гаргаж байж дулааныг асуудлыг шийдвэрлэсэн. Энэ бол манай компанийн асуудал биш. Оршин суугчид нь өөрсдөө нийслэлд өргөдөлд гаргах хэрэгтэй.
-Нийслэлд энэ асуудлаар албан бичиг хүргүүлсэн юм уу?
-Нийслэлээс дулаанд холбох боломжтой гэж мэдэгдсэн. Гэвч “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК холбох боломжгүй гэж мэдэгдээд байгаа.
Энэ мэтээр 300 айлын дулааны асуудлыг хариуцах эзэнгүй болчихоод байна. Орон сууцны СӨХ нь барилгын компани хариуцах ёстой гэж мэдэгдэж байгаа. Гэвч тус компани асуудлыг Нийслэлд даатгаж байна. Гэвч бодит байдал дээр хэн хариуцах нь чухал бус эдгээр айлуудыг дулаанаар хангах ямар нэгэн арга хэмжээ авахгүй хүйтний улирал хаяанд ирээд байна.
Н.Баасандэмбэрэл