Дотоод гоо сайхнаа тордох гурван арга
2016/05/21
Арьс, үс, хумс маань арчилгаа дутуугаас болоод хөгширч, гандахад бид “Муудаж л байхгүй юу” гээд тэр чигт нь хаячихаж чаддаггүй шүү дээ. Зөвхөн гадаад биш, дотоод гоо сайханд ч байнгын тордлогоо хэрэгтэй, үүнийг ч бас амьдралынхаа туршид тоолгүй орхиж болохгүй. Тэгвэл нэг л мэдэхэд бид өөрсдийгөө танихаа больтлоо өөрчлөгдчихнө. Сайхан чанараа улам зүлгэж гэрэлтүүлцгээе.
Дотоод гоо сайхан бол бидний нүдэнд харагддаггүй ч, бусдын болон өөрийн сэтгэлд мэдрэгддэг тэр “төрх” юм. Мэдрэхүйнээс мэдрэмж илүү хүчтэй учраас дотоодтойгоо авцалдаагүй гадаад төрх биднийг ихэнхдээ л хуурч чаддаггүй.
Дотоод гоо сайханд ч бас арчилгаа тордлогоо шаардлагатай, үгүй бол амьдралын нугачаа, асуудал бэрхшээлүүд, хашир зан, бусдын хүлээлт, нийгмийн шаардлага зэрэг нь бидний төрөлх чанарыг өөрчилчихдөг. Алмазыг хөөнд хэчнээн дүрсэн ч алмаз хэвээрээ л байхтай адил зүлгээд гаргавал мартагдсан гоо сайхан ч харц, үг, үйлдэл, инээмсэглэл, хандлагаар дахин гялалзаж гэрэлтэх шидтэй.
Хорвоог уяраахаар төрсөн бүсгүйчүүд бидэнд онцгой их хэмжээгээр олгогдсон тэр дотоод гоо сайхан гэгчийг үргэлж хадгалахын тулд бид юу, юу хийж чадах тухай өөрийн бодлоо буулгалаа. Сайн бодоод үзтэл үе шатууд нь арьс арчилгаатай их төстэй юм гээч?
1. Гуужуул
Гуужуулалгүй удсан арьсны зүс нь гундаж, хар саарал, зэвхий өнгөтэй болдгийг бид мэднэ. Өнгөө алдсан, үхэжсэн арьстай өөрийгөө толинд харахаар л “Би ийм царайтай билүү?”, “Би үүнээс ч илүү үзэсгэлэнтэй шүү дээ” гэж хэлмээр болдог шүү. Дотоод гоо сайхан ч бас үхэжсэн хэсэгтээ даруулчихвал бараан өнгө татуулаад л явчихдаг.
Арван жилийн уулзалтаар ангийн маань охин надад өөрийнхөө өнгөрсөн амьдралыг аминчлан ярив. Тэр маань анх хүнтэй гэрлэхдээ арван наймтай, инээж эрхлэхээс өөрийг мэддэггүй, нөхөртөө уцаарлаж зандрах байтугай тоглоомоор ч муухай үг хэлж зүрхэлдэггүй, тэгтлээ хайрлаж хүндэлдэг охин байжээ. Гэтэл тулга тойрсон маргаанууд, мөнгө санхүүгийн асуудлуудад дарагдсаар нэг л мэдэхэд уурлахаас өөрийг мэддэггүй, нөхрөө харддаг, тэгсэн мөртлөө тэврэх гэхээр нь цааш нь түлхдэг, толгойныхоо дээр аадрын хар үүлс цуглуулсан юм шиг л ааштай амьтан явдаг болж. Өдөр бүр стресстэхдээ “Чамаас болж би хайран сайхан залуу насаа алдлаа” гэж үглэдэг байсан гэнэ. Гэтэл нэг удаа нөхөр лүүгээ чанга чанга орилж байхдаа хөмсгөө зангидаж, харцаа хурцалсан өөрийгөө машины толинд хараад л гэнэт “Би чинь ийм хүн биш шүү дээ” гэж бодсон гэсэн. Тэр толинд өөрийгөө зөвхөн үнсүүлж байгаагаар, инээж байгаагаар л хардаг байсан аж. Амьдрал руу буруугаа чихэх гэсэн ч, яг бодоод үзвэл амьдрал нь бас тийм ч муу байгаагүй, тэд тэгтлээ их зовоогүй, зүгээр би л өөрөө өөрчлөгдчихсөн байна гэдгээ ойлгосон хэмээн надад хуучилсан юм. Хүн өөрчлөгддөг, үүнийг буруутгах аргагүй. Гагцхүү ямар хүн гэдгээ мартталаа үхэжсэн “арьс” –ндаа хууртагдаж болохгүй. Түүнийг гуужуулах хэрэгтэй, үрээд зүлгээд унагаах хэрэгтэй байх.
Саяхан телевизээр гарч байсан нэг арьс гуужуулагчийн сурталчилгаан дээр “Хүүхдийнх шиг торгомсог, зөөлөн арьсыг тань ил гаргана” гэж байна. Гуужуулна гэхээр нээрээ цаана нь нуугдаж байгаа хүүхдийн чанарыг нааш нь гаргана гэсэн үг юм байна шүү. Дотоод гоо сайхны хамгийн сайн гуужуулагч бол хүүхэдтэй ойр байх, хүүхдээс суралцах юм. Хүүхдүүд бол төгс багш. Хүүхэд хүний хамгийн гайхалтай чанарыг нээж гаргадаг. Бид том болох тусмаа л хир тоосонд даруулж, амьдралын сайхныг мэдрэхээ больж, уран төсөөллөө мартаж, мөрөөдөл биелдэг гэдэгт итгэхээ больсоор байна. Бас хүмүүстэй харьцахдаа ч үргэлж “шүүлтүүр” хэрэглэх болж, юм бүхэнд шалгуур тавьж эхэлж байна. Харин хүүхдэд тийм зан байхгүй. Тиймээс хүүхдээсээ, дүүгээсээ байнга өөрийгөө тольдож, тэд чамд байсан ямар нэг зүйлийг сануулахад нь анзааргатай байгаарай.
Мөн өөрийгөө жаргалтай болгодог зүйлсийг олж хийн, цаг мөч тутамд өөдрөг сэтгэл, эрч хүчээр дутахгүй явбал чамайг өөрчлөх гээд байгаа амьдралын багахан зовлон бэрхшээлүүд тогтож суухгүй, өөрөө аяндаа “унаад” л байх болно. Өдрөөс өдөрт нэмэгдэж зузаарах гэж оролдох үхэжсэн арьсаа үл тоомсорлож, өмнө нь ямар байснаа үргэлж санаж байя. Жаргалтай байгаа үеэ үргэлж зурганд буулга, тэмдэглэлийн дэвтэрт үлдээ, найз нөхөддөө ярьж дуурсга. Өөрийгөө алдаад ирэх үед тэр бүхэн үнэхээр хэрэг болно.
2. Зөөлрүүл
Зөөлөн байна гэдэг эмэгтэй хүний дотоод гоо сайхны салшгүй нэг хэсэг. Нинжин, нигүүлсэнгүй сэтгэл, уучлал, хайр энэрэл бүгд эмэгтэй хүнээс л эхтэй. Олон зүйлийг туулж, тэвчиж явааг чинь мэднэ л дээ. Гэхдээ сайртсан арьсанд иллэг хийж, тос түрхдэг шиг хатуужих тусмаа давхар өөрийгөө дандаа дотроос нь илэн, тэвэрч, зөөлрүүлж байгаарай. Хатуу чанга байх гэсээр бид заримдаа бидэнд хайр хэрэггүй юм шиг, найз нөхөд шаардлагагүй юм шиг аашлах гээд байдаг юм. Дэлхийд алдартай том компанийн удирдагч эмэгтэй нэгэн ярилцлагадаа “Энэ агуу компанийг авч явна гэж шийдсэн бол найз нөхдөөсөө ч татгалзаж чадахаар тийм чанга байх ёстой” гэж ярьсан байсан. Гэхдээ эсрэгээрээ хүнийг хайрладаг хүн л сайн удирдагч байдаг гэж ч би бас сонсож байлаа.
Хэний ч зовлон, өөрийн ч зовлон өөрт падгүй юм шиг харагдах хахир хатуу сэтгэлийн ул мөр нь ганцаардал, айдас, амьдралын сөрөг туршлагуудаас үүдэлтэй байдаг. Чиний сэтгэл ч бас салхинд хатаж, жаварт хайрагдсаар сайртаж хатуурах гээд байвал цаг алдалгүй л зөөлрүүлээд бай. Хатуу ширүүн байдлаа хүчирхэг байна гэж бүү эндүүр. Энэ бол сэтгэл гэдэг эрхтэн зөөлөн чанараа алдаж байгаагийн л шинж юм.
3. Хамгаал
Эгч маань урд хөршид санхүүгийн менежментээр магистрын цолыг өндөр голчтой хамгаалж ирчихээд одоо нэг жижгэвтэр компанид, дундаж цалин аваад жаргалтай нь аргагүй ажилладаг юм. Өчнөөн олон том боломж байхад гэж аав ээж загнадаг боловч “Би өмнө нь өөр газруудад ажиллаж үзсэн ш дээ. Мөнгөтэй харьцах ажил хэцүү. Харин энд надад амар тайван байдаг юм аа” гээд үгийг нь ер авдаггүй.
Нэг орой би эгчдээ “Та энэ ажилдаа ингэтлээ хоргодоод байдгийг бодоход нэг л өөр юм байна даа?” гэж хэлсэн чинь “Манай ажлын хүмүүс надад их таалагддаг. Хар буруу санаагүй, хүүхэд шиг цайлган, хөгжилтэй хүмүүс бий. Би үнэндээ амиа л бодож байгаа байхгүй юу. Тэдэнтэй хамт байвал гол нь би эвдрэхгүй. Юм юмнаас ашиг унагаах гэсэн, хүний нүдийг хуурах гэсэн хүмүүстэй ажиллаад байвал эгч нь өөрөө ч дотоод хүнээ алдана. Эндээ ажиллах нь миний өөрийгөө хамгаалж байгаа арга” гэж хариулж байсан.
Дотоод гоо сайхан гэдэг эмзэг, гэнэн зүйл. Юуны ч нөлөөнд автаж, алдагдаж болох тийм л зүйл. Башир юмсаар дүүрсэн энэ цаг үед сэтгэлдээ хиргүй амьдарна гэдэг өөрийнхөө өмнө хүлээж буй үүрэг хариуцлага гэлтэй. Биднийг зүрхээрээ баян болгодог төрөлх мөн чанараа гээхгүйн тулд бид дотоод гоо сайхнаа гуужуулж, зөөлрүүлэхээс гадна үргэлж хамгаалах ёстой бололтой.
Харин яаж тэр вэ? Зөв хүмүүсээр хүрээлүүлж хамгаал. Тэд чамайг буруу тийш нь алдахгүй. Зөв зүйлийг үзэж, дуулж хамгаал. Сайхныг хардаг нүд л сайхан байдаг гэсэн Одри Хэпбюрний үг энгийн бөгөөд агуу шүү. Гадны нөлөөнөөс ангид байж хамгаал. Жамаараа явах гэхэд ч чамайг зүгээр суулгахгүй, эвдэх гэдэг хүмүүс олон байдаг. Бас өөрөө өөрийнхөө буруу бодлоос хамгаал. Адын сэтгэлдээ дийлдэж дэмий юм бодохыг алийг тэр гэхэв, тэр бодлоо хөгжүүлж дэвэргэхгүй л байхад болно оо.
Гадаад гоо сайхнаа хүүхэлдэй шиг тордсон ч, дотроосоо муудаад байгаа хүний нүд нь өөрчлөгдөөд л ирдэг. Ботокс тариулж, арьсаа татуулаад, уг нь бол өөрийгөө толийтол нь арчилчихсан байгаа ч цаанаа л нэг “хөгширсөн”, юманд итгэхээ байчихсан нүднээс би лав их айдаг. Дотор муухайрмаар.
Хаа ч билээ “Хажууд нь байхад тайван байгаа хүнийг сайн хүн гэнэ” гэж бичсэн байхтай таарч байсан. Хэрвээ чи тусдаа хүн болоод, өөрийнхөө дэргэд байсан бол сайхан санагдаж, тайвшрахаар байна уу? Хааяа хааяа өөрөөсөө ингэж асуугаад үзээрэй.
Хүний дотор бурхан чөтгөр хоёр зэрэгцэн оршдог гэдэг. Аль талыг нь дэмжихээ ухамсар маань л шийддэг. Дотоод гоо сайхнаа тордоно гэдэг товчхондоо үргэлж бурхнаа л дэмжээд, тэтгээд байхыг хэлж байгаа юм болов уу. Бурхны сургаальд ингэж заасан байдаг юм.
“Бүх зүйл сэтгэлээс үүдэлтэй тул
Буй юмсыг бид сэтгэлийн үүднээс хардаг”...
Эх сурвалж: www.Goolingoo.mn