Нэгэн үе ард түмнийхээ төлөө хэмээн цээжээ дэлдэж, гудамжинд жагсаж , мөр зэрэгцэн явсан эрхмүүд фэйсбүүк хуудсаар нэгэн рүүгээ дайрч давшлах болжээ. Тодруулбал Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан өөрийн фэйсбүүк хуудсаараа “Сайн байцгаана уу сайхан намаржиж байна уу хүмүүс ээ. Надад хэлэхгүй дуугүй өнгөрч болохгүй нэгэн сэрэмжлүүлэг байна.

УИХ ын гишүүн Батзандан ардчилсан нийгмийн төлөө, нийтийн эрх ашгийн төлөө, шударга ёсны төлөө, эх орны төлөө сэтгэлгүй нэгэн гэдгийг олон үйлдлээр нь таньж мэдсэнээ хэлэх гэсэн юм. Тэр нэр төр, эд хөрөнгө, эрх мэдлийн төлөө улайран зүтгэгч, сүржин жүжигчин, амин хувиа борлуулагч залуу” хэмээжээ. Үүнийг нь уншсан зарим нэгэн хүмүүс яагаад ийнхүү хэлэх болсоныг нь их л сонирхож байсан юм. Тиймээс ингэж хэлэх болсон учир шалтгаанаа хэлэхийг зарим нэг нь хүссэн байлаа. Үүний хариуд Г.Баасан “Уг нь чин сэтгэлээсээ олон нийтийнхээ төлөө зүтгэдэг нэгэн байсан бол аштай байх уу. Харамсалтай нь тэр дүр эсгэж, гар биеэрээ хүнд хэцүү, хар бор ажил хийж үүрэлцэхээс татгалздаг цагаан захтануудын нэг нь гэж өөрийгөө өндөрт тавьдаг нөхөрдөө. Ялангуяа мөнгөний үнэр авсан бол юуг ч хийж мэдэх хүн дээ” хэмээсэн байна.

 

Түүний гэнэтийн энэ шүүмжлэлийг дэмжих нэгэн байхад үгүйсгэх нэгэн байна. Зарим нэг нь Н.Алтанхуягийн өөдөөс овоо үг дуугарсаных нь төлөө Г.Баасан хатагтай ингэж хэлж байгаа юм гэх. Ж.Батзандан гишүүний хувьд УИХ дотроо овоо шударга дуу хоолойтоод тооцогддог. Шүүмжлэхээ хүрвэл манай нам, танай нам гэхгүйгээр хатуухан шүүмжилдэг нэгэн. Харин Г.Баасан хатагтайн дургүйг яагаад хүргэх болж, фэйсбүүкээр хүртэл сэрэмжлүүлж, муу хүн болгож харагдуулах гэж оролдов гэдэг нь хачирхалтай.

 

Г.Баасангийн хувь Шинэчлэлийн засгийн газартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, Монголын ахмадын холбоонд өгдөг байсан санхүүжилтийг өөртөө татаж, Монголын ахмадуудын төлөө хийнэ, дуугарна, ахмадуудыг жаргаана хэмээж буй. УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хувьд Засгийн газар, ялангуяа Н.Алтанхуягийг улс төрийн зангараггүй, худал хэлж, арга саам хийдэг байдлыг шүүмжлэгчийн нэг.

 

Ийм л хоёр эрхэм нэгнээ муучлахад хүрээд байна. Г.Баасан хатагтай л залуу гишүүн рүү дайрч давшилсан болохоос Ж.Батзандагийн хувьд ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй л байна. Уг нь бол Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасангийн ингэж намбагүй загнаж, хэлсэн хэлээгүй, улс төрчидийн хэн нь хэн бэ гэдгийг иргэд сайн мэдэж байгаа. Тэвчээр алдаж Ж.Батзандан руу дайрч давшилсаныг нь бодоход өөрийнх нь эрх ашигтай хамаатай ч байж болох.

 

Н.Чинзориг