Шилэн данс амьсгал хураалаа
2017/04/27
Үйлдвэр хаалттай “вант улс” хэвээр үлдэв. “Эрдэнэт”-ийг эрүүлжүүлэх хувийн хэвшлийн эрчимт эмчилгээ эхлээд төд удалгүй таг зогслоо. “Эрдэнэт” үйлдвэр хэрэгжүүлэлгүй жил хагасыг үдсэн. Хувийн хэвшлийн хяналт, шилэн дансны хэрэгжилт үгүй болсноор эрээгээ алдсан шахаа улам ч гаарах биз.
Г.Байгал “Эрдэнэт”-ийг дахиад л сүүдэр нөмөрчихлөө. Монголчуудыг 40-өөд жил тэжээж буй энэ үйлдвэр хаалттай “вант улс” хэвээр үлдэв. Төрөөр бамбай хийсэн хэсэг шахаачин энэ үйлдвэрийг ил тод, нээлттэй болгох алхмыг гацааж дөнгөлөө. Ингэснээр “Эрдэнэт”-ийг эрүүлжүүлэх хувийн хэвшлийн эрчимт эмчилгээ эхлээд төд удалгүй таг зогсож байна. Одоо уулын баяжуулах үйлдвэр ханцуйндаа наймаалцдаг шахаач, луйварчдын үүр уурхай болох нь дамжиггүй. Учир нь тэд олон нийтийн нүдийг хуурч, хяналтыг хаах бараан хөшгийг аль хэдийнэ татсан.
Хувийн хэвшлийн эхлүүлсэн шилэн дансыг үгүй хийж, ичиж улайх нь бүү хэл бүр ширэн нүүрлэж явна. Хууль зөрчиж хувийн өмчийг булааж авсан амьгүй албатууд “Эрдэнэт”-ийг “эзэлсэн” даруйдаа шилэн данс, санхүүгийн сахилга батыг хамгийн эхлээд үгүй хийлээ. Төрийн өмчийг ил тод, түмний хөрөнгийн зарцуулалтыг нээлттэй болгохын тулд Монгол Улс 2015 оноос Шилэн дансны тухай хууль хэрэгжүүлсэн түүхтэй. Гэвч хоёр жилийн өмнөөс үйлчилж эхэлсэн уг хуулийг төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэр хэрэгжүүлэлгүй жил хагасыг үдсэн байдаг. Энэ хугацаанд иргэдэд мэдээлэх учиртай үйлдвэрийн шилэн данс хоосон хэвээр 2016 оны есдүгээр сарыг хүргэжээ. Харин өнгөрсөн оны сүүлийн улирлаас үйлдвэрийн шилэн данс гэнэт “амилсан”.
Цаг хугацааны дарааллаар авч үзвэл энэ бол “Монголын зэс” корпорацийн төлөөлөл үйлдвэрийн удирдлагад орсон үе. Чухам энэ л үеэс эхлэн “Эрдэнэт”-эд санхүүгийн сахилга батыг сахиулж, шилэн дансыг хөтөлдөг болгосон. Ингэж бараг хоёр жил салхи ороогүй үйлдвэрийн шилэн дансанд хувийн хэвшил гэрэл тусгасан юм. Төрийн албан ёсны цахим хуудас болох www.shilendans.gov.mn-д байрлах “Эрдэнэт”-ийн шилэн дансны цэсэнд өнгөрсөн оны есдүгээр сард хөрөнгийн болон урсгал зардалд тусгасан арга хэмжээний тендерийн мэдээллийг нийтэлжээ.
Тодруулбал, ган бөөрөнцөг, бүхэллэг нүүрс гээд үйлдвэрлэлд шаардлагатай бараа, бүтээгдэхүүн бүрийг жагсаасан байх юм. Тэр ч бүү хэл, бичгийн цаасыг хүртэл орхилгүй бүртгэсэн нь “Эрдэнэт”-ийн хувьд цоо шинэ үзэгдэл. Мэдээж мөнгөн дүн, санхүү тооцоог нь ч дэлгэсэн. 2016 оны есдүгээр сард л гэхэд бараг ес орчим тэрбум төгрөгийн худалдан авалтыг ил болгожээ. Улмаар хуулийн хугацаанд нь тендерт шалгарсан компаниудын нэр, гэрээний үнийн дүнг тайлагнахаа ч мартсангүй. Ингэж шилэн дансыг жинхэнэ утгаар нь ажиллуулж, тайлан, тооцоо нь ч тэнцэж эхэлсэн байна.
Товчлуур цохиод л “Эрдэнэт”-ийн “хэтэвч”-ийг шилний цаанаас нэвт харчихдаг болсон гэхэд болно. Харамсалтай нь, хувийн хэвшлийн эхлүүлсэн энэ “анагаах эмчилгээ”-г шахаачид санаатайгаар зогсоолоо. Төрийн албатууд үйлдвэрийн удирдлагыг гартаа авсан даруйдаа “Эрдэнэт”-ийг эргээд хориотой болгочихлоо Өнгөрсөн оны сүүлээс үйлдвэрийн удирдлагыг сольсныг бид мэднэ. Уулын баяжуулах үйлдвэрийн ерөнхий захирлаар нь Уул уурхайн дэд сайд асан Х.Бадамсүрэнг томилсон.
Шинэ томилгоотой зэрэгцээд ил болж байсан шилэн данс амьсгал хураалаа. Цахим хуудас дахь тус үйлдвэрийн цэс хоосорчээ. Санхүүгээ тайлагнаагүй энэ хэдэн сард “Эрдэнэт”-ийн мөнгөн урсгал хаалттай хэвээр. Хориотой хаалганы цаана ямар шахаа, наймааг өрнүүлж буйг иргэд бид даанч мэдэхгүй болж буй нь туйлын харамсмаар. Ийнхүү хагас жил хүрэхгүй хугацаанд хийсэн хувийн хэвшлийн далайцтай шинэчлэлийг хагас сарын дортын төрийн албатууд сөнөөж, сүйрүүлж байна. Сөнөөхөд амархан, бүтээхэд хэцүү шүү.
Монгол Улс даяар үйлчилж буй Шилэн дансны тухай хууль манай эдийн засгийн нэгэн хөдөлгүүр болсон “Эрдэнэт” үйлдвэрт ердөө хэдхэн сар хэрэгжээд зогслоо. Энэ нь хувийн хэвшлийн хяналт байх үед. Харин одоо хяналтгүй болсон тул олон тэрбумаар хэмжигдэх шахааны бизнесээ цэцэглүүлж, ёстой хагартлаа идэж ууцгаах нь ойлгомжтой.
Угаас “Эрдэнэт” тойрсон шахаа эрээ цээрээ алдсан. Үйлдвэрт хог шахаж, зөрүүлээд шим шүүсийг нь сордог явдал олон жил бугшсан. Үүнийг хувийн хэвшил хэсэг хугацаанд таслан зогсоосон ч төрийн увайгүй албатууд эргэн сэргээлээ. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш” гэж Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 14 дүгээр зүйлд заасан байдаг. Гэвч төрийн өмчийн үйлдвэрт хуулийн хэрэгжилт ийм байна.
Тэр байтугай шилэн данс хөтлөөгүй албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагыг хүртэл тусгайлан заасан байдаг. Гэвч төрөөс төрсөн төмөр нүүртнүүдэд хариуцлага хүлээлгэж байгаа юм огт алга. Улам л өөгшүүлж, хуулийг уландаа гишгэ хэмээн толгойг нь илсээр. Ингээд хууль зөрчиж “Эрдэнэт”-ийг дээрэмдсэн этгээдүүд бусармаг үйлийн үрийг үргэлжлүүлэн тарьж явна. Үүгээр зогсохгүй энэ зуунд гутамшиг болохоор дээрмийн гэмт хэрэг үйлдчихээд хууль зөрчөөгүй хэмээн мэлзэж байгаа. Тийм л шударга юм бол амьгүй албатуудаа тэр хүч чадлаа хууль хэрэгжүүлэхэд ашиглаач.
http://ubinfo.mn/read/6030