Хөтлөгч Одког танихгүй үзэгч үгүй. Тэрбээр "Аав ээждээ зөнөг болтлоо л сайн дураараа эрхэлсэн болоод тэрүү байн байн санаад байх юм. Ямар сайндаа шинэ байр авахад хүртэл аав ээжтэй ойр байх тэргүүн зэргийн шаардлага болохов. Жаахан байж дээ, аав олон дүүтэй. Бараг л дүү болгондоо өөрийн гараар байшин барьж өгсөн. Заримд нь ах эгч нар болон би ямар нэг байдлаар гар бие оролцоно.

Аав арвич хямагч гэж жигтэйхэн, шинэ хадаас байсаар байтал хуучныг тэгшлүүлнэ. Тэрэнд нь би дуртай ч гэж жигтэйхэн. Ээж их ундуйцнаа, охидынхоо гарыг эвдэллээ, ганц хүүгээ зовоолоо гээд л... Харин би сайн дурын уран сайханч царайлаа л юм л бол аавтай алх хадаас бариад зогсч байдаг охин байсан юмдаг. Тэглээ гээд муудсан юм алга. Аавынхаа ачаар харин ч аливаад тэвчээртэй, муухан эрээс дутахааргүй сэтгэлийн хаттай өсчээ. Зуны амралтаар айлын хүүхдүүд зуслан явж байхад би гэдэг хүн хөдөө хээр цөлөгдөж, морь малтай зууралдсан шигээ өнгөрөөнө. Хамгийн сүүлд оюутан болчихоод одоо л явахгүй дээ гэтэл бас л нэг айлын хаяанд гэр барьж, хэдэн ямаа саахыг үүрэг болгоод эмээтэй, дүүтэй хамт "цөлчихсөн".

Одоо бодоход тэр цаг хамгийн сайхан, заримдаа бүр үлгэр шиг санагдах юм. Тэр намар хөдөөнөөс бов бор охин ирээд л UBS-дээ анхныхаа дадлагыг хийж, хавар нь ажилд орж, завгүй амьдралд хөл тавьсан. Эвтэй дөрвөн амьтан шиг эгч дүүс бид аавынхаа ачаар морь малаа зүсэлчихдэг, уул усыг нэртэй устай нь нүдлэчихдэг, адуу малаа унахтайгаа болсон Монгол хүмүүс юм байна. Эцгийн минь холыг харсан Монгол ухаан..." хэмээв.