Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгээс энэ сард оффшор данстнуудын мэдээллийг зарласан билээ. Манай улсаас гэхэд л давхардсан тоогоор 49 хүний оффшор данс илэрсэн байгаа. Тэгвэл дэлхийн улс орнууд оффшор данстнуудыг нэлээд буруутган эхнээсээ хариуцлага хүлээлгэж буй юм.

Хэрхэн оффшорын эсрэг ажиллах вэ гэдэг асуудлаар 82 орон нэгдэн ажиллахаар болжээ. Тодруулбал үүнд нэгдэн орсон улсууд 2017-2018 онд өөр хоорондоо санхүүгийн бүх мэдээллээ хуваалцах юм байна. Дэлгэрэнгүй хэлвэл, бүх гишүүн орон өөрсдийн мэдээллээ ил тайлагнах хуваарьт хугацаатай болжээ.

Ингэснээр хууль бусаар оффшорт мөнгө нуухыг хориглон, улс эх орныхоо эдийн засагт хувь нэмэр болно гэж үзэж байгаа ажээ. Татварын тогтолцоогоо эрүүлжүүлэхээр шийдсэн улс орны дунд Канад, АНУ, Хятад, Энэтхэг, ОХУ, Индонез, Өмнөд Солонгос, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс гээд нэрлэж болно. Монгол Улс мэдээж үүнд нэгдээгүй. Яагаад гэхээр оффшортнуудыг байх ёстой мэт санаж, ямарч арга хэмжээ авахгүй байгаа улс манайх. Мөн ядуу буурай орнууд манайх шиг байдалтай байдаг байна.

Уг нь ЭЗХАХБ-ын Нарийн бичгийн дарга Анжел Гурриагийн сануулж буйгаар дэлхий улам л жижигхэн болж байгаагийн дээр шударга татвар төлөлтөд нэгдээгүй улс орнуудыг дуртайяа эгнээндээ нэгтгэхийг уриалжээ.

Ямартай ч 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримт нотолгоо бүхий 11.5 сая нууц баримтууд илэрсэн байгаа. Эдгээр баримтууд нийтэд ил болсонтой холбогдуулан гадаадын улс орнууд оффшор данстай иргэд албан тушаалтнуудыг шалгаад эхэлчихсэн.

АНУ, Франц, Испани, Австри, Австрали, Энэтхэг, Бельги зэрэг улсууд оффшор данстай улстөрч, албан тушаалтан, байгууллагуудтай хариуцлага тооцохоо мэдэгдсэн байгаа. Тухайлбал нэрт хөлбөмбөгчин Леональ Мессид Испанийн прокурор татвараас зайлсхийсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа аж.

Харин Япон улс нууц данстай иргэд албан тушаалтнуудаас байцаалт авч эхэлсэн ба зарим иргэдийг цагдан хорьсон тухай тус улсын хэвлэлээр мэдээлсэн. БНХАУ оффшор данстай иргэн албан тушаалтнуудыг шалгаж буй.

Н.Чимэг