Т.Аятунгаагийн нөхөр Монголчуудад хандлаа
2013/02/25
Т.Аятунгаа болон түүний ээж Б.Солонго нарт Филиппин улсын хууль сахиулах байгууллагаас “Хүүхдийн эсрэг өдүүлсэн гэмт хэрэг” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.
Энэ дагуу тус улсын шүүх хуралдаж Т.Аятунгаа, Б.Солонго нарыг гэм буруутай тогтоол үйлдэж Олон улсын эрүүгийн цагдаа болох Интерполоор эрэн сурвалжлуулж байгаа.
Харин эл байдлыг Т.Аятунгаа “Би бол хохирогч” гэх өнцөгөөс харж, хүүхдээ хулгайд алдсан гэдгээ дахин дахин илэрхийлж буй. Гэсэн ч түүний аман яриаг баримтаар няцаах үйлдэл удаа дараа гарав. Тодруулбал, өнгөрөгч баасан гаригт түүний хууль бус нөхөр Чарльз Эдвард Красни хувийн “фэйсбүүк” хуудсаараа дамжуулан Монголын иргэдэд хандсан мэдэгдэл гаргалаа.
Тэрбээр “Та бүхнээс миний хувийн амьдралыг хүндэтгэн үзэхийг хүсч байна. Энэ бүх мэдээлэл А.Тэргэлсар болон миний хувьд сэтгэл санааны хангалттай дарамт болж байна. Би энэ “фэйсбүүк” хуудсыг зөвхөн Т.Аятунгаагийн байж боломгүй аймшигтай худал гүтгэлгийн эсрэг нээсэн юм. Монгол Улсын Засгийн газар нээлттэй шударгаар түүний эсрэг үүссэн шалтгаан, нөхцөл байдлыг Филиппин хүмүүсээр шалгуулах эрхтэй.
Т.Аятунгааг хөрөнгө мөнгөний шуналтай, согтуугаар хүүхэддээ хатуу харгис хандаж байсныг түүнийг таних хүн бүр мэднэ. Надад түүний талаар хэлэх ямар ч эерэг зүйл алга. Үүсээд буй асуудал гэр бүлийн хүрээнд яригдах ёстой. Түүнээс хов жив эсвэл хэвлэл мэдээллээр яригдах зүйл биш. Бидний хэрэгт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэтэрхий их ач холбогдол өгч байна.
Түүнийг Монгол Улсын Засгийн газар бусад мөрдөн шалгаж буй хүмүүст худал мэдэгдэл өгч нэр төрийг минь гутаан доромжилж, мөнгө нэхэмжилж авна гэж найдаж байна. Бид өөрсдийнхөө амьдралыг эв найрамдалтай байлгахыг хүсч байна. А.Тэргэлсард хийгдсэн олон сарын эмчилгээ болон эмч нарт хийсэн бүх зүйлийнх нь төлөө чиний өмнөөс би талархаж байгаа” гэжээ.
Түүнчлэн тэрбээр А.Тэргэлсар охины зургийг зарим нэг баримтын хамтаар дэлгэжээ. Гэхдээ түүнд байгаа баримтууд нь Т.Аятунгаа хүүхдээ ямар нэг байдлаар хохироосон гэх нотолгоо болохгүй учраас “баримт” гэх нь зохимжгүй. Өөрөөр хэлбэл, Т.Аятунгаад “тулгасан” хэргийн нотлох баримт нь Филиппин улсын эмнэлгээс гаргасан эмч нарын дүгнэлт дээр тулгуурлаж буй.
Тухайн дүгнэлт А.Тэргэлсар охиныг гэмтсэн гэдгийг тодорхойлж болох ч “эх нь охиноо зоджээ” гэх нотолгоо болж чадахгүй юм. Мөн охины албан ёсны асран хамгаалагчаар Чарльз Эдвард Красни тогтоогдсон нь учир дутагдалтай. Монгол болоод Филиппин улсын хууль тогтоомжид “Хүүхэд насанд хүртлээ эхийнхээ асрамжид байх ёстой” хэмээн заасан байдаг.
Түүнчлэн албан ёсоор гэр бүл болоогүй бол төрсөн хүүхэд эхээрээ овоглож төрсний гэрчилгээг авах ёстой хуулийн заалт бий. Уг хууль тус улсад ч гэсэн хүчин төгөлдөр мөрдөгддөг. Үүний дагуу Т.Аятунгаа нь хүүхдийн албан ёсны асран хамгаалагч. Нөгөөтэйгүүр Олон улсад эх байх эрхийг нь хасах үед хүний эрхийн байгууллагын оролцоотой шийдэгддэг.
Гэтэл төрсөн эцэг нь үнэн боловч хуулийн дагуу ямарч хамаагүй хүнд нэг хүүхдийн хувь заяаг атгуулж байгаа нь сонин. Гэхдээ үүнд, манай талаас Хүний эрхийн байгууллага оролцож, Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газар шалгаж түүнийг Филиппин улсаас гарах эрхийг нь хасаад буй юм. Ямартай ч өмнө нь “хүүхдээ амьд эсэхийг мэдэхгүй байна” хэмээн хэвлэлийнхэнд хандаж байсан Т.Аятунгаа хүүхдээ эсэн мэнд бойжиж буйг “экс” нөхрийнхөө фэйсбүүк хуудаснаас харсан байх.
Б.Ширнэн