УИХ-ын 2016 оны сонгуульд Баянхонгор аймагт нэр дэвшин өрсөлдсөн МоАХ-ы дарга, Монголын Жүдо Бөхийн Холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-аас нэр дэвшсэн Л.Элдэв-Очирт ялагдсан билээ.

Харин Х.Баттулга ялагдлаа одоо хүртэл хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд "Хятадын хөрөнгө оруулалттай компани монголын сонгуулийг шийдэж байна" нэртэй өгүүлэлдээ: " 2004 оноос хойш 2005, 2008, 2009, 2012, 2013, 2016 гээд олон сонгуульд нэр дэвшсэн, ажилласан миний хувьд 2016 оны УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль "ер бусын" болж өнгөрлөө.

Сонгуулийн сурталчилгааны явцад хэт улс төржих, намууд нэгнийгээ газар доогуур ортол муулах, санал авахын тулд яахаас ч буцахаа больж улайрах, элдэв арга сэдэх, санал илүү дутуу тооллоо гэж маргалдах зэрэг бол байдаг л ердийн үзэгдэл. Царцааны нүүдэл ч шинэ юм биш. Тэгвэл яагаад, юугаараа ер бусын болов? гэж асуух байх. Энэ нь нэг үгээр тайлбарлахад түвэгтэй асуудал учраас тогтож ярьцгаая.

Улс төрийн тэмцэл дотоодын асуудал биш болсон

2016 оны сонгууль намуудын хооронд бус Ардчилсан нам ба нам дамнасан бүлэг, тэдний ард нуугдаж байгаа гадны хөрөнгө оруулалтын хооронд өрнөлөө гэдгээс эхлэе.

Царцааны нүүдэл гэх бохир аргачлалыг улс төрийн нам бус гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд ашиглаж, монгол төрийг сонгох явцыг будлиантуулсанд анхаарлаа хандуулах шаардлага тулгарч байгааг би хэлэх гээд байгаа юм.

MCS групп өөрийн харьяа охин компаниудаас 7000 ажилтныг дайчлан компанид нь хамаарал бүхий нэр дэвшигчдийг дэмжүүлэхээр Хөвсгөл, Баянхонгор, Увс аймгууд руу түр шилжүүлсэн нь маш олон баримтаар нотлогдсоор байна.

Увсын 31 дүгээр тойрогт (2778), Хөвсгөлийн 39 дүгээр тойрогт(2400), Баянхонгорын 9 дүгээр тойрогт(1913) шилжин санал өгөгсөд орон нутгийн иргэдийн өмнөөс шийдвэр гаргаж, нутгийнхан 4 жил "өөрсдийн бус" төлөөллийг УИХ-д суулгах ёстой болж таарав. Намайг унасандаа гоншгонов, ялагдаж сураагүй байна гэх мэтээр яаран муулах гэж байгаа хүмүүст би нэг зүйлийг хэлье.

Хэрвээ орон нутгийн иргэдийн саналаар УИХ-ын гишүүнийг сонгохгүй юм бол яах гэж 76 тойрогт хуваасан байх вэ? Орон нутгийнхны сонголт хамаагүй гэх байсан бол хувь тэнцүүлсэн сонгууль явуулаад, Монгол Улсыг бүхэлд нь 1 тойрог гэж үзэх ёстой байсан.

Чухамдаа газар нутаг, иргэний харьяаллыг хамгийн ихээр харгалзан үзэх, Монгол Улсын засаг захиргааны нэгжүүдэд амьдарч байгаа иргэд төрд төлөөллөө жигд сонгох үүднээс мажоритар системээр сонгууль явуулсан шүү дээ...

Намайг Тавантолгойн ордыг ард түмний өмчлөлд авч үлдэх, эх орноо үйлдвэржсэн,эъспортын олон тулгууртай бодлоготой, дэд бүтцийн хувьд бусдаас хамааралгүй, эдийн засаг нь бэхжиж, тусгаар тогтнолоо баталгаажуулсан улс байлгахын төлөө хамаг бүхнээ зориулан ажилласны төлөө өнгөрсөн 3 жилд хангалттай баалж доромжлон, гүтгэж, гүжирдэн улс төрөөс зайлуулах гэж бүхий л аргаа шавхаж байгаа нам дамнасан бүлэглэл зорьсондоо хүрлээ.

Та нар, "нүүрсчин бүлэглэлийнхэн" ингээд л Монгол Улсыг өөрсдийн шунал хүсэлд захируулан гадныханд өгөх, хувааж идэх замаа нээчихлээ гэж бодож байгаа бол эндүүрэл. Баярлах цаг чинь болоогүй гэдгийг хатуу сануулъя. Намайг амьд байхад гадны гар хөл бологсод, урваач шарваачид дардан замаар давхихгүй ээ." хэмээн бичсэн юм.

УИХ-ын сонгуулийн дараа Засгийн газрыг бүрдүүлэх үетэй зэрэгцэн, Шинэ төмөр зам төслийг хэрэгжүүлэх үедээ их хэмжээний мөнгө луйвардсан хэрэгт шалгагдаж буй Х.Баттулга нарын хэргийн мөрдөн байцаалт дуусч, түүнийг яллагдагчаар татаад буй билээ.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор МоАХ-ы хэсэг гишүүд түүнийг огцруулах нь зүйтэй гэсэн саналыг гаргажээ. Тэр бүү хэл түүний оронд УИХ-ын гишүүн Ж.Батзанданг МоАХ-ы даргаар сонгох нь зөв гэсэн хувилбар ч яригдаж эхэлжээ. Гэхдээ энэ бүх үйл явдал 2016 оны олимпийн наадмын дараа болох аж.

 

Э.Мягмардорж

 

Эх сурвалж: www.sonin.mn