Монгол Улсад бүхнээс дээгүүр нэг л НАМ БИЙ, тэр бол Монгол Улс. Тэр эрх ашгийнхаа төлөө улаан, хөх, шар, бор бүх өнгийн намууд эрүүл саруулаар нэгдэж хамтран зүтгэх л учиртай. Тэгэхгүйгээр, миний нам, чиний нам гээд тал тал тийшээ хараад суучихсан, нэгнийхээ өөдтэй өнгөтэй бүхэн лүү угаадас цацаж байдаг, адгийн муу хорлогчин, урваач шиг нэгнийхээ өмнө дэгээ, занга тавьж унагаж байдаг, албан тушаал, төсөл мөнгөний төлөө хуйвалдаж, хор найруулж байдаг хэт туйлширч намчирхсан, талцсан өнөөгийнхөө ааш араншингаар бид урагшаа алхаж чадахгүй болчихсоон...
Өнөөгийн манай намууд маань, намын зүтгэлтнүүд маань энэ Монгол гэсэн ганц том эрх ашгийнхаа дээгүүр намынхаа эрх ашгийг ямагт тавьдаг. Гэтэл тэр нам нь санхүү мөнгө, эрх мэдлийг тахин шүтсэн хэсэг бүлэглэлийн эрх ашигт автсан. Ийм эрүүл бус байдалтай бид улс төр хийж ирлээ. Тэгээд энэ мэт зарчимгүй, эрх ашгийн эрэмбэгүй байдлаа заавал байх ёстой зүйл мэт үзэж харж итгэчихсэн байгаа нь бидний гүн бөгөөд гашуун эмгэнэл юм.
Өнөө энэ байдлаа харж, энэ явцуурсан аар саархан ашиг сонирхолоосоо эр зориг гарган салж, эрүүл саруул үзэл бодол дээр нэгдэн нийлэх цаг ирсэн шүү, Монголчууд минь.
Дундад зууны үед "Миний хаан, танай хаан" гэж талцаж тэмцсээр бид сүйрэхээ шахсан. Энэ бидний цаг үед "Миний нам, манай нам" гэсэн эрүүл бус хийрхэл дунд талцан тэмцэлдсээр байх юм бол өнгөрсөн түүхийн тэрхүү гашуун тавиланг давтах болно.
Дахин хэлье. Монголчууд бидэнд нэг л нам бий. Нэг л том эрх ашиг бий. Тэр бол МОНГОЛ.
Монгол Улс, Монголчууд гэсэн энэ том эрх ашгийн дээр ямар ч Ардчилсан намын, Ардын намын, Хувьсгалт намын эрх ашиг гарах ёсгүй юм.
Б.Наминчимэд