​УИХ дахь Бие даагч гишүүдийн зөвлөлөөс өн­гөрсөн даваа гарагт мэдээлэл хий­сэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн байр сууриа илэр­хийлэхдээ Төв банкийг жаа­хан “хазаад” авав.

Ин­гэх­дээ тэрбээр “Миний саналаар валютын ханшийг тогтвортой байлгана гэж ард түмэнд хэлэх ёстой” гэсэн нь анхаарал татлаа. Энэ чинь одоо юу гэсэн үг вэ. Эрхэм гишүүн өм­нө нь МАН-ын гишүүн бай­сан учраас 2000 оноос хойшхи Монголбанк­ны үе үеийн ерөнхийлөгч нараас амлуулж сурсныхаа хувьд тэгж хэлэв үү. Эсвэл үнэхээр Төв банкны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 25.2-т заа­санчлан “Монголбанк гадаад валюттай харьцах төг­рөгийн ханшийн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэхдээ ханш нь чөлөөтэй бөгөөд бодитой байх, төгрөгийн тогтвортой байдал болон үндэс­ний эдийн засгийн тэнцвэгртэй хөгжлийг хан­гах зарчмыг баримтална” гэдэг заалтыг өөрчлөх шаард­лагатай юу. Тийм бол Монгол­бан­каар оролдох бус Төв банкны тухай хуулиа өөрчлөх хэрэгтэй баймаар юм.

“Ард түмнийг амгалан тайван байлгах үүднээс аятайхан гоё агуулгатай мэдээлэл өгөх үүрэг­тэй” ч гэдэг юм уу. Түүнээс биш хуулийн хүрээнд ямар ч гарц хараг­дах­гүй байна.

Уг нь Төв банкны тухай хуу­лийн дөрөвдүгээр зүйлийн 4,1-д “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт төг­рөгийн тогтвортой байдлыг хан­гахад оршино” гэж заасан. Гэтэл үндсэн зорилтоо биелүүлэх гэхээр ханшийг уян хатан байлгахаас өөр аргагүй. Тиймээс ч Төрөөс мөн­гөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд “Төгрөгийн валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэж уян хатан тогтох зарчмыг Монголбанк үргэлжлүүлэн баримтлах болно” гэсэн өгүүлбэр байна билээ. Үүнийг л УИХ-ын эрхэм гишүүн Ц.Даваасүрэн шүүмжилсэн бололтой.

Тэгвэл Ц.Даваасүрэн гишүүнд “уураа гаргах” ёстой бас нэгэн “объект”-ыг санал болгоё. Тэр бол Эдийн засгийн хөгжлийн яам, тус салбарын сайд Н.Батбаяр нар юм. Валютын орох урсгалыг нээх үүрэг өгөөд тусад нь яам хүртэл байгуулж өглөө шүү дээ. Одоо Монголбанк очиж ажлыг нь хийж өгөх үү. Тиймээс энэ яамнаасаа валютын орлого хаашаа урсаад байна вэ. УИХ-ын зөвшөөрлөөр Засгийн газрынхаа нэрийг барьж авсан зээлүүд чинь хаана байна, юунд зарцуулав гэдгийг асуух нь арай илүү байгаа онох бус уу.

Ханш уян хатан тогтох нь гадаад зах зээлийн гэнэтийн өөрчлөлтөөс үүдэн дотоодын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чухал ач холбогдолтой. Ийм ч учраас сүүлийн 30 гаруй  жилийн ажиглалалтаар “Дэлхийн улс орнуудад хийсэн судалгаанаас үзэхэд уян хатан зохицуулалттай хөвөгч ханшийн дэглэмтэй орнуудыг ханшаа хүчээр, тогтмол барьдаг орнуудтай харьцуулахад сөрөг нөлөөлөлд өртөх эрсдэл нь 1.5 дахин бага, нэг хүнд ногдох ДНБ-ий өсөлт нь дунджаар 0.85 хувиар өндөр байсан” гэсэн дүгнэлт гарчээ.

Ерөөсөө сүүлийн жилүүдэд, тэр тусмаа сонгууль угтсан жилүүдэд манай улс урсгал дансны алдагдлаа гадаадын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж эхэлсэн. Өнөөх Монголбанкны өмнөх удирд­лагуудын “тайван, гоё мэдрэмж төрүүлсэн” мэдэгдлүүдийн цаана бөөн өр л байсан. Тэр багийг нь хуу татаад хаяхаар сандарч байгаа гэж жиг­тэйхэн. Тэгээд үр дүнд нь  энэ оноос эхлэн гадаад худалдааны  нөхцөл болон гадаад эдийн засгийн орчин муудаж гадны шууд хөрөнгө оруулалт өмнөх оныхоос эрс буурч төлбөрийн тэнцэл “тун тааруухан” үзүүлэлттэй гарц төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах дарамт үүссэн. Үүнд арайхийн цуг­луулсан нөөцөөрөө интервенц хийж валютын ханшийг тогтоон барьсан Монголбанкийг буруутгаад яах вэ. Өмнөх болон одоогийн Засгийн газартайгаа, Эдийн засгийн хөгжлийн сайдтайгаа л хариуцлагаа ярих болж байна. Хэдийгээр Монголбанкныхан зөв гарцыг мэдэж байсан ч мэдээллээр хангах, зөвлөх үүрэгтэй болохоос Засгийн газрын болон аль нэг яамны ажлыг хийх эрхгүй. Эсвэл хуульд өөрчлөлт оруулж байж шийдэх учиртай.

Тэгэхээр энэ нөхцөлд Монголбанк төгрөгийн гадаад валют­тай харьцах ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлд ний­лэмжтэйгээр уян хатан байлгах зарчмыг баримтлахаас өөр гарц харагдахгүй байна. Ингэж хан­шийн огцом хэлбэлзэл зөөлөрч, боломжийн хэрээр валютын захын эрэлтийг нөхөж байсны үр дүнд “Гадаад зах зээлийн дотоодын эдийн засаг дахь сөрөг нөлөөлөл” гээч аймшиг нь сулрах юм. Өөрөөр хэлбэл гадаад худалдаанд шаардлагатай тохиргоогоо Монгол­банк хийчихлээ шүү дээ.

Яг энэ мөчид нь Эдийн засгийн хөгжлийн яам валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга бодож олох, ажиллах хэрэгтэй байна. Үүнээс хожимдвол Монгол Улсад л муу. Учир нь арайхийн тохиргоо хийсэн энэ арга маань тийм ч “урт настай” биш.  Төлбөрийн тэнцэл тогтворгүй болох, ханшийн хямрал, санхүү, эдийн засгийн хямралын эрсдэл, үндэсний өрсөлдөх чадвар буурах, урт хугацаанд эдийн зас­гийн дархлаа сулрах гэхчлэн үй олон эрсдэл “хаалга тогшиж” буй. Иймд импортыг орлох дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж экспортоо урамшуулах, гадаад худалдааны алдагдлаа бууруулах, нийт эдийн зас­гийн дархлаа болон өрсөлдөх чадварыг сайжруулах энэ бүх ажлыг Монголбанк хийж барахгүй. Тийм ч учраас энэ удаа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн Монголбанкинд хаяглаж хэлсэн шүүмжлэл нь Засгийн газарт, тэр тусмаа Эдийн зас­гийн хөгжлийн яаманд илүү хамаа­ралтай байв уу даа гэж бодох үндэс­лэлүүдээ тайлбарласан минь энэ ээ. 

 

У.Оргилмаа