Шатдаг занарын аюул 16 суманд заналхийлж байна
2013/10/09
АНУ, Францын хамтарсан хөрөнгө оруулалттай “Жени ойл шэйл Монголиа” компани шатдаг занарын хайгуул хийж, Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг Дэлийн хөндий гэх ховор ургамал, амьтан бүхий газар нутгийг ухаж эхлээд байгаа талаар өмнө нь бид мэдээлж байсан. Тэгвэл хөрөнгө оруулагчдыг Монгол руу татах нэрийдлээр шатдаг занар болон уран олборлох гэж байгаа Францын компаниудад Шинэчлэлийн Засгийн газар найр тавин хандаж байгааг ямар ашиг сонирхолтой холбож тайлбарлах вэ? Учир нь, Францын “Арева” компанийн охин компани “Кожеговь”-ийг цээжээрээ хамгаалдаг Ерөнхий сайд, түүний хэрэгжүүлэгч агентлаг Цөмийн энергийн газар байсаар байхад дахин Засгийн газрынхны хамгаалалтад орсон гадны компани шатдаг занарын хайгуул хийж, Монголын нутаг дэвсгэрт аюул заналхийлсээр байна.
Bloomberg tv Mongolia сувгаар “Жени ойл шэйл” компанийн захирал ярилцлага өгөхдөө “Монголчууд сүртэй хүлээн авч байна. Занар олборлоход ердөө хааш хаашаа нэг километр газрыг л бидэнд өгөхөд хангалттай. Маш их мөнгийг бид өгөх болно” гэсэн утгатай зүйлийг ярьж байх юм. Гэтэл занарын олборлолтоос үүдсэн аюул манайд ч биш хүн ам нь дайжсан АНУ-ын хоёр ч хот суурингаас аваад олон жишээгээр нотлогддог. Харин манайд олон нийтийн мэдэж байгаачлан зөвхөн Төв аймгийн Эрдэнэсант суманд энэ аюул нүүрлэхгүй нь. Учир нь, АНУ-ын 50, Франц улсын 50 хувийн хөрөнгө оруулалттай “Жени ойл шэйл Монголиа” компани 2012 оны зургаадугаар сард ажлаа эхлүүлж, харин иргэдийг тэмцэж байх зуур нь Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газартай гэрээ байгуулан ажиллахаар болжээ. Гэтэл даварсаар Дагвын оронд гэгчээр тус компанийн хайгуул олборлолт, өрөмдлөг нь гурван аймгийн нийт 16 сумын нутгийг дайрах аж. Үүний ард ашиг сонирхол нуугдаагүй гэж үү?
Гүрэн дамнасан компаниудын хүнлэг бус үйлдлүүд ил болсоор...
Тус компанийн Монгол дахь төлөөлөгчид Газрын тосны бүтээгдэхүүнийг газрын тос, занар болон нүүрснээс үйлдвэрлэлийн аргаар гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж ирэх технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориулалтын барилгын материалыг НӨАТ-аас чөлөөлөхийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн олонхийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж холбогдох байнгын хороонд шилжүүлж, энэ хуулийн батлагдах эхний алхам өнгөрөгч хавар хийгдсэн. Ингээд гааль, НӨАТ-аас чөлөөлөгдөх хууль, эрх зүйн боломж “Жени ойл шэйл Монголиа” компанид үйлчилж эхлэх нь тодорхой болсон юм. УИХ-аар арван сая төгрөгөөс дээш орлогод НӨАТ төлж буй 37 мянган аж ахуйн нэгжийн ачааг хөнгөлж, НӨАТ-ын босгыг 200 саяд хүргэх хуулийн төслийг УИХ хэлэлцэлгүй хагас жил гацааж байгаа бол гадаадын хөрөнгө оруулагчдад олгож буй хөнгөлөлт шуурхай шийдэгдсэн нь энэ юм.
Эдгээрээс харвал занарын бизнесийг дэмжих ашиг сонирхлын зөрчилтэй бүлэг Засгийн газарт төдийгүй УИХ-д ч ажиллаж байх магадлалтай юм. АНУ болон Францын гүрэн дамнасан хамтын корпорациуд нэгдэн Монгол Улсын төв цэгт байрлах гурван аймгийн нутагт маш хөнөөлтэй олборлолтыг хийх гэж байгаа энэ байдалд одоогоор байгаль орчны хөдөлгөөнүүд болон нутгийн иргэдээс өөр тэмцэгч алга. Иргэдийн хурлын дарга болон зарим сумын Засаг дарга нар энэ явдлыг эсэргүүцэж байгаа ч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг албан тоот илгээж нам дарсаар байгаа үйлдэл нэгээр тоологдохгүй. Үлэг гүрвэлийн мөр олдсон, өлгийн нутаг гэгдэх Сайжрах уул, Дэвсэнгийн хөндий, аргаль угалзаар баялар Батхаан уул гэгчлэн байгалийн цогцолборт газраас өрөмдлөг эхлээд жил хүрэхгүй хугацаанд Жаргалант болон Дэвсэнгийн голууд ус нь татарч, зарим газартаа ширгэсэн байна.
Мэдээж Усны тухай хуулиас эхлээд тус компанид зөрчсөн хууль олон байгаа ч Засгийн газартай хамтран байгуулсан гэрээтэй гэх шалтгаанаар Төв аймаг, Булган аймаг, Дундговь аймгийн 16 суманд ийм ажиллагаа явуулах нь нэгэнт тодорхой болоод байна. Хууль өөрчлүүлж, хүн малын бэлчээр, амьдрах бүсийг сүйтгэж байгаа энэ үйлдлээ тэд “Монгол Улс нефть экспортлогч орон болно” гэсэн худал амлалтаар хэрэгжүүлж байгаа юм. Ийм улс болдгоо болчихоод хятадуудад Дорнодын талын газрын тосоо алдаж суугаа нь бидний өмнө хийсэн алдаа байтал алдаагаа ийнхүү дахин давтаж байгаа нь юуны учир вэ? Судлагдаагүй байсан Монголын занарын орд, нөөц Саудын Арабын нефтийн нөөцөд дөхөж очдог, их хэмжээний байгалийн хий гаргаж авах боломжтой боловч үнэн чанартаа өндөр хэмийн халуунаар газрын хэвлийн гүнд өрөмдлөг, олборлолт хийх нь хүний ходоод руу шууд л 100 хэмд буцалсан ус цутгасантай адил хэмжээний цохилт өгөх юм. Энэ нь ус, ургамал, амьтан, хүн, малд шууд муу нөлөөлөлтэй. Занарын олборлолт хөгжил биш хүндрэлийг дагуулдаг.
Занараас эрчим хүч гаргахад усан цахилгаан станц, нүүрс, нар, атомын цахилгаан станцаас гаргаж буй эрчим хүчнээс 21-70 хувь илүү нүүрсхүчлийн хий ялгаруулдаг аж. Байгаль орчин, мал аж ахуй, зэрлэг амьтдын хэвийн амьдралыг бусниулж, иргэдийн эрүүл мэнд, эдийн засагт муу үр дагавар авчирч, олсон ашгаасаа илүү их хохирол амсдаг. Тиймээс занарын тосыг эдийн засгийн эргэлтэд оруулахаас татгалзах ёстой гэдгийг АНУ-ын ард түмэн, Колорадо мужийнхан бодит байдал дээр амсаж, бусад улсуудад биечлэн захидаг зүйл билээ. Ийм аюулыг мөнгөнөөс буцахгүй болсон Монголын Засгийн газар, түүнд шургалсан ашиг сонирхлын зөрчилтэй улс төрчдөөр дамнуулан хийсээр байна.
Хоёр улсын хамтарсан “Жени ойл шэйл Монголиа” компани өдгөө Төв аймгаас гадна Булган аймагт аль хэдийн өрөмдлөгийн ажил нь явагдаж багагүй хугацаа өнгөрчээ. Малчин иргэд мянга мянгаараа нийлж тэмцэл хийгээд ч асуудал нэгэнт Засгийн газрын түвшинд очоод байгаа юм. Иймд дахин сануулахад оройтоогүй дээрээ хүн малаа хамгаалан үлдэж, улсынхаа төв цэгийг өндөр хэмийн халуунаар сүйрүүлэхгүй байхыг хүссэн иргэд олон байна. Харин үүний цаана Засгийн газрын шийдвэр асуултын хариултыг тодорхойлох зам болон үлдэж байна. Ямартай ч хүмүүсийн ойлгож байсанчлан ганцхан сум биш 16 сумд АНУ-ын Колорадо мужид тохиолдсон шиг аюул нүүрлэхэд тун ойртсоор байгаа ажээ. - See more at: http://www.wikimon.mn/content/50131.shtml#sthash.cJeWIrdC.dpuf
_ · 2013/10/10
шал худлаа мэдээлэл гаргах юм аа. Занарын олборлолт аюултай нь үнэн. тэгэхдээ одоогоор энд тэнд ганц нэг өрөмдлөг л хийсэн юм байна лээ шдээ. хайгуулын өрөмдлөгөөс голын ус ширгэдэгийг мэдэхгүй л юм байна. Та нар компьютерийн араас огт мэддэггүйгээ бүрэн мэддэг юм шиг ярьж суухад чинь та нарыг тэжээх мөнгийг олох гэж олон хүн энэ салбарт ажиллаж байдаг юм.