“Зүрхний Хилэн” киноны гол дүрийн жүжигчин Б.Барслхагва: Агаа, аниа гэдэг нь Манж хэлний үгс юм билээ
2017/09/28
Нүд.мн: Юун түрүүн сайтын маань урилгыг хүлээн авч манай уншигчидтай уулзаж байгаа танд баярлалаа. Тантай яриагаа шинэ киноны чинь талаар эхлэхээр шийдлээ.
Тун удахгүй “Зүрхний Хилэн” гэдэг кино гарах гээд үзэгчид нилээн хүлээлттэй байгаа харагдаж байна. Киногоо МУСГЗ Ж.Пүрэв гуайн “Зүрхний хилэн” романаас сэдэвлэсэн юм уу?
Барсаа: Баярлалаа. Таньд болон танай сайтын уншигчидад энэ өдрийн мэнд хүргэе. Үнэндээ бол бид киногоо “Зүрхний хилэн” зохиолоор хийгээгүй. Бид оюуны өмчийн газраас зөвшөөрөл авах үед ийм нэртэй кино хийгдэж байгаагүй гэсэн учраас энэ нэрийг сонгож кино хийхээр болсон. Тийм ч учраас хэн нэгний оюуны өмчид халдаагүй, хууль зөрчсөн асуудал байхгүй гэж хэлж болно. Энэ бол зөвхөн киноны нэр юм. Зүрхний хилэн гэдэг өөрөө их гоё нэр санагддаг. Хүний уур гэхэд л бухимдал, уур, хилэн гэж гурван шатаар илэрдэг. Үүнээс зүрхний хилэн гэдэг бол тэсэхийн аргагүй болсон үед гаргадаг уур бухимдлын дээд хэлбэр гэж тайлбарлаж болох байх .
Нүд.мн: Трэйлэрүүдийг нь үзэхэд 1800-аад оны Манжийн эрхшээлд байсан үеийг харуулсан кино юм шиг байна.
Барсаа: Тийм ээ 1867 оны үеийг харуулсан кино юм л даа. Манжуудад эзлэгдсэнээс хойш 110 гаруй жилийн дараах үйл явдлыг харуулсан.
Нүд.мн: “Маш нууц” кинонд тоглосон жүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож байгаа юм шиг харагдсан. Тэр кино баг энэ удаа мөн хамтдаа ажиллаж байгаа юм уу?
Барсаа: Тийм. “Маш нууц” кинонд тоглож байсан багийнхантайгаа хамт “Зүрхний хилэн” кинонд дахин хамтран ажиллаж байна. Манай “Фантастик” продакшнаас гаргаж буй бас нэгэн бүтээл юм. Манай продакшнд дан эрэгтэй хүмүүс байдаг. Тиймээс эрэгтэй жүжигчиддээ зориулж зохиол маань бичигддэг. Эрэгтэй дүр голчилдог гэсэн үг. “Миний ах атаман”, “Аз жаргалын шок”, “247 градус” гээд олон кино хийсэн. Энэхүү “Зүрхний хилэн” кино бол бидний 10 дахь бүтээл юм.
Нүд.мн: Танай продакшны кинонууд голдуу адал явдалт, тулаант киноны төрөл юм шиг санагдлаа. Тэр талыг дагнаж байгаа юм уу?
Барсаа: Бидний анх хийсэн кино инээдмийн кино байсан. Хоёр гурван инээдмийн кино хийсэн л дээ. “Хар сувдны нууц”, “247 градус”, “Том толгойтын романс” гэх мэт инээдмийн кинонууд хийсэн. “Том толгойтын романс” киног Италийн Лена Вертмюллер хэмээх зохиолчийн “Завинаас унасан нь” гэдэг зохиолоос сэдэвлэсэн. Зохиолчийн ач охиноос нь зөвшөөрөл аваад Монголд ийм кино хийхээр зорьж байна гэдгээ хэлж зохиогчийн эрхтэйгээр киногоо хийсэн. Залуу хүмүүс учраас мэдээж акшн төрлийн кино бүтээх хорхой байлгүй яахав. Тэгээд ч адал явдалт кино гэдэг нь хурд шаардсан учраас ажиллахад маш сонирхолтой байдаг . Тэр хэмжээгээрээ үзэгчдийн сонирхлыг татдаг. Зөвхөн инээдмийн кино үздэг, зөвхөн тулаант кино үздэг, зөвхөн зөгнөлт кино үздэг хүмүүс гэж байдаг. Эдгээр төрлүүдийг бүгдийг нь адал явдалт кинонд багтааж болдогоороо онцлог юм.
Нүд.мн: Тэгвэл “Зүрхний хилэн” киноны зохиолыг хэн бичсэн юм бэ?
Барсаа: Манай продакшны найруулагч Б.Тамир, Э.Алдар хоёр зохиолыг нь бичсэн. Анх зохиолын санааг бид бүгдээрээ сууж байгаад хамтдаа гаргасан. Үйл явдлын дарааллыг бид бүгдээрээ сууж байгаад гаргасан. Яагаад гэвэл түүхэнд болсон үйл явдлыг тэр хэвээр нь хийхэд хэл ам ихээр дагуулдагаас гадна түүх судлаачдын зүгээс санаанд нийцэхгүй явдал ихээр гардаг. Учир нь кино бол уран сайхны дүрслэлийг илүүтэй гаргадаг. Эсвэл Ж.Пүрэв гуайн “Зүрхний хилэн” романаар хийчихсэн бол тэр номыг уншсан уншигчдын өөрсдийн дотооддоо дүрслэж боддог байсан тэр ертөнцийг бүрэн дүүрэн гаргаж чадахгүй учраас үзэгчдийн сэтгэлд хүрэхгүй байх талтай. Үүний оронд тодорхой нэг болсон үйл явдлаас сэдэвлээд тухайн үйл явдлыг хүрээлж байгаа бусад жижиг үйл явдлуудыг зохиогоод, кино болгон үзүүлж болно. Мэдээж үндсэн баримтат, өгүүлэмжээ алдахгүй боловч үүнийг уран сайхны аргаар илэрхийлж харуулах нь илүү амар байдаг.
Нүд.мн: Зураг авалтаа хаана хийсэн бэ?
Барсаа: Зураг авалт олон газар хийгдсэн. Бид түүхэн сэдэвт кино хийж байгаа учраас Монгол орныхоо үзэсгэлэнтэй сайхан газруудыг харуулахыг хичээсэн. Түүнээс гадна энэ кинонд үйл явдал ихээр өрнөдөг. Жишээ нь манай кинонд 5000 адууны зураг авсан. Жингийн цуваа, дээрэм тонуул, дайн тулаан, байлдаан гэх мэт маш олон зураг авалтуудыг байгальд авсан. Зураг авалтаа хамгийн түрүүнд Баянхонгор, Булган аймгуудаас эхлүүлж, Сэлэнгэ, Дундговь, Төв, Өмнөговь гэх аймгуудад хийсэн. Өнгөрсөн оны 12 сард зураг авалтаа эхэлж, 2017 оны 7 сард зураг авалтаа дуусгалаа. Нийт зургаан сарын турш зураг авалт явагдсан .
Нүд.мн: Жилийн дөрвөн улиралыг бүгдийг харуулсан байх нь ээ?
Барсаа: Тиймээ. Бүх улиралыг харуулсан. Сүүлийн зураг авалтаа саяхан мод, навч шарлахад авч дуусгалаа. Одоо зураг авалт, хөгжмөө бүгдийг бичиж дууссан. Нээлтээ л хүлээж байна даа.
Нүд.мн: Киноны хөгжмийг хэн бичсэн бэ?
Барсаа: Морин хуурын чуулгын удирдаач МУСТА Д.Түвшинсайхан бичсэн.
Нүд.мн: Трэйлер дээр нэг ордон дотор тулаан болж буй хэсэг гарч байна. Энэ зургийг хаана хийсэн юм бэ?
Барсаа: Өвөрхангай аймгийн Амарбаясгалант хийдэд ордны зураг авалтыг хийсэн. Тэр хийдэд энэ зураг авалт хийхэд их тохиромжтой. Амарбаясгалант хийдийг манжийн Энх-Амгалан хааны зарлигаар Өндөр Гэгээн Занабазарт зориулан босгосон. Хийд гэхээсээ илүү ордон шиг эртний хийцээрээ хадгалагдаж үлдсэн түүхэн дурсгалт газар. 1930-аад оны эхэн үеэс хойш 1980 он хүртэл эзэнгүй болж, хоосон үлдсэн. Тэр хооронд тонуулч, дээрэмчдийн гарт сүйтгэгдсээр 1990 оны эхээр сэргээж, одоо гайхалтай сайхан ордон болсон. Хийдийн дотоод засал Манжийн үеийг бүрэн харуулсан нь бидний кинонд бүрэн тохирсон .
Нүд.мн: Хувцас хэрэглэлийн хувьд тухайн үеийн хувцас хэрэглэлийг бүрэн харуулж чадсан мэт санагдсан. Мэдээж киноны хувцас хэрэглэл гэж байдаг л байх. Та нар хувцсаа шинээр хийлгэсэн үү?
Барсаа: Хувцсаа бүгдийг нь шинээр хийлгэсэн. Ялангуяа манж ноёдын хувцас бидэнд үнэхээр олдоогүй. Монгол улсад суугаа хязгаар дахиныг товхинуулагч амбан нь ван цолтой хүн байсан. Бэйсээс дээгүүр албан тушаал гэсэн үг. Тэр хүний дээл мэдээж олдохгүй. Мөн ямбаны хүрэм он цагийн хувьд өөр байсан. Богд Хаант Монгол Улсын үед ямбаны хүрэм өмсдөг байсан хэдий ч өөр бүс зүүдэг байсан бөгөөд ийм хувцас бол элбэг олдоно. Харин манай кино энэ үеэс өмнөх үеийг харуулж буй тул хувцас, эд өлгийн зүйлсийн олдоц бараг байхгүй болчихсон юм билээ . Гэхдээ манай киноны зураачаар МУИС-ын профессор, Монголын түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн Ц.Цэрэндорж ах бидэнтэй хамтарч ажилласан. Дэлхийн Манж судлалаар дээгүүрт ордог профессор М.Баярсайхан багш угсаатны зүй талаас зөвлөгөө өгсөн. Тэдний хүчээр киноны хувцсаа амь оруулсан гэж хэлж болно. Миний өмсөж тоглож байгаа улаан, хөх хоёр дээлийг хаанаас ч олохгүй. Тэр дээлнүүдийн загваруудыг гаргуулж аваад Болороо гэдэг оёдолчин эгчээр оёулсан.
Нүд.мн: Манж үндэстний талаар мэдээлэл олж цуглуулсан хэрэг үү? Амаргүй ажил байсан байх даа?
Барсаа: Сонирхуулж ярихад Хятад улсад үндэсний цөөнхийг дэмжих үзэл дэлгэрээд эхэлсэн учраас манж хүмүүс өөрсдийгөө ил зарлах явдал ихээр гарах болсон байна. Соёлын довтолгооны үед манжууд айсан учраас өөрсдийгөө хятад гэж хэлдэг байсан бол одоо манж хүмүүс өөрсдийгөө манж гэдгээ ил зарлах болсон байна . Тоолбол 10 сая орчим манж хүн байгаа гэсэн тоо баримт байгаа. Тэр хүмүүс үндэстний уулзалт зохиодог болоод байгаа юм байна. Тэд нарын өвөг дээдсүүдийн болон Хятад эрдэмтдийн судалгаанаас харахад Хятадын түүх, Манж болон Монголын түүхтэй гарцаагүй уялдаа холбоотой гэдэг нь харагдаж байгаа юм. Тэдгээр эрдэмтдээс хувцас хэрэглэлийн зургийг манай эрдэмтэн, багш нар цуглуулж бид нарт өгсөн. Ямбаны хүрэм болон пүүснүүдийг манай зураач өөрөө хийсэн. Ямба хэргэм нь нэг л зэргээр доогуур байхад пүүс өөр загвартай болдог гэх мэт адармаатай л юм билээ.
Нүд.мн: Зураг авалтын техник болон хэрэгслүүд сайн, муу гэдэг нь киноны чанараас харагддаг болжээ. Сүүлийн үеийн кино театрын стандарт өндөр болсноос үүдээд киноны хийц сайн байх шаардлага гардаг болсон. Танай кинонуудыг харж байхад сайн техник, хэрэгслээр зураг авалтаа хийж, гүйцэтгэж байгаа юм шиг санагддаг.
Барсаа: Техник, технологийн хувьд асар хурдацтай хөгжиж байгаагаас үүдээд кино хийх явц бас шалтгаалж байна. Өнөөдөр кино хийсэн техник жилийн дараа шаардлага хангахгүй, хуучрах хандлагатай болоод байна. Манай ихэнхи кино дижитал камераар хийгддэг. Уг нь дэлхийн томчууд дандаа хальсан дээр киноныхоо зургийг авдаг. Харин манай кино бүтээгчдийн хувьд хальсан дээр хийх ямар ч боломжгүй. 90 минутын киног хальсан дээр хийхэд тэр кино зүгээр л “шатаж” дуусна. Гэхдээ бид хамгийн сүүлийн үеийн Red камерыг ашигладаг. Холливууд, Солонгос, Энэтхэгт бүгд энэ камерыг хэрэглэж байгаа. Монголын кино бүтээгчид ч бас ихээр ашиглах болсон. Энэ нь дэлхийн стандарт юм. Red камераар хийсэн ямар ч Монгол киног дэлхийн кино театрууд голохгүй.
Нүд.мн: Дэлхийн хэмжээний кино хийх арга барилуудыг ашиглаж байгаа гэсэн үг үү?
Барсаа: Тийм ээ. Бид хэрвээ дэлхийн хэмжээний техник технологи, арга барилыг ашиглахгүй л бол дэлхийд гарах байтугай дотооддоо гадны кинонуудтай өрсөлдөнө гэж онгирох хэрэггүй. “Каталист Кино” гэдэг график дүрслэлээр мэргэшсэн залуусын студитэй бид хамтарч ажилласан. Энд Европ болон Хятад улсад ажиллаж байсан туршлагатай, чадварлаг залуучууд ажилладаг. График дизайн, виртуал эффектээр энэ студтэй хамтарч ажиллаж байгаа анхны кино бол “Зүрхний хилэн” юм. Хамгийн сайн гүйцэтгэлтэй хийх шаардлагтай үйл явдал бол байлдааны зураг авалт байсан. Хад цохио дээрээс унаж үхэж байгаа үйл явдал гэх мэтийг жижиг гэлтгүй сайн графикийн туслалцаатай хийсэн.
Нүд.мн: Түүхэн кинонууд үйл хөдлөлөөс гадна газар орон, хотуудыг графикаар бүтээж гаргадаг юм билээ.
Барсаа: 1867 оны Улиастайн хүрээ гэдэг нь тухайн үедээ Монголын нийслэл гэгддэг байсан газар юм билээ. Одоо байхгүй болчихсон тэр дүр зургийг сэргээн гаргах шаардлагатай болсон. Үүнийг хүний гараар босгоод хүчрэхгүй учраас бид график эффектээр харуулахаас өөр аргагүй болсон. Мэдээж бид жүжигчид тоглох чухал хэсгүүдийг нь өөрсдөө бариад үлдсэнийг нь графикаар хийсэн.
Нүд.мн: “Зүрхний хилэн” киног хийх болсон зорилго нь юу юм бэ?
Барсаа: Манай “Фантастик” продакшны үзэл баримтлал нь эх оронч үзлийг хүүхэд залуучуудад ойлгуулахыг хичээдэг. Мэдээж бид энэ киногоороо гадны зах зээлрүү зорьж байгаа. Монголын түүх үнэхээр дэлхийн анхаарлыг татаж чаддаг. Энэ кинонд оруулсан 5000 адууны үйл явдлыг тойруулаад л кино болгочихсон. Тэгэхээр бидний түүхээр хийх киноны сэдэв дуусахгүй арвин гэж хэлж болно. Олон кино наадмуудад оролцож, Монгол хүний тухай, Монгол эр хүний тухай киног тэдэнд үзүүлэхийг хүссэн . Үүнээс гадна Монголынхоо хүүхэд, залуучуудад эх орон нь ямар цаг хугацаан дундуур туулан өнгөрснийг харуулж, эх орноо хайрлах сэтгэлд нь цучил нэмэхийг хүссэн.
Нүд.мн: Танай “Фантастик” продакшны нэг бүтээл дээр нийт хэдэн хүн ажилладаг вэ?
Барсаа: “Зүрхний хилэн” кинон дээр бол туслах дүр, хамтран ажилласан хүмүүс, бусад ажилчдаа тооцвол 200 илүү хүн ажилласан. Байнгын ажилчид болон гол дүрүүдийн жүжигчдээс бүрдсэн 120 хүнтэй баг зургаан сар хамтдаа ажилласан.
Нүд.мн: Киноны зардал тэгвэл их өндөр гарчээ?
Барсаа: Өө, тоймгүй юм болсоон. Одоо хүртэл урсгал зардал гарсаар л байна. Нийт зардалд бараг хагас тэрбум орчим төгрөг зарцуулаад байна.
Нүд.мн: Зардлаа нөхдөг үү?
Барсаа: Зардлаа нөхөхгүй ээ. Манай кино 2 цаг 30 минут үргэлжилнэ. Кино гэдэг нэг талаар урлаг боловч бас бизнес юм. Урлагийг бизнес болгож байгаа хэлбэр. Гэхдээ бидний хамгийн ихээр зорьж байгаа зорилго бол гадаадад киногоо гаргах явдал. Түүнээс гадна бидний хувьд бидний бүтээсэн анхны түүхэн кино. Том сорилт, том даваа байлаа. Одоо үзэгчдийн дүгнэлтийг л хүлээж байна. Монголын урлагийн томчууд болон шүүмжлэгчид, сэтгүүлчдийн дүгнэлтийг л хүлээж байна даа.
Нүд.мн: Кино гаргахаас өмнөх үзлэгээ хийсэн үү?
Барсаа: Тэрийг хараахан хийгээгүй байгаа. Энэ сарын 22-нд кино үзлэг хийнэ. Үүнийг мэргэжилтнүүдэд үзүүлэхээс илүүтэй кино театрын удирдлага, мэргэжилтнүүдэд үзүүлдэг. Учир нь тэр үзлэгээр бидний киног гаргах эсэхийг шийддэг. Киног олон нийтэд үзүүлж болох эсэх, чанарын шаардлага хангасан эсэхийг тэд шийддэг. Мэдээж бид кино театрынханд зориулж биш үзэгчдэд зориулж кино хийдэг учраас гайгүй байх гэж найдаж байгаа.
Нүд.мн: Танай продакшны бодлогыг хэн зангидаж авч явдаг юм бэ?
Барсаа: Манай продакшн есөн хүнтэй. Бүгд СУИС-д нэг ангид хамт сурч байсан залуус. Бид бүх асуудлаа хамтдаа шийдэж явдаг гэж хэлж болно. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэж л үздэг дээ. Ерөнхий захиралаар нь Батсайхан, Ерөнхий найруулагч нь Тамир, бусад нь жүжигчид гэх албан тушаалтай л ажилладаг даа.
Нүд.мн: Одоо та нарыг кино урлагийн салбарт нилээн дунд насныхан, хал үзсэн цэргүүд гэж ойлгож болох уу?
Барсаа: Бид өөрсдийгөө бас тэгж хэлж хараахан зүрхлэхгүй байна. Таны хувьд биднийг ингэж үнэлж байгаад их таатай байна. Найз нөхдөөрөө, хийсэн ажлаараа бахархах сэтгэл төрж байгаа хэдий ч бид өөрсдийгөө хал үзсэн цэргүүд гэж бодох болоогүй ээ.
Нүд.мн: Үзэгчдийн хандлагаас ажиглаад байхад кино хийдэг олон продакшнуудаас танай багийнхныг их өндрөөр үнэлж, өндөр хүлээлттэй байдаг болчихсон нь харагддаг.
Барсаа: Одоо нээлтээ хийгээд л үзэгчдийн хэр үнэлдэгийг харна даа. Бүр сандарчихлаа. Кино уран бүтээлчдийн хувьд би гэж ярьдаггүй. Бид нар, бидний хийсэн кино гэж ярьдаг учраас энэ бол хамтын бүтээл. Мэдээж бид өөрсөддөө итгэлтэйгээр, үргэлж урагш тэмүүлнэ, зорилгодоо хүрэхийг хичээнэ. “Фантастик” продакшны зүгээс монгол киног, монгол жүжигчдийг, монгол найруулагчийг гадагшаа өндөр үнээр зардаг болохыг л мөрөөдөж байгаа.
Эхнээсээ гадаадад монгол жүжигчид гараад эхэллээ. Амараа ах Марко Полод тоглосон. Түүний араас бидний зам дурайна л гэж бодож байгаа. Гадны найруулагч нар Монгол жүжигчид өөрөө морио унаад, тулалдаж чадна гэдгийг харчихлаа. Бид ур чадварын хувьд хэнээс ч дутахгүй боловч ганц л дарагддаг зүйл байгаа нь гадаад хэлний асуудал байдаг. Монгол жүжигчидтэй өрсөлддөг дэлхийн жүжигчид гэвэл Америк, Англид төрж, өссөн Хятад, Солонгос, Япончууд юм. Тэд унаган англи хэлтэй жүжигчид учраас биднээс давуу талтай. Хэрвээ бид гадаад хэлээр хэнээс ч дутахгүй бол гадаадын жүжигчдээс юугаараа ч дутахгүй.
Нүд.мн: Гадаадын зах зээлд киногоо гаргана гэхээр Казакстан болон ойр хөршүүддээ үзүүлэх талаар бодож байгаа юу?
Барсаа: Өнгөрсөн жилийн зун “Миний ах атаман” киногоо ОХУ-ын Улан-Үүд, Буриад, Казакстаны нийслэл Астанад гаргасан. Кино театруудынх нь шаардлагаар орос дуу оруулгатайгаар гаргасан. Их таатай хүлээж авсан. Бодровын “Монгол” киноноос өөр яг Монгол уран бүтээлчдийн хийсэн анхны кино болж нээлтээ хийсэн. Тиймээс бид энэ удаад ч бас тэдгээр улсуудад киногоо гаргах зорилго өвөртөлж байгаа. Хятад улсад “Зүрхний хилэн” киногоо гаргах бол сэдвээсээ болоод боломжгүй юм билээ. Инээдмийн кино бол гаргаж болох байх. Ямартаа ч туурга нэгтэн, үндэстнүүддээ үзүүлэхийг хичээж л байна.
Нүд.мн: Кино нээлтээ хийж, кино театрт гаргах, дараа нь бичлэг болгож гаргах гээд нэг киноны орлого олж, “амьд” байх хугацаа гэж байдаг. Энэ хугацаа дууссаны дараа ямар үр дүнд хүрвэл та бүхэн киноныхоо ашиг тусыг хүртчихлээ гэж үзэх вэ?
Барсаа: Үнэнийг хэлэхэд бид өр зээлтэй л байгаа. Тусламж дэмжлэггүйгээр, бор зүрхээрээ кино хийхээр “дайраад” орчихсон. Өр зээлээ төлөхийг хүсэж байна. Дараа нь олон улсын кино наадамд оролцож киногоо багахан ч болов оч харвуулчихмаар байна. Солонгос кино хийдэг хүмүүс болон бусад хүмүүст бага зэрэг таниулчихвал гэсэн л хүсэл эрмэлзэлтэй байна. Мэдээж асар их айдастай байна. Энэ бол бидний анхны түүхэн кино. Өөрсдөө найруулж, өөрсдөө зохиолоо бичиж, өөрсдөө тоглосон. Бид нарыг хүмүүс нилээн шүүмжилж байсан. Ийм залуухан байж түүхэн кино хийж, найруулж, тоглолоо гэх мэтээр олон шүүмжлэлүүд гарч байсан. Тэгээд ийм киног хэн хийх юм бэ, хэзээ хийх юм бэ? Алдаатай, оноотой юм зөндөө л байгаа биз. Таалах эсэх нь үзэгчдийн л асуудал болж үлдэж байна. Энэ жилээс олон улсын кино наадмуудад хүсэлтээ явуулж эхлэх гэж байгаа. Юун түрүүнд нээлтээ хийх шаардлага бидэнд тавьдаг учраас Монголдоо нээлтээ хийх гэж байна.
Нүд.мн: Киноны нээлтээ хаана хийх гэж байна даа?
Барсаа: “Хүннү” кино театрт 9 сарын 29-нд нээлтээ хийнэ.
Нүд.мн: Монголд кино уран бүтээлийн талаар ярих үед дүрс талаас нь ярихаас гадна дууны талаар ярих хэрэгтэй байх. Хэзээнээс манайх Dolby Surround дуугаралттай кино хийж эхлэх юм бэ?
Барсаа: Манайх энэ кинон дээрээ Dolby Surround 5.1 дуугаралт хийж байгаа. Бид бусдын адил үнэтэй машин, чанартай гар утас үйлдвэрлэх болоогүй хэдий ч урлаг, спорт хоёроороо бага багаар шат ахисаар л яваа гэж боддог. Мэдээж монголчууд олон сайхан зүйл хийдэг болсон, чаддаг болсон ч гэлээ олны нүдэн дээр ил байгаа учраас энэ хоёр салбарын ахиц илүү харагддаг юм болов уу гэж боддог.
Нүд.мн: Кинонд манж хэлээр ярьж байх шиг харагдсан?
Барсаа: Манж хэлийг цаасан дээр үлдсэн хэл гэж үздэг юм билээ. Манж хэлээр ярьж байгаа ганц хоёрхон аудио бичлэг үлдсэн байдаг. Хятад хэлээс эрс өөр, монгол хэлтэй илүү төстэй. Манж хэлний 40 орчим хувь нь монгол үг байдаг. Алтай язгуурын хэл буюу бидний ярьж буй хэлээс гадна турк, солонгос, казак хэлнүүд өгүүлбэр зүйн бүтэц ижил. Манж хэл сурах маш хэцүү байсан. Дараа нь тухтай, цаг гаргаад уншиж суухад амархан санагдсан. Манж хэлэнд би гэдэг үгийг Би гэдэг. Чи гэдэг үгийг Си гэдэг. Ах гэдэг үгийг агаа, эгч гэдэг үгийг аниа гэж хэлдэг юм билээ . Амбаа гэдэг нь том гэсэн үг. Гүрэн гэдэг нь манжаар Гүрүн буюу улс гэсэн үг.
Нүд.мн: Кино үзээд дуусахад нэг л гоё мэдрэмж төрөөд үлддэг. Mad Max-ыг эхнээс нь дуусах хүртэл амьсгал дараастай суусан шиг гоё кино бүр өөр өөр мэдрэмж төрүүлдэг. Танай киноноос ямар мэдрэмж авах бол?
Барсаа: Орчин үеийн хүүхдүүд буюу 1990 оноос хойш төрсөн хүүхдүүд харваж буй од хараад хүслээ шивнэдэг. Биднийг бага байхад харваж буй од хараад нулимдаг байсан. Учир нь орчлон хорвоо дээр амьдарч буй хүн бүрийн од асаж байдаг гэж үздэг. Өөрийнх нь од асаж байхад л тэр хүн од хиймортой байдаг. Од нь харвачихвал тэр хүн дууссан гэж үздэг. Од нь харваж байхад хүслээ шивнэж байдаг хүн ч гэж юу байхав. Монгол хүн яагаад од харваж байхад миний од биш тэнгэрийн од гэж хэлдэг юм бэ гэдэг санааг бид энэ кинондоо ч оруулж өгсөн. Би нацист үзэлтэй хүн биш. Гэхдээ би залуус дүү нартаа үндэсний өв уламжлал, хэл соёлоо хадгалж үлдээхийг хүсдэг нэгэн. Бидний хийсэн энэхүү кино үзэгдчийг догдлуулж, огшоож чадна гэдэгт бол бүрэн итгэлтэй байгаа.
Нүд.мн: Бидэнтэй цаг гаргаж ярилцсан танд баярлалаа. Шинэ кинонд тань өндөр амжилт хүсэн ерөөе. Уран бүтээл тань ундарч байх болтугай.
Барсаа: Баярлалаа. Танай сайтын хамт олонд бас амжилт хүсье.
Ярилцсан: Нүд.мн
маргад эрдэнэ · 2018/01/13
нияа кура баяти очингэ нияа кура ая пучихэ бихэ да чин гүрүни дорой өмүүхэндээ жаян жаян дэ нияа куран бикая
маргад эрдэнэ · 2018/01/13
да чин гүрүни дириги хуанди ая пи тилгү монгоса гүнэндэ бахта гүма бихиймичи монголоор их чин улсын эзэн хаан хэзээнээс инагш гадаад монголчуудыг багтаан тэтгэж ирсэн
zolo · 2017/10/10
Mash goe kino bolson mash nuts kinond bas goe togolson bsan ta nar agu shv dv narta amjilt hvsie
Иргэн · 2017/09/28
Амарбаясгалант хийд Өвархангайд байдаггүй биз дэ.
Авга Ах · 2017/09/28
Манж байтугай хятад, орос хэлнээс өөриймшүүлсэн үг монгол хэлэнд олон бий шүү дээ!! Аль үндэстний хэл бусад үндэстний хэлтэй холилдож ямар нэг хэмжээнд харилцан нэвчиж байдаг нь зүй тогтол юм. Үүнд эмзэглэх хэрэггүй!!!
Зочин · 2017/09/28
Түүхэн кино хийж бидний мэдэхгүй түүхийг таниулж байгаад баярлалаа. Залуучууд зоригтой ажиллаж алдаан дээрээ суралцаж туршлага сайн хуримтлуулаад сайхан бүтээл ихийг туурвиарай. БҮГДЭД НЬ АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.
Зочин · 2017/09/28
Түүхэн кино хийж бидний мэдэхгүй түүхийг таниулж байгаад баярлалаа. Залуучууд зоригтой ажиллаж алдаан дээрээ суралцаж туршлага сайн хуримтлуулаад сайхан бүтээл ихийг туурвиарай. БҮГДЭД НЬ АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.
Зочин · 2017/09/28
Түүхэн кино хийж бидний мэдэхгүй түүхийг таниулж байгаад баярлалаа. Залуучууд зоригтой ажиллаж алдаан дээрээ суралцаж туршлага сайн хуримтлуулаад сайхан бүтээл ихийг туурвиарай. БҮГДЭД НЬ АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.
Зочин · 2017/09/28
Түүхэн кино хийж бидний мэдэхгүй түүхийг таниулж байгаад баярлалаа. Залуучууд зоригтой ажиллаж алдаан дээрээ суралцаж туршлага сайн хуримтлуулаад сайхан бүтээл ихийг туурвиарай. БҮГДЭД НЬ АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.
Зочин · 2017/09/28
Түүхэн кино хийж бидний мэдэхгүй түүхийг таниулж байгаад баярлалаа. Залуучууд зоригтой ажиллаж алдаан дээрээ суралцаж туршлага сайн хуримтлуулаад сайхан бүтээл ихийг туурвиарай. БҮГДЭД НЬ АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.
Зочин · 2017/09/28
Түүхэн кино хийж бидний мэдэхгүй түүхийг таниулж байгаад баярлалаа. Залуучууд зоригтой ажиллаж алдаан дээрээ суралцаж туршлага сайн хуримтлуулаад сайхан бүтээл ихийг туурвиарай.
Зочин · 2017/09/28
Сайхан кино болсон юм шиг санагдсан. Үзнээ.