“Манайд хамаагүй” гэдэг түргэн тусламж зөвхөн монголд л бий
2013/02/22
Аминд тулсан үед түргэн тусламжид хандсанаас өөр арга бодсон нь дээр юм байна гэх бодол ойрын өдрүүдэд өөрийн эрхгүй төрөх боллоо.
“Түргэн тусламж хурдхан шиг ирсэн бол миний хүү амьд байж болох байсан” хэмээн уйлах эцэг, эх хоёрын харуусал дээрх бодлыг минь дахин дахин баталж байна.
Хөдөө орон нутгаас нийслэлийг зорьж явсан хүн тээврийн микроавтобус Төв аймгийн нутаг дэвсгэр буюу Цожинболдогийн орчимд онхолдсоны улмаас олон хүн хүнд, хөнгөн бэртсэн, мөн эцэг, эхтэйгээ явж байсан хоёр настай бяцхан хүү амиа алдсан аймшигт осол Цагаан сарын дараахан гарсан. Осол гаргасан машин дотор сууж явсан хүмүүс тэр дор нь Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт залгаж хаана, ямар осол болсон талаар тэмдэглүүлэн аврал эрсэн байгаа юм. Мэдээж түргэн тусламж дуудсан хүмүүс тэдний ирэхийг тэсэн ядан хүлээх нь лавтай. Гэвч түргэн тусламжийнхан цаг гаруйн хугацаа өнгөрөхөд ч ирээгүй гэсэн. Аргаа барсан хүмүүс замын машинд дайгдан Гэмтэл, согог судлалын үндэсний төвд ирсэн байгаа юм. Тэд замын машинд зүгээр л нэг гар өргөөд хүссэн машиндаа суучихаагүй нь ойлгомжтой. Хот хооронд явж байгаа машин дотроо ганц хоёрхон хүнтэй явна гэж бараг байдаггүй учир тэр шүү дээ. Тиймээс цаг гаруй түргэн тусламж хүлээсэн шигээ бас л нэлээд хугацаа алдсан байгаа юм. Энэ хугацаанд замын машинууд осолд орсон хүмүүст тодорхой хэмжээгээр тусалж “Түргэн тусламж дуудсан уу. Түргэн тусламжаас онцгой байдлынхан хурдан байдаг юм. Та нар 105 дугаарт залга” гэж зөвөлгөө өгсөн гэдгийг осолд орсон хүмүүс ярьж байхыг сонслоо. Сайхан сэтгэлт хүмүүсийн зөвөлгөөний дагуу осолд орсон хүмүүс 105 тусгай дугаарт залгаж, үүссэн нөхцөл байдлын талаар мөн л хэлжээ. Харин тэд хариуд нь “Машинд дарагдсан хүн байна уу” гэхэд “Байхгүй” гэж хариулжээ. Хариуд нь “Тэгвэл манай байгууллагад хамаагүй асуудал байна. Та нар түргэн тусламж дууд” гэж хэлээд утсаа тасалсан байгаа юм.
Нийслэлээс зайдуухан хаа нэг газар осол гарвал харьяа аймаг, дүүргийн түргэн тусламжийн төв үйлчлэх ёстой байдаг. Цожинболдогийн орчимд гарсан осол Налайх дүүрэгт ойрхон учир Налайх дүүргийн түргэн тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой. Энэ ч утгаараа осолд орсон хүмүүс 103 дугаарт залгахад, Налайх дүүргийн Түргэн тусламжийн төвтэй автоматаар холбогдоно. Тухайн үед осолд орсон хүмүүс ч Найлах дүүргийн Түргэн тусламжийн төвтэй холбогдсон аж. Уг нь Налайх дүүргээс Цонжинболдог хүртэл 20 хүрэхгүй километр байдаг. Гэтэл яагаад Налайх дүүргээс хөдөлсөн түргэн тусламжийн машин цаг гаруйн дараа, бүр осолд орсон хүмүүс замын машинд дайгдан нийслэл рүү явж байхад Налайхын орчимд зөрдөг байна аа. Уг нь нийслэлийн түргэн тусламжийг бодвол Налайх дүүргийн түргэн тусламжийн ачаалал арай бага баймаар. Энэ талаар Налайх дүүргийн Түргэн тусламжийн төвөөс нэгэн сэтгүүлчийг тодруулахад “Мэдээлэл өгөх боломжгүй. Тухайн осол гарсан өдрийн дуудлагыг тэр өдөр гарч байсан эмч л мэддэг. Өөр хүн мэддэггүй” гэж хариулсан байгаа юм.
Манай онцгойгийнхон ч ялгаагүй. Осолд өртөн аврал эрэн дуудаж байхад “Манайд хамаагүй ээ. Өөр тийшээ залга” гэж хэлж л байдаг. Энэ бүхэн тангараг өрсөн албан тушаалтнуудын хийж болох үйлдэл мөн гэж үү.
“Тэнгис” кинотеатрын автобусны буудлын хажууд баригдаж байсан барилгын дээд давхраас төмөр унахдаа барилгын доогуур явж байсан оюутан залууг онож, оюутан залуу газар дээрээ амиа алдсан хэрэг өнгөрсөн жил гарсан. Тухайн үед дуут дохио хангинуулан ирсэн түргэн туламжийнхан “Манай харьяаны дуудлага биш” гэх утгатай зүйлийг хэлчихээд тусламж үзүүлэлгүй хаяад явсан ичгүүртэй тохиолдол гарч байсан. Энэхүү явдал гараад удаагүй байхад дахин нэг бусармаг үйлдэл ийнхүү гарсан нь эрүүл мэндийн салбарт хяналт тавих, тэдэнд тооцох хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэй гэдгийг дахин дахин сануулах мэт.
Төв аймгийн нутагт гарсан ослын шалтгаан нь хол замд нойргүй явсан жолооч зүйрмэглэснээс болжээ. Үүнийгээ ч баталж жолооч “Хоёр хоног нойргүй явсан болохоор осол гаргачихлаа. Нүдээ аниад нээтэл замын хажуу руу орчихсон” гэх утгатай зүйлийг ярьсан байсан. Түүний энэ яриа хот хооронд зорчих хүмүүст их анхааруулга өгсөн болов уу гэж бодож байна. Нийслэлээс захын аймгууд руу нийтийн тээврийн хэрэгслээр явахад наанадаж хоёр хоног, цаанадаж таван хоног явж байж хүрдэг. Тиймээс хол замд нийтийн тээврийн хэрэгслээр явах гэж байгаа хүмүүс ээлжийн жолоочтой эсэхийг нь асууж тодруулж байж суух хэрэгтэй гэдгийг сануулах нь зүйтэй болов уу.
Ж.Баттуул