Амласан байрууд эзэндээ очсон уу
2016/05/11
Өнгөрсөн долоо хоногт “25 дугаар суваг” телевизийн “танайд хоноё” нэвтрүүлгээр улсын арслан Э.Оюунболд гарлаа. Тус нэвтрүүлгийн хөтлөгч Алтантүрүү арслангийн бөхийн дэвжээнд гарсан түүхээс нь эхлээд өдийг хүртэлх ажил, амьдралынх нь талаар ярилцаж харагдана лээ. Түрүү жилийн наадмаар ес даван түрүүлж 22хон насандаа арслан цолыг хүртсэн бядтай, чадалтай бөх маань монгол бөхийн босоо хийморийн талаар хэрхэн бахархдаг, хүндэлдэг, түүнийг энэхүү амжилтад хүрэхэд хэн хэрхэн нөлөөлсөн гээд нэлээд хууч хөөрсөн юм.
Тэдний яриан дунд арслангийн амнаас “Их Засаг” Н.Учрал гэх нэр хэдэнтээ гарсан нь түүний хүндэлж явдаг ганц ах нь гэх юм. Учир нь түүнийг бөхийн дэвжээнд гарсан цагаас нь эхэлж дэмжсэн юм байх. Тодруулбал арслан цол авахаас нь өмнө байр, машин, мөнгө төгрөг гээд хэрэгтэй зүйлээр нь харамгүй хангаж байжээ. Түүгээр ч зогсохгүй арслан цолны болзол хангасан тэрхэн мөчид 3 өрөө байр, 30 сая төгрөг өгнө хэмээн ам гараад авсан.
Түүнийгээ ч өгч, амласнаа биелүүлж зангарагтай загнасан нь бахдууштай. “Эр хүн хэлсэндээ эмээлт морь хариасандаа” гэдэг дээ. Мөн арслан цолыг хүртэх мөчид Н.Учралаас гадна цагаан шонхрын Ч.Энхтайван, Эрдэнэт үйлдвэр, ерөнхий сайд асан Н.Алтанхуягын зөвлөх нутгийн ах М.Хүдэрбаатар зэрэг нөхдүүд ч бай шагнал амлаж байсан санагдаж байна. Тэгвэл ам гарсан нөхдүүдээс зөвхөн дээр дурдагдсанаас экс ерөнхий сайдын зөвлөх М.Хүдэрбаатар гэгчээс бусад нь амласан байр, бай шагналуудаа өгчээ.