Монголчуудын тусгаар тогтнолын нэг баталгаа нь гадаадад байгаа монголчууд
2016/05/14
Хаврын хүйтэн хавсарга хавирга нэвт үлээсэн энэ өдрүүдэд улаанбурхан өвчний дэгдэлт газар авч, хөөрхий нялх үрс маань хамгийн ихээр энэ өвчинд өртөж байна.
Заримыг нь аль хэдийнэ бид тэнгэрийн оронд алдчихсан. Эдийн засгийн хямрал гэгч айхтар эд хувь хүн, айл өрх, албан газар бүрийг сандраан сандаачиж байна. Нэг үгээр хэлэхэд энэ өдрүүдэд Монгол Улс маань ядруу, зутруухан л байна даа. Ийм үед хамгийн их анзаарагдаж байгаа зүйл бол гадаадад байгаа монголчуудын тусламж дэмжлэг юм. Улаанбурханаар өвдсөн хүүхэд, томчууд эмнэлэгтээ багтахгүй чихэлдэж, эм тариа тоног төхөөрөмжгүйн улмаас амь нас нь дээсэн дөрөөн дээр байгааг дуулаад гадаадад амьдарч байгаа монголчууд маань эм тариа, тоног төхөөрөмж, мөнгө төгрөг гээд бүхий л зүйлээр тусалж байгаа нь сайхан харагдах юм. Вашингтоны монголчуудаас, Колорадагийн монгол иргэдээс, Денверээс, Ютад амьдардаг монголчуудаас гээд мөнгөн тусламж наашаа цувсаар байна. Шведийн монголчууд амьсгалын аппарат, зүү тариур зэргийг мөнгөний хамт илгээжээ. Энэ мэт Солонгос, Япон, Франц, Герман, Австри бүр Африкийн Угандагаас хүртэл мөнгө төгрөг, хэрэгтэй гэсэн аппарат хэрэгслийг Монгол руугаа явуулж байна.
Үүний өмнөхөн нэгэн алдартай зохиолчийн эмчилгээний зардалд хандив цуглуулахад гадаадад амьдарч байгаа монголчуудын тусламж жин дарж байна лээ. Энэ мэт үүрэндээ хоол зөөж байгаа шувуу мэт тэд маань эх орон, элгэн садан руугаа их бага гэлтгүй байнга л илгээмж явуулж байдаг. Хувцас хунар, эм тариа, эдлэл хэрэглэл, мөнгө төгрөг гээд юу эс байхав. Энд тэндээс ирсэн ийм илгээмжүүдийн ачаар эдийн засаг эргэлдэж, хүмүүс байр сууцтай болж, эмчлүүлж, зугаалж, оюутнууд сургалтын төлбөрөө төлдөг гээд дандаа л сайн сайхан үр нөлөө дагуулдаг. Харин эх орондоо амьдран суугаа монголчуудын хувьд тэр болгон юманд сэтгэл гарган хөдөлдөггүй. Томхон компаниуд л нийгмийн хариуцлагаа ухамсарлан хандив тусламж өгдөг нь юу юм гэхээс бусад нь тоодог ч үгүй. Ядарсан зүдэрснээ гайхаж зүгээр мөнгө олох гээд гүйлдэж байгаа.
Гадаадад амьдардаг монголчууд бол биднийг ядарч зүдэрч явахад тулах хүч, тусгаар тогтнолын баталгаа юм гэж манай сонин өмнө нь бичиж байлаа. Ойрхны үйл явдлууд үүнийг баталж, бид ч мэдэрч сууна. Монголын хүн амын 10 гаруй хувь нь гадаадад ажиллаж амьдардаг. Хамгийн олон нь буюу 100 гаруй мянган монгол Өмнөд Солонгост байна. Үүний дараа Америкт амьдардаг монголчууд тоогоороо жин дарна. Европын орнуудад ч цөөнгүй хэсэг нь амьдардаг.
Их гүрний бодлогыг эсэргүүцэж түвд лам өөрийгөө шатаахад АНУ дахь төвдүүд Хятадын Элчин сайдын яамны үүдэнд жагсаж эх орон, элэг нэгтнүүдээ өмөөрч байгааг хэвлэлээс бишгүй их уншдаг. Эрх чөлөөний оронд хууль зөрчөөгүй л бол жагсаал цуглаан хийх эрх нь нээлттэй байдаг. Жагсаж байгаа хүмүүсийг хараар амьдарч байна уу, виз нь хэтэрчихсэн юм биш биз гэж хэн ч шалгаж байцаадаггүй. Араас нь мөрдөж мөшгидөггүй. Энэ утгаараа Монголд ямар нэгэн зүйл боллоо гэхэд Америкт амьдардаг монголчууд маань НҮБ-ын байрны үүдэнд жагсаад байхад дэлхийн сонорт хүргэж, олны анхаарлыг татаж чадна. Дэлхийн бүхий л улсын төлөөлөл болох Элчин сайдын яамд Америкт байдаг. Дэлхийн худалдаа, эдийн засаг, улс төрийн байдал ч Америк гэдэг энэ агуу орноос хамааралтай өрнөдөг. Ийм болохоор Америкийн монголчууд бол монголчууд бидний тусгаар тогтнол, аюулгүй байдлын нэг баталгаа болж чаддаг. Солонгост амьдардаг монголчуудын хувьд жагсаал цуглаан хийж сүржигнээд байвал ачигдаад ирэх магадлал өндөр учраас олноороо цуглаж, бусдын анхаарлыг татах боломж бага. Тэгсэн ч тэдний эх орон руугаа явуулдаг илгээмж нь олон хүний амьжиргааг өөд нь татаж, бага гэлтгүй эдийн засагт хувь нэрмээ оруулж байдгийг чамлаж болохгүй.
Монголчууд цөөхөн ч дэлхийн том улс орнуудад нэг хэсэг маань хэдийнэ төвхнөж, эрвийх дэрвийхээрээ эх орондоо туслах зорилгоор хөдөлдөг болжээ. Амьдрал хайн харийг зорьсон тэд маань одоо л нэг байр сууриа олж, аж амьдрал нь тэгширч байна. Харин Монголын төр гадаадад амьдарч байгаа монголчуудаа харж үздэг, тусалж дэмждэг төрийн хар хайрцагны бодлоготой баймаар санагдах юм. Манай Элчин сайдын яамд гэж нэлээн хүнд сурталтай, тэнгэрээс буугаад ирсэн мэт хүмүүс ажилладаг дуулддаг. Монгол төрийн алтан жолоог харьд атгаж суугаа тэдний ааш аяг, ажил үйлс уян хатан болж, төрийн тусламж үйлчилгээг монголчууддаа нэгбүрчлэн хүргэх ажлыг хийдэг байх хэрэгтэй. Гадаадад байгаа монголчуудын ажил, бизнесийг дэмжих бодлого хөтөлбөр гаргаж, дотооддоо хэрэгжүүлдэг жижиг дунд бизнесийн нэгээхэн хэсгийг тэдэнд зориулахад болохгүй юмгүй. Америкт монгол таун бий болоход төр оролцож, туслах гэх мэтээр ажиллах хэрэгтэй байна.
Гадаадад амьдардаг монголчуудыг яагаад төр засгаас дэмжих ёстой гэж, тэд биднээс хамаагүй дээр, сайхан амьдарч байгаа гэж дургүйцэх хүн гарна. Мэдээж, тэд өнөөдөр биднээс хавьгүй илүү цалин авч, сайхан амьдарч байгаа. Унаж босож, өлсөж цангаж, дутуу нойртой зүтгэж байж тэд маань тийм амьдралыг босгосон билээ. Одоо тэд эх орон руугаа илгээмж илгээх чадамжтай болсон. Нөгөө талаар Монголын аль л ухаалаг, толгой сийрэг ажилладаг хэсэг нь гадаадад гарсан нь үнэн юм.
Тэд өнөөдрийн хуушуурын төлөө байдгаа баралгүй, маргаашийн Монголын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө санаагаа чилээн тэмцэх хүмүүс. Монголын төр гадаадад байгаа монголчуудаа дэмжинэ гэдэг нь өөрийн оюун санаа, эдийн засгийн төвүүдийг бий болгож байна гэсэн үг. Гадна талдаа ийм хүчирхэг хэдэн төвтэй болохын төлөө зүтгэх хэрэгтэй. Түүнээс биш “Монголдоо ир, Монголд сайхан амьдрал байна” гэх мэтээр худлаа уриалан дуудаж, хуурч авчирч хэрэггүй. Тэдний нэгэнт олсон байр суурийг бэхжүүлж, хөгжүүлж, өргөжүүлэх нь Монголын тусгаар тогтнол болоод ирээдүйд хэрэгтэй
Зочин · 2016/05/15
Nemej helehed Yamar ih setgel,sanaa, bie mahbodiin daramt zudguuriig tuulj amdralaa bosgodog geech
Зочин · 2016/05/15
Ene hun yaasan burhan uhaantai hun be Yag unen sh tee Bayarlalaa
Зочин · 2016/05/14
Unheer zuv saihan sedviig hunduj chadjee . Bayrallaa