Б.Энхмандах: Өрсөлдөгчид минь илүү сайн мөрийн хөтөлбөртэй байвал нэрээ татахад бэлэн
2013/10/20
“Казино”-гийн гэх хэрэгт нэр холбогдож байсан Б.Энхмандах МАН-ын генсект нэр дэвших хүсэлтээ ил захидлаар дамжуулан мэдэгдсэн. Энэ шийдвэрийнх нь талаар өөрийнх нь тайлбарыг сонсохоор “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа.
-Та Элчин сайдын албаа хүлээлгэн өгөөд ирмэгцээ МАН-ын генсект нэр дэвшихээр боллоо. Бүр энэ талаарх хүсэлтээ намынхаа удирдлагуудад ил захидлаар, хэвлэлээр дамжуулан илэрхийлсэн нь анхаарал татсан. Харин өнөөдөр “Яагаад заавал Б.Энхмандах гэж. Түүний ард хэн байна вэ” гэдэг нь улс төрийг илүү сонирхолтой болгож байгаа бололтой. Танд хэн ийм санал тавьсан юм бэ?
-Элчин сайдын албаа өгөөд ирсний дараахан намын ахмадууд, залуучууд, эрдэмтэд гэхчлэн миний ха-рилцдаг янз бүрийн төвшний хүмүүс уулзаж ярилцсан юм. Тэр тусмаа намынхаа төлөө санаа зовнисон хүмүүс намайг нэлээд шахаж эхэлсэн нь үнэн. Сүүлдээ “МАН-ын нөхцөл байдал төвөгтэй байхад амиа бодож тав тухтай амьдралыг сонголоо” гэж зэмлэх болсон. Нуулгүй хэлэхэд би энэ саналын талаар удаан бодсон. Энэ бол хүний амьдралын чухал сонголт. Эгзэгтэй мөч. Би ч залуу хүн биш. Гэтэл МАН-ын генсект өрсөлдөнө гэдэг нь шаардлага гарвал нэр төрөө ч золиослох тэмцлийн зам юм шүү дээ. Би бага залуугаасаа эхлээд энэ намд зүтгэлээ. Зам зуураас урваж шарваагүй. Тиймээс бүх талаас нь бодож үзээд “Хэрэв би энэ намд хэрэгтэй л бол зүтгээд үзье” гэж шийдсэн.
-Таны ард чухам хэн байгаа вэ. Хэн тэгж түлхээд, санал тавиад байгааг та хэлсэнгүй. Хэвлэлээр танай намын нэр бүхий “лидер”-үүд, экс удирдлагуудыг “эвтэйхэн сэрдээд” эхэлсэнийг та харсан байх. Тухайлбал С.Баяр, Сү.Батболд гэхчлэн?
-Чин үнэнийг хэлэхэд миний ард хэн нэгэн дарга, экс дарга ч байхгүй.
-Итгэхэд бэрх л юм. Тэр ч байтугай МАХН-ын дарга Н.Энхбаярын даалгавраар ийм алхам хийлээ гэсэн хардлага дэвшүүлснийг уншсан биз дээ. Уг нь ч таныг “Н.Энхбаярын” хүн гэдэг байсан л даа?
-Уучлаарай, би Элчингийн албаа өгөөд ирснээсээ хойш Н.Энхбаяртай уулзах нь байтугай утсаар ч ярьж чадаагүй. Ирэхээсээ өмнө ч гэсэн тэр хүн ямар байдалтай байсныг та бүхэн мэдэж байгаа болохоор бо-ломжгүй гэдгийг ойлгож байгаа болов уу. Би түүний “хамтран зүтгэгч” байсан нь үнэн. Н.Энхбаярыг зовж зүдэрсэн цагт очиж уулзах, ядаж биеийг нь асуух нь хүн чанарын хэрэг мөн боловч надад тийм боломж олдоогүй. Боломж олдсон бол уулзах л байсан. Үүнийг хэн, юу гэж ойлгох нь чухал биш.
-Гэхдээ та “Н.Энхбаярын” хүн гэдгээ хүлээн зөвшөөрөх үү. Тусдаа нам байгуулаагүй байхад нь шүү дээ?
-Би аль ч фракцид харьяалагдаж байгаагүй. Харин 1991 онд тухайн үед “Үнэн” сонины эрхлэгч байсан, доктор Ганбат агсантай хамтран “Шинэ үе” жигүүрийг байгуулж, жигүүрээ төлөөлөн намын нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Ингээд УИХ-ын 1996 оны сонгуулийг дуустал ажиллаад сонгуульд ялагдсаны дараа намын Удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон шүү дээ.
-Танаас өмнө нь “Би генсек болъё” гээд намын удирдлагууддаа ил захидал бичиж хэвлүүлж байсан тохиолдол сонсоогүй юм байна. Тиймээс анхаарал татах алхмын тэр “сценари”-ийн эзнийг хайгаад байх шиг?
-Ийм тохиолдол гарч байгаагүй. Тиймээс ч энэ алхмын дараа сайн, муу олон зүйл гарна гэдгийг төсөөлж байсан. Ил захидал, уриалга бичихгүйгээр, доргиохгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй байна шүү дээ. Тэр тусмаа намын гишүүдийн түрсэн “доргилт” хэрэгтэй байна. Түүнээс биш дээр суух хэдэн даргыг солих гэж хуралдах чухал биш. Тиймээс шинэчлэл гэж үүнийг хэлнэ гэж улс төр судлаачийн хувьд хэлэх байна.
-Үзэгдэл, тохиолдол болоод үлдчих вий дээ?
-Энэ намын “оюун санаа” болж байсан гишүүд бий. Жишээ нь би намын үүр дээрээ очоод их хурлын төлөөлөгчид өрсөлдөж үзлээ. Үнэндээ намын үүрийнхэн надад эхлээд ахмадуудтайгаа ажиллахгүй юм уу гэж байсан. Би “Үгүй” гэсэн. Гэхдээ гишүүд маань, анхан шатны байгууллага маань ямар байгааг харахыг хүссэн юм. Би өмнө нь хэнтэй ч уулзаагүй, яриагүй. Тэд Элчин сайдаар ажиллах хугацаанд буюу лав дөрвөн жил намайг хараагүй, зарим нь бараг “мартсан” байх гэж бодож байсан. Гэтэл намайг дэмжсэн.
-Намын удирдлагын зүгээс, тухайлбал Ө.Энхтүвшин даргаас таны ил захидлын хариу ирсэн үү. Ил захидал учраас хариу өгдөггүй юм аа гэхэд энэ сэдвээр уулзаж ярилцсан уу?
-Ямар ч байсан намын дарга ч, генсек ч надтай холбоо барьсан. Удирдах зөвлөл ч гэсэн энэ талаар ярилцаж удахгүй шийдвэрээ хэлэх байх.
-Генсекийн албыг хашна гэдэг энэ цаг үед тун амаргүй. Танай нам сөрөг хүчин байлгүй удсан байна. Олон жил эрх баригч байсан болохоор “сөрөх тактик” нь заримдаа оновчгүй болоод байгааг та анзаарч байгаа байх?
-Аливаа нам эрх баригч уу, сөрөг хүчин үү гэдгээсээ хамаарч үйл ажиллагааных нь арга барил, ажлын чиглэл, удирдлага зохион байгуулалтын бүтэцдээ тохиромжтой тохиргоог хийдэг. Өнөөдрийн байдлаар би маш сонин дүр зургийг харж байна.Сөрөг хүчин болчихоод байгаа байж Бага хурлын гишүүний тоо 300 гаруй, Удирдах зөвлөл 30 гаруй, тэгээд нарийн бичгийн даргын тоо 10, газар, хэлтсийн тоо арав орчим, 150-иад орон тооны ажилтантай байх хэрэг байна уу. Сөрөг хүчин байгаа тохиолдолд улс төрийн намуудын гол ачааллыг УИХ дахь бүлэг дээрээ өгчих хэрэгтэй. Үлдсэн хэсэг нь дараагийн сонгуульд бэлтгэж орон нутагт сайн дураараа ажилладаг байх нь тохиромжтой байдаг. Намаасаа мөнгө авах бус түшиг болж ажиллах нь илүү чухал. Нөгөөтэйгүүр олон жил эрх баригч байсны хувьд манай намын гишүүд оюун санаанаа ялалтдаа “цадсан”, сэтгэл ханасан байжээ. Тиймээс “Ялагдвал яах вэ” гэдэгт бэлэн биш байсан. Ийм л дүр зураг харагдаж байна.
-Өнгөрсөн намар Удирдах зөвлөлөө шинэчилнэ гээд бараг хэвээр нь сонгосон. Тиймээс олон нийт, ажиглагчид “МАН-ын Удирдах зөвлөл шинэчлэгдэж чадахгүй юм байна. Энэ хэдэн лидер ч гэдэг юм уу, олигархиудаасаа салж чадахгүй” нь гэсэн ойлголттой болжээ. Заавал тэднийг “зайлуулахаар” нам шинэчлэгдэнэ гэсэн үг биш боловч эсэргүүцэх чадвар муутай, дархлаа султай болжээ гэж харж байна. Энэ байдалд өөрчлөлт орох болов уу?
-Одоо цаашид юу хийх вэ гэдгээс л харцгаая. Их хурлаас сонгогдох Бага хурал, Удирдах зөвлөл нь 2016 оны УИХ-ын сонгуульд намаа ялуулж чадах тийм л бүтэц, зохион байгуулалттай байх ёстой. Дахин хэлэхэд сөрөг хүчний бүтэц гэдэг эрх баригч намынхаас өөр.
-Таныг Бага хурлын гишүүнээр ч, генсекээр ч сонгохгүй бол яах вэ. Өөрөөр хэлбэл намын удирдлага тийм эрх олгохгүй бол ямар алхам хийх бол?
-Би өрсөлдөх эрхтэй. Тиймээс “Үгүй” гэж хэлэх хүн гарахгүй л болов уу гэж найдаж байна. “Та өрсөлдөөд үз дээ” л гэх байх гэж хүлээж байгаа.
-Одоо таныг дэмжих дэмжлэг хэр хүчтэй байгаа гэж дүгнэж байна вэ. Өрсөлдөгчид хүчтэй байгааг нуугаад яах вэ. Өрсөлдөгчдийн дийлэнх нь хоорондоо найз нөхөд, ах дүү шиг болчихсон байгаа. Мэдээж “дайсагналцаагүй”, хэн нь генсек болбол ирэх сонгуульд намаа ялуулах вэ гэдэгт асуудал буй. Харин та юугаараа илүү бол?
-Албан тушаалын төлөөх аливаа өрсөлдөөнийг арай ил тод болгомоор байгаа юм. Шинэчлэл эндээс эхлэх ёстой гэж би боддог. Тухайлбал намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг функц юу юм бэ. Үүнийг хэн илүү хийж чадах вэ. Энэ талаас нь зөв харж сонголтоо хийвэл намд л ашигтай. Цаашилбал дараагийн ялалтад чухал нөлөөтэй. Хэн сайхан, муухай, хөгшин, залуу, хөрөнгө чинээтэй вэ гэдэг үүнд хамаагүй болов уу. Тиймээс би нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн ил захидалдаа илүү онцолсон ганц зүйл нь “Мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдье” гэсэн санаа байсан. Эхлээд их хурлын төлөөлөгчдөдөө, цаашилбал их хурлаас шинээр сонгогдох Бага хурал дээр мөрийн хөтөлбөрийг нь “шүүж” ярилцаад генсекээ сонгох учиртай. Хүнээс нь илүү мөрийн хөтөлбөрийг нь л хараасай гэж хүсээд байгаа юм. Түүнээс биш би Д.Цогтбаатарыг, Ж.Сүхбаатарыг, Ж.Мөнхбатыг мэднэ. Сайн залуучууд. Боловсрол мэдлэгтэй, намын гишүүдийн тодорхой хэсгийг манлайлж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрнө. Тэд маань надаас илүү сайн мөрийн хөтөлбөртэй байвал би нэрээ татахад ч бэлэн байна. Харин миний мөрийн хөтөлбөрт хүрэхгүй бол өрсөлдсөөр л байх болно.
-Энэ удаад МАН-ын генсекийн төлөөх өрсөлдөөн илүү сонирхолтой байгаа нь ирэх сонгуульд намаа ялуулж чадах эсэхтэй холбоотой. Гэтэл танай намд нам ялагдсан үед “нуугдаж” байгаад ялсан үед нь “ногоон гэрэл”-ээр албан тушаалд очдог тодорхой хүмүүс бий. Тиймээс одоо генсект нэр дэвшиж буй кандидатуудыг албан тушаал горилогсод гэж хардаад байгаа нь ч нууц биш. Таны хувьд одоогоор хэр өндөр амбицтай байна, генсект өрсөлдөж буй цаг үеэ хэрхэн дүгнэж байна вэ?
-Цаг үеийн нөхцөл байдал миний хувьд тийм ч таатай биш байгаа нь үнэн. Намын хувьд бол чухал үе. Би хувьдаа дипломат албанаасаа түдгэлзээд, тайлангаа тавиад салбарын яамнаасаа онц үнэлгээ авсан. Дипломат албандаа үргэлжлүүлэн ажиллах боломж ч байсан гэж бодож байгаа. Гэхдээ энэ мөчид сонголтоо хийх болоход намын гишүүнчлэлээ сэргээгээд, хүнд үед нь “Намдаа тусалъя” гээд орж ирж байгаа юм. Түүнээс биш намаа ялсан үед “Одоо би улс төрийг сонголоо, албан тушаал өгөөч” гээгүй. Би намын удирдлагад ажиллаж үзсэн. Намын нарийн бичгийн даргаар хоёр удаа, улс төрийн зөвлөхөөр ажилласан. С.Баярыг намын генсекээр ажиллаж байхад зөвлөх нь байлаа.Энэ бүх дадлага, туршлага одоо үгүйлэгдээд байна. Бусад зүйл надад чухал биш. Өрсөлдөгч залуусаа ч албан тушаал горилсон сэтгэлээр генсект өрсөлдөхөөр шийдээгүй гэж найдаж байна. Нам бол улс төрийн байгууллага, амьд организм. Өөрийн бүтэцтэй, механизмтай, үйл ажиллагааны зарчимтай. Байнга хөгжиж, хөдөлж байх учиртай.
-Гэтэл одоо танай нам яг яачихаад байгаа юм бэ?
-Дээр дурьдсан улс төрийн зарчмууд алдагдчихаад байгаа учраас намын дотоод хямрал явагдаад байна. Үүнийг яаж засах аргаа мэдэж байгаа. Мөрийн хөтөлбөртөө маш тодорхой тусгасан. Би яагаад энэ залуустай өрсөлдөх гээд буцаад ирэв гэдгийн цаана тэдэнд маань нэг л зүйл дутаад байгаа юм. Тэр нь намын ажлын арга барил, туршлага.
-Таны яриад байгаа арга барил, туршлага дутаад байна гэдэг маань “хуучинсаг” руу хөтөлчих юм биш биз. Гэтэл тэд “шинэчлэлт” хэрэгтэй гээд байгаа шүү дээ?
-Мартагдсан хуучныг шинэчлэл гэх нь ч бий шүү дээ. Огт байгаагүй зүйл болгоныг шинэчлэл гэдэггүй. Нөгөөтэйгүүр залуу хүн болгон шинэчлэл хийж, хөгшин хүн бүхэн хуучинсаг аргаар ажилладаггүй юм. Энэ логикоор аваад үзвэл огт мартагдсан, бүр ярихаа ч больсон, нуулгүй хэлэхэд энэ намын алдчихаад байгаа зүйлийг шинэчлэл гэж хэлж болно. Жишээ нь МАН хөгжлийн түүхэндээ байнгын оюунлаг нам гэдэг имижээрээ ялгардаг байсан. Улс орны хөгжлийг бодитой дүгнэдэг, цаашдын чиг хандлага, арга замыг зөв зааж авч явж чаддаг улс төрийн хүчин байсан юм. Гэтэл өнөөдөр энэ оюунлаг чанар нь алдагдаж, улс төрийн бусад намаас ялгарахааргүй болсон. Өөрөөр хэлбэл оюунлаг чанар нь мөнгөнд “идэгдчихсэн”.
-Та Н.Энхбаярын үед ч, С.Баярын үед ч намын удирдлагад ойр байж “албан тушаалаар үл өлсөгч” байсан. Хэн хэнтэй нь гар, сэтгэл нийлж ажилладаг байв. Гэтэл Н.Энхбаяр, С.Баяр нар түнжин хагарч, гомдлын үгсээ хэвлэлээр дайж, намынхнаа ичээж эхэлсэн. Төдөлгүй Н.Энхбаяр тусдаа нам байгуулсан. Энэ үйл явдлуудыг харийн нутгаас ажиглаж, намынхнаасаа мэдээлэл авч, тэдний ярилцлагыг уншиж байхад юу бодогдож байв?
-Маш их харамссан. Энэ бол намын лидерүүдийн хоорондын зөрчил намыг юунд хүргэдгийг харуулсан том жишээ гэж хэлж болно. Өөр юу гэх вэ дээ.
-Энэ зөрчил нь юунаас эхэлсэн юм бэ. Зөвхөн 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас болсон гэж үү?
-Энэ чинь маш жижиг зүйлээс эхэлдэг. Би уриалгадаа ч хэлсэн байгаа. Намын дарга их хурлаас сонгогдоод Бага хуралд орж ирээд “Би генсекээр түүнийг сонгох саналтай байна” гэж хэлдэг. Эндээс зөрчил үүсдэг юм. Өөрөөр хэлбэл намын дүрэмд нь эв нэгдэл, үйл ажиллагаанд хор хохирол учруулахуйц заалт байгаа учраас зөрчил үүсч байна гэсэн үг. Тиймээс би “Намын генсект нээлттэй өрсөлдүүлээч” гээд байгаа юм. Жишээ нь ирэх 27 дугаар их хурлаар сонгогдсон дарга нь “Би генсект түүнийг томилуулмаар байна” гээд хэн нэгийг нь хэлбэл өрсөлдөж буй кандидатуудын дунд гомдол үүснэ. Өмнө нь тодорхой тохироо хийсэн байснаа, түүнээсээ буцсан тохиолдолд нөхцөл байдал, уур амьсгал өөр болдог. Энэ нь яваандаа намын дотоод зөрчил, хямралд ч хүргэх аюултай.
-“Эзгүй” байж байгаад ирсэн хүний хувьд дахин нэг асуулт тавихад таны дээр хэлсэнчлэн “бага залуугаасаа” зүтгэж ирсэн намын тань нэрийг өөрчилсөн. Үүний дараа УИХ-ын сонгуульд МАН ялагдлаа. Өмнөх генсек “Намын нэрийг өөрчилсөн хариуцлага хүлээнэ” гэж амласан, хариуцлагаа ч хүлээсэн. Энэ талаар та ямар бодолтой үлдсэн бэ?
-Нуулгүй хэлэхэд би 1991 онд “Шинэ үе” жигүүр байгуулахдаа ч, 1993 онд тус намын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа ч намын нэрийг өөрчлөх ёстой гэсэн байр суурьтай байсаар ирсэн. “Соц Интерн”-д элсүүлэх гээд явж байхдаа хэлдэг байлаа. Гэхдээ “МАХН” гэдэг товчлолыг хэвээр үлдээх ёстой гэсэн хувийн бодолтой байсан. Энэ бол брэнд. “Adidas”-ыг хүмүүс өмсөх дуртай ч “Abibas”-т түүн шиг ханддаггүй биз дээ. Харин “Хувьсгалт” гэдэг үг цаг үеийн нөхцөл байдалд тохирохгүй байна гэдэгтэй санал нийлдэг. Ялангуяа “Тэрэлжийн тунхаглал”-ыг гаргах үеэр энэ саналаа илэрхийлж байсан. Брэнд, лого хоёрыг солиод амжилтад хүрэх нь хэцүү л байдаг юм даа гэж хэлж байлаа.
-Таны “брэнд хоч” бол “Казино” шүү дээ. Ингэж хэлэхэд цочихгүй байх. Үүнтэй холбоод асуухад саяхан болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд танай намаас нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнэ “Би гар цэвэр, нэр цэвэр” гээд байсан. Тэгэхээр энэ бол чухал шалгуур байх нь. Үүн дээр “Данс цэвэр” гэж хэлж болох юм. Та одоо нэр, гар, данс цэвэр гэж хэлж чадах уу?
-Миний “Бүх юм цэвэр” гэж хэлж чадна. Ялангуяа казиногийн хэрэгт холбогдож, татагдаж, шалгагдсан явдал намайг “иж бүрэн задлан шинжилгээ”-нд оруулчихсан юм шүү дээ. Бүх зүйлээ шалгуулаад гурван шатны шүүхээр цагаатгагдсан. Эндээс бүхнийг тэглээд “Restart” хийгээд явсан ч болно гэсэн үг.
-Гэхдээ түүнээс хойш 20-иод жил өнгөрсөн байна. Хүсвэл 20 минутад ч баяжиж хөлжиж, эсвэл хоосорч болдог шүү дээ. Уучлаарай, “хэтэвч” рүү тань шагаймааргүй байгаа ч “Та зөвхөн Элчин сайдын цалингаар амьдардаг гэж үү” хэмээн эргэлзэж болно биз дээ?
-Таны хэлдэг үнэн. Гэвч түүнээс хойш би бизнес эрхэлсэнгүй. Тийм авьяас ч алга. Миний бүх данс, “хэтэвч” нээлттэй байна. Хүсвэл шалгаж болно. Элчин сайдын хувиар АТГ-т жил бүр шалгаж бүртгэдэг.
-МАН-ын үе үеийн генсекүүд өөрийн онцлогтой. С.Баяр гэхэд нямбай, хашир, хямсгар генсек байсан бол, У.Хүрэлсүхийн хувьд шаардлага гарвал “туг бариад” дайрахад “хэзээд бэлхэн”, хор шартай байх жишээтэй. Таны хувьд хэрэв генсек болчихвол юугаараа ялгарах бол?
-Намын гурван үеийг буюу “Өнгөрсөн, одоо, ирээдүй”-г уялдаатай авч явж намын эв нэгдлийг хангаж чадна гэдэгтээ л юуны өмнө итгэлтэй байна. Ер нь генсект маш хариуцлагатай үүрэг, эрх мэдэл ирдэг. Тиймээс ч би энэ ажлыг хийж чадах уу, үгүй юү гэдгээ олон хоног бодсон. Миний өмнө нь задалж хэлсэн таван зүйл, түүнээс хойш нэмж төлөвлөж буй мөрийн хөтөлбөрөө бүрэн эхээр нь танилцсаны дараа л ямархуу генсек болох нь тодорхой болно доо. Гаднаас минь дүгнэх, өнгө, будгийг нь сонжих хэрэггүй. Хамгийн гол нь сэтгэлгээний, агуулгын талаас нь харах л хамгийн зөв сонголт болно.
У.Оргилмаа
Зочин · 2013/10/23
хэн бэ хэдэн он бэ, энэ луйварчин одоо боль л доо. Сайдын суудал мөрөөдөөд, төрийн мөнгнөөс идэх халаасаа зэхээд л байна уу