Доллар хомсдов уу, төгрөг олшров уу Ноён долларын ханш өссөөр л байна. Америк доллар хомсдоод тэр үү, монгол төгрөг олшроод тэр үү. Өнгөц харвал хариулт ямар байх нь ялгаагүй мэт. Гэтэл мөн чанартаа хариулт нь аль вэ гэдгээс улс орны эдийн засгийн тухай том сэдэв босч ирдэг бололтой.
 
Зарим эдийн засагчид ам.доллар хомсдоогүй, харин эсрэгээрээ төгрөг хомсдож байгаа гэх хачин тайлбарыг хэлж байна. Төгрөг хөрөвдөггүй валют. Өөрөөр хэлбэл, Монголоос өөр хаана ч авахгүй. Харин АНУ-ын үндэсний мөнгөн тэмдэггийг дэлхийн аль ч улсад авна. Тиймээс байх ёстой газраа байхгүй байгаагаараа төгрөгийн хомсдол болж байгаа гэж тайлбарлах ажээ. 
 
Гэхдээ үүнийг эсрэгээр нь төгрөгийн үнэ цэнийн хомсдол хэмээн нэрлэвэл илүү оновчтой санагдана. Өөрөөр хэлбэл, үндэсний мөнгөн тэмдэгт маань улам л үнэгүйдэж байна гэсэн үг. 
 
Нэг, хоёр, тав, аравтын дэвсгэрт маань хэдий гүйлгээнд байсаар байгаа гэх нэрнээс цаашгүй болов. Тэдгээрээр гүйлгээ хийдэг үйлчилгээ, худалдаа гэж нэгээхэн ч үгүй. Өдгөө хорь, тавь, зуутын дэвсгэртүүд тэдний адил гүйлгээнээс гарах нь. Энэ нь монголчууд бид бутархай мөнгө хэрэглэхээргүй баян болж байгааг бус, ширхэг чихрийг бүхэл мөнгөөр худалдаж авах ядуу болон хувирч байгаа хэрэг юм.
 
Улс орон бүр үндэсний мөнгөн тэмдэгтээ хамгаалах бодлого хэрэгжүүлдэг. БНХАУ өөрийн валют болох юанийг Олон улсын зах зээл дээр гаргахын тулд эдийн засгийн асар өргөн бодлого хэрэгжүүлж байна. АНУ-тай худалдааны гэрээ байгуулахдаа зөвхөн юаниар тооцох тухай хатуу болзол тулгаж, мөн их хэмжээний мөнгөн тэмдэгтээ тус улсын банкуудад нийлүүлж буй билээ. 
 
Тэгвэл ОХУ мөн л өөрийн мөнгөн тэмдэгтийг ам.долларын эсрэг сөргүүлэн тавьж, дотоодын зах зээлд гадаад валютын ноёрхлыг хазаарласаар ирсэн. Үндэсний хэмжээнд ам.доллараар худалдаа, татвар, түрээсийн төлбөр хийхгүй байхыг ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр хатуу хоригложээ. Ингэсний үр дүнд хямралын ид
өсөлтийн үед ч рублийн ам.доллартай харьцах харьцаа тогтвортой байж инфляцид нь өөрчлөлт бараг гараагүй. 
 
Мөн латин америкийн орнууд ОХУ-ын араас дөрөө харшсан эдийн засгийн бодлого явуулсан нь амжилт олж байна.
 
Манайд яг ийм хууль дүрэм байдаг ч амьдралд огт хэрэгждэггүй. “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бүх төрлийн ажил, үйлчилгээ, зар сурталчилгаа, аливаа үнийн санал болон тарифыг зөвхөн Монгол Улсын үндэсний валют төгрөгөөр илэрхийлж байсугай” гэсэн заалт бий.
 
Монголбанкнаас энэхүү хуулийн заалтыг талаар аж ахуйн нэгжүүдэд удаа дараа мэдэгдэж, холбогдох арга хэмжээг авдаг гэх боловч худалдаа, барилга, орон сууц, боловсрол, ажлын байрны түрээсийн үйлчилгээ зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг зарим аж ахуйн нэгжүүд нь дээрх хууль, тогтоомжийг ноцтойгоор зөрчиж, үнийн саналаа гадаад валютаар илэрхийлэн төлбөр тооцоог гүйцэтгэсээр байна.
 
Энэ нь мөнөөх зохиомол эрэлтийг бий болгож, төгрөгийн ханшийг сулруулахад чамгүй нөлөө үзүүлдэг. Гэтэл өнөөдрийг хүртэл Монголбанк төгрөгийн талаар огтхон ч анхаарал хандуулсангүй ээ. Ам.долларын ханшийг хазаарлаж дийлээгүйн гайгаар инфляци 9.9 хувьд хүрчээ.
 
Энэ бол шулуухандаа ам.доллар хомсдсоноос үүдэлтэй биш, Монголбанкны буруу бодлоготой холбоотой гэнэ. Улс орнууд инфляциа гурван хувьтай байхад нь онилж эхэлдэг. Манай улсын хувьд инфляци нь валютын ханшны өсөлттэй шууд хамааралтай байдаг орон. Инфляци өссөний шалтгааныг оношлоход маш хялбархан гэсэн үг л дээ. 
 
Иргэд ч үндэсний мөнгөн тэмдэгтдээ итгэх итгэл суларсан нь валютын хадгаламж өсч, төгрөгийн хадгаламж эрс буурсанаас харж болно. Тиймд Монголбанкны зүгээс төгрөгийн гадаад валюттай харьцах харьцааг ойртуулах, үндэсний мөнгөн тэмдэгтдээ итгэх итгэлийг сэргээх чиглэлээр бодлого боловсруулахад анхаарах хэрэгтэй мэт.
 
Өдгөө УИХ-аар төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай хэлэлцэж байна. МАН-ын зүгээс 2013 оны мөнгөний бодлого, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн, гадаад валютын нөөц, ханшийн үүссэн нөхцөл байдалд Монголбанкийг буруутгаж буй. 
 
Төвбанк оролцох ёсгүй үйл ажиллагаандаа Засгийн газрын шахалтаар орсноосоо болоод ийм алдагдалд хүрч байгаа гэж тэд дүгнэжээ. Тэгвэл Монголбанкны жинхэнэ өөрийн ажил болох дээр өгүүлсэн үндэсний мөнгөн тэмдэгтийг “шавраас татаж гаргах” ажлаа хийгээгүй байж Засгийн газрын гар хөлний үзүүрт орж гүйсэн гэсэн үг. 
 
Хэдийгээр Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг арилжааны банкуудаар дамжуулан хэрэгжүүлж байгаа гэгддэг ч Монголбанкны пассив нь актив хөрөнгөөс давж алдагдалд ороод эхэлж магадгүй тухай ч дуулдах боллоо. Хэрэв энэхүү мэдээлэл үнэн бол Засгийн газар бонд гаргах замаар алдагдлыг нөхөхөөс аргагүй болно.
 
Бие даасан хараат бус үйл ажиллагаа явуулах учиртай Монгол банк өдгөө бодлого хэрэгжүүлэх бус Засгийн газрын хэтэвч хэлбэрээр ажлаа явуулж байгаа нь зохимжгүй гэх шүүмжлэл ч бий. 
 
Төвбанкны хувьд зургаан долоон хоногийн валютын нөөцтэй байгаа аж. Энэ нь өмнөх үетэй харьцуулахад 5-6 дахин буурсан үзүүлэлт юм байна. Оны эцэст өр зээлээ төлөөд эхэлбэл нөөцийн хувьд хүндэрч болзошгүй. Энэ тохиолдолд ам.доллар жинхэнэ утгаараа хомсдож, ханшийн зөрүү улам л тэнгэрт хадах магадгүй ээ. 
 
“Найман шарга” захын ченжүүд “Монголбанк ямар бодлого явуулдаг мэдэхгүй. Арилжааны банкууд доллар гаргаад эхэлбэл ханш буурна. Гэтэл тэд байгаа валютаа гаргахгүй байна” гэсэн утгатай үгийг хэлж байна. Энэ бол зохиомол хомсдлын талаарх хэл ам. Гэхдээ л үнэний ортой үг.
 
Арилжааны цэгүүдэд нийт валютын 0.01 хүрэхгүй хувь нь эргэлддэг гэж Төвбанкнаас мэдэгдэж байсан билээ. Тиймд дотоодын зах зээл дээр зохиомлоор хомсдох хийгээд олшрох үзэгдлийг урьдчилан тооцож, сэргийлэн ажиллах үндсэн үүргээ умартмааргүй байна, Монголбанк.
 
Д.Дамдинжав