УИХ-ын гишүүд үдэлтийн үдэшлэгт бэлдэж эхэлжээ. Одоогийн парламентын хоёр дахь эрхэм гишүүн бүрэн эрхээсээ татгалзах тухай өргөдлөө өгсөн нь нийгэмд шуугиан дэгдээгээд байна.

Өнгөрсөн жил МАН-аас нэр дэвшиж сонгогдсон У.Хүрэлсүх хүндэтгэх шалтгааны улмаас бүрэн эрхээсээ татгалзсан бол энэ удаад АН-ын Р.Амаржаргал парламентын дугуй танхимаас явахаар шийджээ. Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оюун санааны түүчээ болж, Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж асан тэрээр их улс төрөөс хөндийрөх цочир сонин мэдэгдэл хийсэн нь элдэв өнгийн таамаг хөврүүлж орхив. Зарим нэг нь түүнийг шударга бус явдалтай эвлэрч чадахааргүй хэмжээний улс төрийн өндөр ёс суртахуунтай тул УИХ-аас гарч байна гэж зөвтгөж байна. Харин нөгөө хэсэг нь АН бүх төвшинд засаглаж буй энэ цаг үед албан тушаалын бялуу хүртээгүй, хуваарилалтын гадна үлдсэндээ шаралхаж шатсандаа ийм алхам хийлээ гэж хардав.

 

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар бол УИХ-ын гишүүн нийт ард түмний эрх ашгийг эрхэмлэн дээдлэгч байх учиртай. Энэхүү хатуу зарчмыг Р.Амаржаргал гишүүн хамгийн сайн мэддэг, ойлгож ухамсарладаг хүмүүсийн нэг. Тиймдээ ч өмнөх парламентад өөрийг нь сонгосон Ховдын тойргийнхноосоо нүүр буруулаад ирэхэд  нийслэлийн Сүхбаатар дүүргийнхэн парламентад дахин сонгож итгэл хүлээлгэсэн. Төрийн эрх барих дээд байгууллагад өөрсдийнхөө төлөөлөл болгон илгээнэ гэдэг бол ачаа үүрүүлж байгаа итгэл гэдгийг Монголын улс төрд 20 гаруй жил чанагдаж байгаа Р.Амаржаргал гишүүн дэндүү сайн мэднэ. Харамсалтай нь эрхэм гишүүн хөтөлж гарсан хөсгөө замын дундаас орхих шийдвэр гаргажээ. Түүнийг өргөдлийг хүлээн авах, эс авахыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийднэ.

Улс төр бол багийн тоглолт байдаг. Гишүүд шүд сугалах гэдэг шиг ганц ганцаараа гишүүнээсээ татгалзаад байвал Монгол төрийн дархлаа суларч, олон нийтийн төрд итгэх итгэл улам алдрах сөрөг талтай гэж ажиглагчид дүгнэж байна. Ялангуяа парламентад сонгогдох эрхээ мөнгөөр хэмжих болсон энэ цаг үед ганцаарчилсан улс төрийн тоглолт хийх нь намдаа ч, нийгэмд ч алга ташуулахгүй нь ойлгомжтой. 2012 оны УИХ-д нэр дэвшихээр горилогчдодоо 50 сая төгрөгийн босго тавьсныг сонгогчид мартаагүй байх. Шууд хэлбэл, одоогийн УИХ-ын гишүүд сонгогдох эрхээ 50 сая төгрөгөөр худалдаж авсан гэсэн үг л дээ. Өнөөдөр УИХ-ын гишүүнээс татгалзаж байгаа Р.Амаржаргал гишүүн ч 50 саяыг төлөгчдийн нэг. Гэтэл парламентад орж ирснийхээ дараа сонгогчдын сонголтоор ингэж даажигнах нь улс төрийн хэр соёлтой үйлдэл юм бол. Ямартай ч ангийнх нь нөхөд Р.Амаржаргалыг явуулах үдэлтийн үдэшлэгтээ өөр өөрийнхөөрөө бэлдэж эхэллээ.

 

А.Ариун