Уул уурхайн салбарт “харлан” амьдарч буй хэсэг бүлэг хүмүүсийг "нинжа" хэмээн нэрлэх болсон. Тэд усын шувуу шиг нүүдлэн, хаана алтны судал, гарц гарсан тэнд хүрдэг.

Өнөөдөр Өмнөговь, маргааш Завхан, орой нь Говь-Алтайд байхыг үгүйсгэх аргагүй. Тэд ийм салхи шиг хурдан. Өгөөдэй хааны санаачилсан морин өртөө мэт түргэн улс. “Хаана суухыг бут мэднэ, хаагуур явахыг салхи мэднэ” гэдэг шиг сарнин амьдарсаар буй. Тэднээс өрх гэртээ халуун хоолоо тухтай идсэн нь үгүй. Зарим нь идэж амжилгүй энэ дэлхийгээс үүрд явчихсан байдаг.

Сэтгэлзүйн хувьд гүнзгий хямарсан, хөгжлөөс хэт хоцорсон, эрүүл мэндээр доройтсон байх нь элбэг. Зөвхөн маргаашийн төлөө өнөөдөр амьд үлдэхийг хүссэн хүмүүс гэвэл тэднийг л хэлэх биз. Гэрээсээ намар нь гарч яваад хавар нь ирэх. Ирэхгүй цагийн шуурганд эвдэрч, идэгдсэн нь ч бий. Тиймээс монголчууд "нинжа"-г ад үзэх бус амьдад нь хайрлая. Бага ч болтугай зовлон тээсэн золгүй замаас нь ангижруулъя. Илүү сайхан амьдрах боломжийг нь түгээе. Үүнийг л тэд хүсэн хүлээж байгаа. Эртнээс ийм амьдралыг мөрөөдөж ирсэн. Түүний төлөө зүтгэх гэж “нинжа” болсон. Бид л "нинжа" гэдгээс тэд нэртэй, зүстэй хүмүүс.

Биднээс холдон буй хүмүүсээ хэрхэн нийгэмшүүлэх вэ

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 70 гаруй мянган нинжа байдаг гэсэн статистик судалгаа гарчээ. “Нинжа” буюу бичил уурхай эрхлэгчдийн нийгмийн асуудалд төрөөс анхаарал хандуулж өчигдөр үндэсний форумыг зохион байгууллаа. Ашигт малтмалын тухай хуулийн төсөл анхаарлын төвд ороод буй цаг үед уг форум болж байгаагаараа онцлог юм. Тиймээс уул уурхайн салбарын бодлогыг хэрэгжүүлэх хуулийн төсөл бичил уурхай эрхлэгчдэд хамаатай болохыг сануулж, тэд ч санал хүсэлтээ илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагааг бичил уурхайн хэлбэрт оруулах нь” сэдэвт үндэсний форумд УИХ, Засгийн газрын гишүүд болон аймаг, сумдын удирдлага, иргэний нийгмийн байгууллага, бичил уурхайчдын төлөөлөл оролцсон юм.

Улсын хэмжээнд 20 аймгийн 78 сумын 214 газарт хувиараа ашигт малтмал олборлолт хийж, 70 орчим мянган хүн амьжиргаагаа залгуулж байгаа аж. Ихэнхдээ бичил уурхай эрхлэгчдийг буруутгах ч ажлын байр, өөрөөр амьдрах боломж Монголд байна уу. “Нинжа”-гийн хөдөлмөр бол амар хялбар ажил биш ээ. Амь өрссөн талбар. Өглөө гараад орой ирэх эсэх нь бүрхэг. Тиймээс 100 хувь эрсдэлтэй. Гэсэн ч цөөн хүн амтай монголчуудын цөөнгүй хэсэг нь “нинжа” болсоор байна. Тэдэнд ийм сонголт хийхэд олон зүйл нөлөөлсөн нь дамжиггүй.

Манай оронд өнгөрсөн хугацаанд тохиосон ган зуднаар малаа алдсан малчид, шилжилтийн үед улсын үйлдвэрүүд дампуурахад ажилгүй болсон иргэд амь зуухын эрхэнд алт, нүүрс, хайлуур, жонш зэрэг ашигт малтмал олборлох болсоор олон жилийг үдлээ. Хамгийн хэцүү замыг тэд сайн дураараа сонгон явлаа. Одоо ч явж л байна. Тэд нийгмийн хөгжил, хүн сүргээс тасарсаар. Биднээс холдон буй хүмүүсээ хэрхэн нийгэмшүүлэх вэ. Хамт олон гэж "нинжа"-д алга. Тэнэмэл гэмээр амьдралд олноороо дасаж, бултаараа шингэх вий.

Азтай байлаа гээд жаргалтай амьдралыг олсон нь ховор

Уулын таг, ойн гүн, говийн хоолойд алт “зүүдэлж” амиа алдаж буй нэгэн ч бий. Чамгүй алт олоод амьдрал, ахуйгаа өөд татсан нь ч байгаа. Гэхдээ өөдөлсөн нь олон биш цөөн. Азтай байлаа гээд сайхан амьдралыг олсон нь ховор. Уул уурхай салбар хүнд. Хүнд салбарт хүний хүчийг дайчилж буй хэсэг нь бичил уурхай. Бичил уурхайг сонгосон иргэддээ халгах бус хамтрах төслийг Монголд Швейцарийн хөгжлийн агентлангаас хэрэгжүүлж байгааг та нэг бус удаа сонссон байх. Тус газраас Монголын Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэхээр 2005 оноос Тогтвортой бичил уурхай төслийг хэрэгжүүлж, 186 гаруй нөхөрлөл байгуулжээ.Нөхөрлөлд 1700 орчим гар аргаар ашигт малтмал олборлогч элсэж, сар бүр 53 мянган төгрөгийн татварыг улсад төлдөг боллоо. Тэд насан буурал болохын цагт төрөөс тэтгэвэр, тэтгэмж авна гэсэн үг.

Швейцарийн хөгжлийн агентлангаас иргэд хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагааны эрх зүйн орчинг бүрдүүлж, зохион байгуултад оруулах нь хөдөө орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломж гэж үзээд Тогтвортой бичил уурхай төслийг хэрэгжүүлсэн болохыг онцлон тэмдэглэе. Монгол хүний ирээдүйн баталгаат сайн сайхан амьдралын төлөө төрийн ажлыг тэд нугалжээ.

Тавилан биш

“Хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагааг бичил уурхайн хэлбэрт оруулах нь” сэдэвт форумын уур амьсгал, хэлэлцэх асуудал хүн рүү бус байгаль орчин тал руугаа хэлбийсэн гэж хэлж болно. Уг нь Монголын төр монгол хүнээ аврах ёстой. Хүний тухай л ярих чуулган болно гэж итгэсэн минь талаараа болчих шиг санагдсан. Нэг л хүн хүний эрхийн тухай ярьсан. Монгол хүний үнэ цэнийг сануулсан. Төр "нинжа"-д амьдрах ая тухай, таатай орчинг бүрдүүлж өгөхийн төлөө чардайх учиртай. Нэгдүгээр асуудал бол байгаль орчин бус хүн. Хүн төвтэй нийгэмд хүнээ хайрлах, хамгаалах нь төрийн үүрэг. Мэдээж, байгаль орчин чухал боловч нэгдүгээр асуудал хүн гэдгийг мартаж болохгүй. Хэн ч “үхлийн хөндий” гэж нэрлээд буй давчуу хонгилд амьдрахыг хүсэхгүй. Иргэддээ ийм сонголт үлдээсэн төрийн мухар бодлогын гай болохоос 70 мянган хүний хувь тавилан биш.

“Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага өөрийн нутаг дэвсгэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт уул уурхайн үйл ажиллагааг бүрэн болон хэсэгчлэн хориглох эрхтэй. Мөн ашигт малтмал эрж хайх, олборлох эрхийг өгөх, өгөхгүй нь тухай орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх” гэдгийг форумд илтгэл тавьсан албаны хүмүүс онцолж байв. Албаны хүмүүсийн үг албаны л сонсогдлоо. Хэлсэн үг нь ч амьдралд буусангүй. Хүний эрх, эрх чөлөө хаачив. Ардчилсан нийгэмд хүн үнэ цэнэтэй. Тэр тусмаа манайх шиг цөөн хүн амтай оронд “нинжа” асар том капитал биш үү.

Бичил уурхай амь зуулгын хэрэгсэл үү

Бичил уурхай хөгжсөн газруудад нөхөн сэргээх стандарт тогтоох шаардлагатай юм байна. Хариуцлагатай уул уурхайг нөхөн сэргээлт гэж үздэг манайх шиг оронд бүр чухал мэт. Тайрсан нэг модны оронд 10 мод тарих, бохирдуулсан гол, усыг цэвэршүүлэх стандарт тогтоох, түүнд хяналт тавихад иргэдийн оролцоог сайжруулах талаар форумд оролцогчид санал бодлоо илэрхийлсэн юм. Тэдний зөв. Гэхдээ "нинжа" гэж цоллоод буй иргэдийнхээ эрүүл мэндэд хүрч үйлчлэх эрүүл мэндийн тогтолцоог төр бүрдүүлээсэй. Хувиараа ашигт малтмал эрхлэгчид байгаль орчныг хайр гамгүй сүйтгэсний улмаас гол ус ширгэх, бохирдох, мөнх цэвдэг хайлах, мал бэлчээрлэх газаргүй болох, ой мод сүйдэх зэрэг байдал Төв, Баянхонгор, Сэлэнгэ зэрэг аймагт илүү их байгааг аймгуудын төлөөлөгчид хэлж байв. Монголын 21 аймаг, 330 гаруй суманд "нинжа" очоогүй газрыг олно гэвэл цөөн байх биз ээ. Говь-Алтай, Өвөрхангайд  "нинжа"-гийн ул мөрөө үлдээсэн газрууд ч бий. Гэсэн ч амьдрахын эрхээр гээд тэднийг зөвтгөж болмоор.

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж илтгэлдээ орон нутгийн засаг захиргаа, гар аргаар ашигт малтмал эрхлэгчдийн хооронд үл ойлголцол үүссэний улмаас бичил уурхай эрхлэгчдийг хөөх, хүний эрхэнд нь халдах зэрэг үйлдэл гардгийг хэллээ. Эцсийн дүнд Оюутолгойд бус хувин шороотой хүний амь тэнцэх гүн хонгилд Монгол хүний эрх хамгийн ихээр зөрчигдөж байгааг санах сан. Өнөөдөр дэлхийн 70 гаруй оронд 300 сая орчим хүн бичил уурхайг амь зуулгын хэрэгсэл болгодог гэсэн судалгаа бий. Бичил уурхай амь зуулгын хэрэгсэл биш юм. Аз жаргалтай амьдралд хүргэх тасалбар бүр ч биш.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогыг нэн түрүүнд батлах ёстой. Геологи, уул уурхай, эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогоо эхлээд гаргая. Иргэний нийгмийн оролцоог яаж хангах талаар тусгая. Бодлого боловсруулах ажлын хэсэг гаргая. Холбогдох яамтайгаа хамтарч ажиллая. Үүний дараа Ашигт малтмалын тухай хуулиа шинэчилж гаргая. Бичил уурхай тойрсон асуудлаар нэг удаа цугларч ярилцаад бухимдлаа тайлаад өнгөрөх ёсгүй. Энэ ажил цааш үргэлжлэх ёстой. Шинэчлэлийн Засгийн газар эрх зүйн орчныг сайжруулах тал дээр анхаарч ажилах ёстой” гэлээ.

Б.Баяртогтох