Д.Даш: Нэг ийм намнах технологи манайд дэлгэрээд байх шиг...
2016/05/20
1072 хувьцааг “худалдаж авна” хэмээн цуурхал тараасан хүнийг олжээ. ДМ нэгдлийн тэргүүн Д.Даш гэсэн агуулга бүхий мэдээ өчигдөр мэдээллийн хэрэгслүүдээр гарсан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр ДМ нэгдлийнхэн тэргүүн Д.Дашийн хамт мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээлэл хийх үеэрээ: “2016 оны 4 сарын 20-ний үеээс иргэд Таван толгойн хувьцаагаа зарах гээд Урт цагаан дээр хонон өнжин цуглаад байна гэсэн мэдээ хэвлэлээр гарч эхэлсэн. Эхний үед юу болоод байгаа нь ойлгомжгүй байсан. Эхний мэдээнээс 10 гаруй хоногийн дараа танил Золжаргал 2016 оны 5-р сарын 6-ний өдөр над руу утасдаж сая хөдөөнөөс орж ирсэн чинь Эмээлт дээр юу болоод байгаа юм бэ? ДМ-ийхэн та нар яагаад мэдээлэхгүй байгаа юм бэ. Улс орон сүйрлээ шүү дээ. Чи хамт очиж үз гэсэн. Тэтээд газар дээр нь бодит байдлыг мэдэхээр очицгоосон. 300-400 хүн цугласан нүд халтирмаар зураг угтсан. Зарим нь хувьцаагаа зарна гэж найдан хүйтэнд 10 хонож байна гэсэн. Энэ бол тэр хүмүүсийн буруу биш амжиргаагүй болсондоо тэнд цугласан нь илт байсан. Очоод баримтжуулан авч хэвлэл мэдээлэлд мэдээлэх гэж мөн хажуугаар нь ингэж болохгүй талаар ухуулах гэж оролдсон. Тэгэх боломж олгоогүй. Олон хоног гадаа хоносон хүмүүс ойлгохгүй байсан. Тэгээд телевиз авчирч сурвалжлуулна гэж хэлээд хотод ирцгээсэн. Тэр өглөөнөө ТВ9-ийн Мэдээний албаны дарга Б.Ганбаяр луу залгаж сурвалжлах баг явуулж мэдээ авахыг хүссэн. Байдал нилээн хүнд, цагдаагийн тусламжтай очихгүй бол уурлаж бухимдсан хүмүүс телевизийг буруугаар ойлгох вий гэж сануулсан. Тэр өдрийн үдээс хойш над руу Эрүүгийн цагдаагийн газрын хошууч н.Мөнхбаяр ярьж танил Золжаргал чинь энд байна, та бас хүрэлцэн ирж Эмээлтэд юу болсон талаар тайлбар хийнэ үү гэсэн. Түүний дагуу очиж зохих тайлбараа хийсний дараа Цагдаагийнхнаас тэнд нэн яаралтай очиж байдлыг шалгаж хүмүүсийг хонуулахгүй байлгах талаар арга хэмжээ аваач гэж хүссэн. Ердөө ийм л зүйл болсон.
Энэ явдлыг ашиглах гэсэн тодорхой хүмүүс байх шиг байна. Нэг ийм намнах технологи манайд дэлгэрээд байх шиг. Зөв зүйл хэлж эх орноо өмөөрсөн болгоныг боогдуулан мохоохын тулд эхлээд ямар нэг зохиомол хэрэг тохоод зориуд харлуулан нийтэд өргөнөөр мэдээлдэг. Тэгээд олон нийтийг худалд дасгаж байгаад сайнуудыг дардаг. Энэ аргаараа биднийг мохоон гэж бодож байгаа бол мохохгүй. Харин улам ирлэгдэнэ. Өөрийгөө илээж өрөөлийг хурцалж өнжүүлийн хөх билүү болно гэсэн үг бий. Хувь хүнийг адлах нэг хэрэг, байх асуудал. Харин ДМ-ийхэн ард түмэнтэй байсныхаа төлөө, эрхэм үйлийнхэн төлөө яагаад адлуулах ёстой юм. Бид яагаад өнөөдөр үнэн хэлснийхээ төлөө эмээх ёстой юм. Яагаад хүн үнэнээрээ байгаагийнхаа төлөө өнөөдөр буруудах ёстой юм. Хүн худал хэлхээсээ, эх орноосоо луйвар хийснээсээ ичих ёстой. Талийгаач С.Зоригт шиг монгол хүний саруул оюун ухаанд итгэдэг. Яагаад та нар ингээд цуцашгүй тэмцдэг юм гэж асуудаг. Бид Монгол улсын агуу түүхэд, ирэх сайхан ирээдүйд итгэдэг учраас ийм зүйл хийдэг. Монголчууд хоорондоо ойлголцож хамтдаа байх ёстой. Энэ энгийн боловч байхгүй болсон зүйлийг дахин бий болгох хэрэгтэй. Эсэргүүцлээр биш эцсийн дүндээ бид саруул оюун ухаанаар шийднээ. Үндэсний язгуур эрх ашгийн доор хамтаараа бүхнийг шийдэж мандан бадарнаа. Үнэн гэж байгаа, үнэнээр явж байгаа залуучууд хүчтэй!" гэсэн юм.