НАМЗХ-ны залуус намынхаа лидерүүдэд “зодуулж” мэдэх нь
2013/10/13
“Монгол Ардын намын шинэчлэлийн XXVII их хурал болоход 13 хоног үлдлээ”... Тус намын төв хэвлэл аравдугаар сарын 27-ны өдрийг угтуулан ийнхүү өдөр хоног тоолох болоод чамгүй өдрийг үдлээ.
Учир нь энэ өдөр МАН-ын их хурал хуралдаж, намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга бо-лон Удирдах зөвлөлийн гишүүдээ шинээр сонгоно. Мөн тэднээр дамжуулан МАН-ыг хэрхэн шинэчилж болох вэ гэдгийг хэлэлцэнэ. Ингэснээр ялагдлаа ялалт болгон хувиргах зорилгоор улс төрийн намын хувьд цоо шинэ хуудсыг нээх учиртай. Үүний тулд намынхаа дүрэмд өөрчлөлт оруулж, 90 жилийн турш оршин тогтнож ирсэн МАН-ын үндсэн фигурыг засч сэлбэх юм.
Иймээс ялалтаас ялагдлын хооронд баярын алга ташилт дунд өрнөж ирсэн МАН-ын их хурлын тэмдэглэл энэ удаад хатуу ширүүн уур амьсгалд хөтлөгдөх болов уу. Тэр хэрээр намынхаа удирдах дээд байгууллагад очихын тулд өөрийнхөө өмнө байгаа шатны гишгүүрийг амар, хялбар аргаар цөөлчих гэсэн олон арван хүний хүсэл, зорилго “зодолдож” мэдэх юм.
Одоогийн байдлаар МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны за-луус өөрсдийн боловсруулсан намын шинэчлэлийн дүрэмд өөрчлөлт оруулах төслийг удирдлагууддаа хүргүүлээд байгаа. Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсгийн боловсруулсан уг төсөлд “МАН-ын удирдах дээд албан тушаалд сонгогдох болон УИХ-д нэр дэвших шалгуур үзүүлэлтийн журам” гэх онцгой нэгэн хэсэг бий. Уг хэсэг нь хялбар арга замаар буюу лидер түших маягаар намынхаа Удирдах зөвлөлд багтаж чадсан хэсэг бүлэг, өргөгч краны хүчээр улс төрд орон зай эзэлж, эрх мэдэлд хүрэх гэсэн бизнес эрхлэгчид төдийгүй залууст чамгүй бэрхшээл учруулж мэдэхээр юм билээ. Мэдээж батлагдсан тохиолдолд шүү дээ. Иймд дээрх саналыг тойрсон мэдээллийг хүргэхэд юун түрүүнд МАН-аас хэд, хэдэн хүний нэрийг жишээ болгон дурьдахад буруудах зүйл байхгүй.
НИТХ-д бие даан нэр дэвшиж, МАН болон АН-ыг шүүмжлэх замаар улс төрд хүч үзэж байсан Сангийн сайд Ч.Ганхуяг. Тэрбээр их удалгүй буюу Ерөнхий сайд асан С.Батболдыг МАН-ын дарга болохтой зэрэгцээд тус намд элсэж тэр даруйдаа Сангийн дэд сайдын албанд очсон. Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон байна. Мөн л МАН-д сураг чимээгүй байсан тэрбээр Ерөнхий сайд асан С.Баярыг эрх мэдэлд хүрэхтэй зэрэгцэн МАН-д гишүүнчлэл авч, УИХ-д нэр дэвшээд зогсохгүй дээрх албан тушаалд очсон. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар. МУИС-ийн багшийн ширээнээс шуудхан Ерөнхий сайд Н.Энхбаярын зөвлөх болж тэндээсээ Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Түлш эрчим хүчний сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гэх мэт албан тушаалыг хашаад зогсохгүй УИХ-ын гишүүн болж чадсан. Эд бол ердөө л жишээ. Намын даргаа шинээр сонгохтой зэрэгцээд бараг л нэг аймгийн бизнес эрхэлдэг бүхнийг яам, агентлагийн, газар, хэлтсийн дарга болгож, тэд нь эргээд МАН-ын Удирдах зөвлөлд сонгогддог нь батлагдаагүй дүрэм болсон гэж болно. Тиймээс ч НАМЗХ-ноос боловсруулсан дүрмийн төсөлд хэрэв МАН-ын Удирдах зөвлөл болон их хуралд төлөөлөгчөөр сонгогдох бол хоёроос доошгүй жилийн өмнө намд нь элсч, намын дотоод ажилд идэвхтэй оролцсон байх ёстой гэсэн заалт бий. Мөн намын анхан шатны байгууллагад хоёроос дээш жил ажилласан, эсвэл намын дэргэдэх байгууллагын Удирдах зөвлөл болон түүнээс дээш албан тушаал хашдаг, намаас зохион байгуулсан үйл ажиллагааны 75-аас доошгүй хувьд нь гар бие оролцсоноо Хяналтын хороогоор баталгаажуулсан байх, аливаа нэгэн гэмт хэрэгт холбогдоогүй гэх мэт шалгуур үзүүлэлтийн саналыг боловсруулжээ. Түүнчлэн намынх нь төлөөллийн төв байгууллага болох Бага хурлын гишүүнээр сонгогдохыг хүсвэл шалгуур үзүүлэлт нь арай илүү нарийн болох учиртай гэж байгаа. Үүнд нь сүүлийн нэг жилийн турш Монгол Улсад байнгын оршин суусан байх, намын үйл ажиллагааны 80 хувьд оролцсон гэдгээ Хяналтын хороогоор баталгаажуулах, намын сонгуульт албатай бол тайлангаа цаг тухайд нь ирүүлсэн байх, намын гишүүний сонгогдсон болон томилогдсон албан тушаалын татварыг цаг тухайд нь бүрэн гүйцэд төлсөн байх гэсэн шалгуур үзүүлэлтийг оруулсан аж. Эндээс харахад хэрэв МАН-ын Удирдах зөвлөл НАМЗХ-ны боловсруулсан дээрх дүрмийн төслийг XXVII их хуралд хэлэлцүүлэх нь зөв гэж үзээд, гишүүд нь дэмжвэл тус намын зөрчилтэй олон асуудал шийдэгдэх боломжтой болох нь.
Зөвхөн дээр нэр дурьдсан хүмүүст гэхэд 18 наснаасаа хойш МАН-д элсч, намынхаа төлөө хүч хөдөлмөрөө зориулж ирсэн гишүүнийхээ хувиар дургүйцэх хүн олон байсан. Ч.Ганхуягийн талаар гэхэд зөвхөн С.Батболд гэдэг хүнд тал зассаныхаа хүчинд МАН-ын гавьяаг “идэж байна” гэх шүүмжлэлд өртсөн бол Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмонгийн хувьд нөхцөл байдал бүр ч дор байв. Хэдийгээр Ч.Хүрэлбаатар гишүүний хувьд намын харьяаллаараа төрийн өндөр дээд албан тушаалыг олноор нь хашсан ч өнөөдрийг хүртэл МАН-д хүлээн зөвшөөрөгдсөн нь үгүй. Өнгөрсөн саруудад “1970-аад оныхон МАН-ын дарга болох боломжтой” гэсэн яриа гарахад Ч.Хүрэлбаатар гишүүний нэр яригдаж байсан ч “Намын ажлын туршлагагүй. Намынхаа гишүүдтэй нэгдэж ажиллаж чаддаггүй” гэх мэт шүүмж өрнөсөн. Мөн одоогийн Удирдах зөвлөлд гэхэд зөвхөн С.Батболд болон Ө.Энхтүвшин, М.Энхболдын нэр сүр, нөмөр нөөлгөөр орж ирсэн хүн ч олон бий. Тийм учраас намынх нь эгэл гишүүд нь МАН-ын удирдах дээд байгууллага болох Удирдах зөвлөлөө хүлээн зөвшөөрөхгүй байх нь элбэг. НАМЗХ-ноос энэхүү нөхцөл байдалтай уялдуулан дээрх дүрмийн шинэчлэлийг боловсруулсан болов уу.
Гэхдээ энэ санал батлагдах уу. Хэдийгээр МАН одоогийн төрд цөөнхийн үүрэг гүйцэтгэж, эрх мэдлийн хямралд орсон ч Монголын хамгийн хүчирхэг улс төрийн хүчин хэвээрээ байгаа. Үүний баталгаа нь МАН-ын их хурлын гишүүн болох хүсэлтэй гишүүдийнх нь дунд өнгөрсөн өдрүүдэд зөрчил гарч, хэвлэлээр хэрэндээ л бужигнасан явдал. Эндээс харахад МАН ялагдсан ч гэсэн гишүүддээ хэрэггүй болоогүй нь тодорхой юм. Энэ нь тус намаар дамжин улс төр хийж, эрх мэдэлд хүрэхийг хүссэн олны цуваа татрахгүйг батална. Гол нь энэ бүхнээс үүдэн МАН-ын лидерүүд ирээдүйн ялалтын төлөө өнөөдөр нам доторх эрх мэдлээ тогтоон барихыг хичээж байна гэдэг дүгнэлтийг хийж болно. Тэр хэрээр НАМЗХ-ны залуус намынхаа лидерүүдэд “зодуулж”, тэдний бо-ловсруулсан санал XXVII их хурлаар хэлэлцэгдэхгүй байж мэдэх юм. Учир нь МАН-ын шинэ дарга сонгогдох бүрт Удирдах зөвлөлд намынхаа дотоод мөн чанарыг ойлгох битгий хэл хаалгаар нь ч шагайж үзээгүй хүн нэгээр тогтохгүй олноороо багтах үе байдаг. Их хурал болон Бага хурлын гишүүд нь ч тэр адилхан Удирдах зөвлөлийнхөө гар хөл болох хүмүүсээр бүрддэг бөгөөд тэр хэ-рээр МАН-д шударга шүүмжлэл өрнөх боломж хаагддаг юм. Тиймээс МАН-ын даргад өрсөлдөхөөр нэр нь яригдаж буй эрхмүүд НАМЗХ-ны саналыг нааштайгаар хүлээж авах нь бүү хэл харин ч өөрсдийнхөө эрх ашгаараа “зодож” тоглож мэдэх л юм шүү.
ТОЙМЧ