Жил бүрийн зуны эхэн сарын шинийн 15-нд Бурхан багшийн их дүйчин өдөр тохиодог. Тэгвэл эл өдөр нь өнөөдөр юм. Энэ өдөр Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, бурхны хутаг нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл давхцсан бэлэг дэмбэрэлтэй өдөр юм. Тодруулбал, 2500 жилийн тэртээ Бурхан багшийн эхээс мэндэлсэн, 37 нас сүүдэртэйдээ төгс гэгээрч, Бурхны хутгийг олсон, мөнхүү 81 сүүдэртэй гаслангаас хагацан нирваан дүр үзүүлсэн хэмээх гурван их үйл зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр тохиодог юм.

 

Эл өдрийг бурхны шашинтай дэлхийн бүх улс орон бүр тэмдэглэдэг бөгөөд одоогоос арван жилийн өмнө НҮБ-аас Бурхан багшийн их дүйчэн өдрийг тэмдэглэх шийдвэрийг гаргасан байдаг ажээ. Тодруулбал, бурхны шашинт Азийн бүх улс орнууд болон Европын холбооны зарим улс орнууд, Австрали тивд "Будда Весак", "Сакадава", "Будда Пурнима" гэх зэрэг нэрэн дор дэлхий дахинаа өргөн дэлгэр тэмдэглэн заншжээ.

 

Монголчууд бид энэхүү түүхт өдрийг 1990 оноос хойш "Бурхан багшийн их дүйчин өдөр" нэрийн дор энэрэл нигүүслийг дэгжээх, эрдэм мэдлэгийг эрхэмлэх, гэгээрэл бясалгалыг чухалчлах, өв соёл, ёс заншлаа өвлүүлэн үлдээх эрхэм зорилготой эв санаа, эрдэм соёлын өдөр болгон тэмдэглэсээр ирсэн юм.

 

Үүнээс өмнө нийгмийн нөхцөл байдалтай холбоотойгоор энэ өдрийг тэмдэглэхээ больсон байсан гэдэг. Гэхдээ 1970 оны үед тэмдэглэж байсан түүхтэй.

 

Үүнээс гадна иргэд Бурхан багшийн их дүйчин өдөр махан хоол иддэггүй хэмээдэг. Харин шашин судлаачдын хэлдгээр энэ өдөр биеээрээ хүнд муу үйл харуулахгүй байх, сэтгэлдээ муу зүйл бодохгүй, хэлээрээ хүн амьтанг муулахгүй, хулгай дээрэм хийхгүй байх өдөр юм. Мөн архи дарс ууж мах их идэх нь муу үйлд тооцогддог байна. Тиймээс цагаан хоол идэж гэр бүлээрээ халуун дулаан үг хэлж инээж хөхөрч эвтэй найртай, дуутай хууртай, хайр энэрэлтэй байх ёстой аж. Түүнчлэн хүн бүхэн энэ өдрөөс эхэлж муу бүхнээс хагацаж сайн үйлийг бүтээж, гэгээрэлд хүрч болдог юм гэдгийг ойлгож ухаарах өдөр ажээ.

 

Өнөөдөр тохиох Бурхан багшийн их дүйчин өдөр Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд болон нийгмийн сайн сайхны төлөө Бурхны шашны сургаал номлол, ёс суртахуун, зөв амьдрах ухааныг олон нийтэд таниулах чиглэлээр сургалт, үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, төвүүд хамтран Чингисийн талбайд “Эвээр нэгдэж, энэрлээр бүтээе” уриан дор дараах үйл ажиллагааг тохион байгуулах ажээ.