“Монгол кино” нэгт­гэлийн захирал Ж.Солонгыг Эрүүгийн цагдаагийн газ­раас шалгаж эхэлсэн бай­на. Учир нь түүний  сар шинийн өмнөхөн Оюун­чимэг, Б.Дэлгэрэх, Нэр­гүй, Бадамханд зэрэг ах­мадуу­дад  Монгол Улсын соё­лын тэргүүний ажилтны хуу­рамч  үнэмлэхийг гар­дуулж өгснөөр эл хэрэг манд­сан  юм.

Түүнээс өмнө хэсэг уран бүтээлч Ж.Солонго за­хир­лыг  “Монгол кино” нэгт­г­лийн үйлдвэрийн  ха­шаанд баригдсан барилгаас нэлээд хэдийг нь  хувьдаа завшсан.

 

Түүнчлэн кино үйлдвэрт байх ёстой үнэт зүйлсийг үгүй хийсэн тухай мэдээлэл өгч байсан. Ийм хэргүүд мандаад  бай­хад тэрбээр өөрийгөө  ямар ч буруугүй. Хуурамч үнэм­лэхний тухайд гэвэл  “Би бу­руугуй,  яам л буруутай” гэ­сэн тайлбарыг  хэвлэл мэ­дээллийн хэрэгслээр өгч,  БШУЯ-тай ширүүхэн мар­гаан үүсгээд байгаа юм.  Ха­рин түүний хэлснийг  яам­ны­хан  үгүйсгэж “Ямар ч хү­­нийг шагналд тодор­хойл­сон албан бич­гийг манайд  ирүү­лээгүй” гэд­гийг ба­тал­саар  байгаа.



Түү­нийг “Яагаад  өөрийн буруутай үйлдлээ яам руу чихэж байна” гэж олон гайхаж янз, янзаар тайлбарлаж байгаа юм. Ингээд түүний ойр орчмын хүмүүс юу гэж ярьсаныг хүргэж байна.

 

Кино найруулагч Б.Ганболд: Эхнэр Ш.Солонгоороо бамбай хийж байна

Сар шинийн өмнө Ж.Солонго дөрвөн ахмад настанд  СТА цолны үнэмлэхийг нь гардуулж өгсөн байна билээ. Түүний өгсөн ярилцлагуудыг уншаад үнэхээр инээд хүрч байна. Өөрийн буруутай үйлдлээ төрийн яам руу чихэж байгаа нь гахайлтай. Мэдээж түүний эхнэр Ш.Солонго нь төрийн өндөр албан тушаалыг хэдэн засгийн үед хашиж ирсэн учраас  бүх булхай луйврыг нь хаайцайлна гэж бодож  байгаа байх.



Мөн ч их зоригтой хүн юм даа. Бид өөрсдийн тавьсан нэлээд хэдэн үндэслэлээр түүнийг АТГ-т шалгуулахаар өгөөд байгаа.  Учир нь  түүхийн үнэт эдлэл болох мөнгөн хэрэглэл, хаш соруултай гаанс гэх зэрэг  кино үйлдвэрт байсан үнэт эдлэл одоо үгүй болсон. Энэ бүхэн Ж.Солонготой л холбоотой. Бид  тэдгээрийг кинонд хэрэглэдэг байсан юм. Их хэмжээгээр биш ч гэлээ тав, зургаан иж бүрдэл эртний эдлэл шүү дээ.

 

Мөн жижиг хэрэглэл дотор 3000 гаруй цэрэг эмээл байсан. Одоо байхгүй  болсон. Бид “Үхэж үл болно” киног хийхдээ хувь хүн гуйж захиалгаар150 эмээл хийлгэсэн. Хэрэв “Монгол кино” нэгтгэлд байсан бол тэндээсээ л авч хэрэглэнэ шүү дээ. Хэрвээ  АТГ-аас түүний хэргийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзвэл бид олон нотой, ноцтой баримтуудыг  нэмж дэлгэх болно.



Өнгөрсөн жилүүдэд Ж.Солонготой холбоотой ноцтой хэргүүдийг түүний эхнэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонго хаацайлж байсан гэх хардлага олон нийтийн дунд төрөөд байгаа. Тэгвэл саяны гарсан СТА цол тэмдгийг бас нуух гэж байгаа юм болов уу гэх хардлага ч байна.



Учир нь өнгөрсөн нэг­дүгээр сард Ж.Солонгыг огцруулах тухай саналыг Монголын кино урлагийн зөвлөлийн уран бүтээлчид Монгол Улсын Засгийн газрын сайд Ч.Сайханбилэгт өргөн барьж байсан. Гэтэл энэ бичгийн хариу одоог хүртэл ирээгүй байгаа юм билээ. Үүгээрээ уран бүтээлчид одоо гараад буй хэрэгт томчууд оролцож, энэ хэргийг  бүр мөсөн нам дарах гэж байна гэж ярьж байсан юм.


Ингээд бид БШУЯ-ны Бичиг хэргийн ажилчдаас хуурамч үнэмлэхний тухай тодруулсан юм.

 

Ж.Солонго манай яамыг  гүтгэж байгаад гайхаж байна

Ж.Солонго яагаад ийм худал зүйл ярьж байгаад гайхаж байна. Учир нь бид архивынхаа бүх бичиг баримтыг шүүж үзэхэд Монгол кино нэгтгэлтэй  холбоотой ганцхан мате­риал өнгөрсөн онд ирсэн байна. Тодруулбал байгуул­лагын ой тэмдэглэх тухай гурван хуудас албан бичиг. Үүнээс өөр мэдээлэл ирээ­гүй байна. Товчхондоо түүний яриад байгаа шиг “Жигжид” сан төрийн бус байгууллагаас  СТА-д ажилчдаа тодорхойлсон  баримт бичиг ирээгүй гэсэн үг.

 

Хэрвээ ирсэн тохиолдолд бид нэг бүрчлэн бүртгэж авдаг. Мөн хоёр яам салах үеэр шагналтай холбоотой бүх материалыг ССАЖЯ-нд  явуулсан. Албаны хүний хэлж буйгаар Ж.Солонго тус яам руу ямар ч хүний нэрийг явуулаагүй аж. Гэтэл тэр “Би юу гэж хуурамч бичиг баримт үйлдэж ажилчдаа шагнах юм бэ. Надад тэгэх шаардлага байхгүй”  гэсэн тайлбар өгч байх юм.

 

Ж.Солонго: Хэрвээ СТА  цол тэмдэг хуурамч байх юм бол яам хариуцах ёстой

Яагаад ийм яриа гараад байгааг би ойлгохгүй байна. “Д.Жигжид”  сангаас дөр­­вөн хүнийг СТА-нд то­дор­хойлж,  хүсэлт гар­гаж бичиг баримтыг нь өн­гөрсөн оны зургаадугаар сард яам руу явуулсан. Гэтэл долоодугаар сарын дундуур яамнаас над руу  яриад “Танай дөрвөн хүний СТА цол, тэмдэг гарсан.  Ирж аваарай” гэж хэлсэн. Уг нь  авсан шагналаа ах­мадын баяраар өгөхөөр зэхэж байгаад амжилгүй сар шинийн өмнө зөвхөн үнэмлэхийг нь гардуулж өгсөн.



Тэмдэг нь хараахан гарч амжаагүй байна гэж байсан. Заримдаа тэмдэг нь гардаггүй үе байдаг юм. Хүмүүсийн яриад байгаа шиг би Ё.Отгонбаярын гарын үсгийг хуурамчаар хийгээд яах юм. Яамны тамгыг хуурамчаар дарж болохгүй шүү дээ. Тэгээд ч СТА цол, тэмдэг бол миний өгдөг шагнал биш, яам өгдөг. Хэрвээ энэ цол тэмдэг нь хуурамч бол яам л  хариуцах ёстой.



Би гайхаад байна л даа. Энэ сарын 15-нд  СТА цол, тэмдгээ авахаар Б.Дэлгэрэх  ССАЖЯ-нд очсон байна. Гэтэл “Наадах чинь хуурамч үнэмлэх байна” гээд хурааж авсан гэсэн. “Яагаад хуурамч байдаг” юм гэхэд “Ийм хуурамч үнэмлэх сонгуулийн үеэр их гарсан. Гэхдээ таны тэмдэг удахгүй гарна” гэж хэлсэн байна билээ. ССАЖЯ-нд ажилладаг Баянзул гэх нөхөр миний араар хэл ам хийж явдаг хэсэг хүмүүсийн ард байдаг гэсэн. Баянзул хэв­лэлийнхнийг дуудаж дээрх  мэдээллийг өгсөн гэсэн.



Би дахин хэлье.  Боловс­рол, соёл шинжлэх ухааны яам хоёр хуваагдахад ма­най хүмүүсийн материал БШУЯ-нд үлдсэн гэсэн. Үнэхээр буруу зүйл хийсэн гээд байгаа бол цагдаагийн газраас нь шалгах байх.  Шалгаасай гэж хүсч байна. Тэрбээр ийн хариулт өгсөн юм. Ингээд бид хууч­наар БСШУЯ-ны шагнал хариуцсан хүмүүстэй уулзсан юм.

 

Ж.Солонгын асуудлыг Цагдаагийн газраас шалгах болсон

Тэр хүнийг ийм ёс зүйгүй  баримтгүй зүйл ярьж яам руу буруугаа чихэж байгаад  гайхаж байна. Тэгээд ч өмнө бид та нарт хангалттай мэдээлэл өгсөн. Энэ хэргийн талаар ЭЦГ-аас ирж биднээс СТА-ны үнэмлэхтэй холбоотой  зүйлийг асууж тодруулсан. Энэ хэрэг цагдаад шалгаг­дах болсон учраас хэрэгт  холбоотой  зүйлийг тэднээс асуусан нь дээр байх. Ямартай ч Ж.Солонго манайд ямар ч материал ирүүлээгүй.

 

Уг үнэмлэхийг скайнердаж хэвлэсэн нь тогтоогдсон шүү дээ. Албаныхан ийм хариулт өгсөөр байхад Ж.Солонго захирал энэ бүхнийг үгүйс­гэж яам руу буруугаа чих­сээр байгаа юм. Тиймээс бид түүний хэвлэлийнхнийг дуу­даж мэдээлэл өгсөн гэх Баянзулаас цөөн зүйлийг тодруулсан юм.

 

Баянзул: Ж.Солонготой өширхөх ямар ч хувийн өс хонзон байхгүй

Ж.Солонго яагаад миний нэрийг яриандаа хавчуулав гэдэг их сонин байна. Надад тэр хуурамч үнэмлэх энэ тэр нь ямар ч хамаагүй. Тэгээд ч би шагнал хариуцсан мэргэжилтэн биш шүү дээ. Би өнгөрсөн онд хуучнаар БСШУЯ -нд тайз дэлгэцийн урлагийг хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Тухайн үед би “Монгол кино” нэгтгэлийн “Түүхийн хүрд” баримтат киноны шалгалтын комисст орж ажиллаж байсан.

 

Тэ­гэхэд ажлын хэсэг тус үйлд­вэрийн баримтат кинонд хангалтгүй гэсэн үнэлгээ өгч байсан. Харин Ж.Солонго хан­галтгүй гэсэн үнэлгээ авсан мөртлөө дахин баримтат кино хийнэ гэж санхүүжилт хүсч орж ирсэн. Мэдээж ажлын хэсэг санхүүжилтийг зөвшөөрөхгүй шүү дээ.  Ингээд л намайг нөлөөлж байна гэж үзээд 2010 онд АТГ-т шалгуулахаар өгсөн. Би буруугүй нь тогтоогдсон. 

 

Дээрх асуудлаас болж надад юм санаж яваа  юм байлгүй дээ. Миний хувьд түүнд янз бүрийн  юм санасан зүйл байхгүй. Мэдээллийг сэтгүүлч нар өөрсдөө ирж холбогдох хүмүүсээс авсан байна билээ. Тэгэхэд миний нэрийг оруулж ярьсанд гайхаж байна. Би шагнал ха­риуцсан мэргэжилтэн биш гэдгийг дахин хэлмээр байна. Сүүлийн үед хэвлэл мэ­дээллээр гараад буй  сен­сацитай мэдээнүүдийн нэг нь “Монгол кино” нэгт­гэлийн захирал Ж.Солонго­той холбоотой  асуудлууд.

 

Түүний тухай ийм  яриа гарахтай зэрэгцэн  хамт ажиллаж байсан зарим хүн “Ж.Солонгоос ямар ч хүн айдаг, их л хэцүү хүн дээ. Бусад руу буруугаа чихэж сурсан их зальтай хүн. Энэ бүхнийг одоо нэг цэгцлэх цаг нь болсон. Хуулийн байгууллага шалгаад эхэл­сэн гэж  байна. Учир нь олдох байх. Юманд хэмжээ хязгаар гэж бий сэн. Үнэнээр явахад үхэр тэргээр туулай гүйцдэг хойно доо” хэмээж  байсан юм.