Эрчүүдийн солиорол ба хайрыг хайрла
2013/03/15
Тээр жилийн намарсан. Ээжийнхээ өвөр, гэрийнхээ бүлнээс тасарч үзээгүй надад их хотыг зорих амаргүй даваа тулсан юм. Хүн хөл, чимээ шуугиан бужигнасан их хотод хөл тавьсан анхны сэтгэгдэл минь одоо ч мартагддаггүй.
Яг л нүдний минь өмнүүр татчихсан байсан зузаан хөшгийг ярчих мэт болж билээ. Аргагүй шүү дээ. Цэлийсэн уужим тал, алсад сүүтийх уулсын оргил харагдахгүй яг л нүүрэн дээр өндөр өндөр барилгууд нурах нь уу даа гэмээр бараатай үзэгдэх нь Улаанбаатар гэх их айлын надад харагдсан анхны бараа.
Үүний хажуугаар нүд бүлтийлгэж, айхаасаа илүү сонирхож байсан дараагийн үзэгдэл нь гудамжинд нам унтчихсан эрчүүд байж билээ. Тэднийг дуудаж сэрээх нэг ч хүн байхгүйгээр үл барам автобусны буудал гэх ТҮЦ-ийн арын хэсэг дэхь бохир хуримтлагдсан газарт тухласан нь эмгэнэлт жүжгийн гол дүр шиг санагддаг байж билээ. Тэр цагаас хойш энэ дүр зураг нүдэнд танил болж бусад шиг би тэдний дэргэдүүр харсан ч хараагүй юм шиг өнгөрч чаддаг болсон байж билээ. Охиноо аргадаж хошуугаа дэвсэж өглөө бүр хөлнөөс минь үнэрлэж сэрээдэг ааваараа айлын аавуудыг төсөөлж байсан цаг хэдийнэ ул болжээ.
Улаанбаатарын эрчүүд эмэгтэйчүүдээсээ ялгагдахын аргагүй эмзэг, турьгүй юм. Залуус нь чих, хэл, хөмсөг, арьсаа цоолж ээмэг зүүж, үсээ ургуулан гэзэг тавьжээ. Өсвөр насны хөвгүүд нь тамхи татаж, архи ууж, нүдээ будаж, нэг, хоёр, зарим нь гурван ч охидтой зэрэг үерхдэг гэнэ. Түүнээс арай ах болоод ирэхээрээ эхнэртэй болох гэж яарахаасаа өмнө ахимаг насны мөнгөтэй эгч нартай зугаалж амрахыг илүүд үздэг гэдгийг хотод өсөж төрсөн найз охидууд минь бишгүй хэлдэг байлаа. Ингээд эхнэр хүүхэд, ажил амьдралтай эрчүүдэд таалагдах л юм бол хоолонд урьж, хориотой жүжгийн тасалбарыг санал болгодог гэдгийг бишгүй сонсож билээ.
Би бодож байна. “Гэргийнхээ халуун залуу насыг зөгий баландаа шунах мэт үрчихээд, анхны үрээ тэвэрч аав боллоо гэж хагартлаа баярлаж зогсохдоо, хуримынхаа анхны шөнийн аз жаргалтай үлгэрийг ярьж хэвтэхдээ ч хуурах тухай, худлын тухай арай бодож байсан юм биш биз дээ гэж би бодож байна. Би бодож байна. “Оймс, гутлаа цэвэрлүүлж орондоо хүртэл цайгаа зөөлгөж халамжлуулдаг, телевизийн суваг булааж, утасны жагсаалт шалгадаг, нүүр гараа хүртэл гуйлган байж угаадаг, хоолны ширээний ард дээж, шүүсэндээ түрүүлж хүрдэг эрчүүдэд тулгамдсан асуудал байна уу” гэдгийг би бодож байна.
Ингэж бодохын учиг нь “Эрэгтэйчүүдийн холбоо” гэх байгууллагаас өчигдөр сэтгүүлчдэд нэг эмгэнэлтэй ч юм уу инээдэмтэй ч юм уу сэдвээр хандлаа. Өнөөдөр ч мөн ийм сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм. Эр хүн бүхэн намайг эсэргүүцэх ч шударгаар бодоод үзье. Танд өнөөдөр ямар асуудал байна вэ. Хувцас угаах, хоол хийх, хүүхдээ асрах, орон гэрээ гэрэлтэй байлгах, төсөв мөнгөө захиран зарцуулах, зочин ирвэл дайлж угтах, ажлаа амжуулах, гэртээ эрт харих...энэ бүх ажил эхнэрийнх. Найзуудтайгаа хүссэн цагтаа уулзаж, наргиж цэнгэх, гэмгүй царайлж эхнэрийнхээ мөрөн дээгүүр илүү харж сээтгэнэж, архи ууж агсам тавьж, гэр бүлээ салгаж хүүхдээ өнчрүүлж, эрүүлжүүлэх, шорон элдэв гэмт хэрэгтэй холбогдох нь элбэг эрчүүдэд захиж хэлэх үг байна. Хайрыг хайрла.
Яг үнэндээ та нараас л нууц амраг болох санал хүүхнүүдэд ирж, яадаг юм бэ, амьдрал ийм л байдаг юм шүү дээ гэж хий мэдэмхийрдэг овилгогүй зан гардаг нь ичмээр үнэн шүү дээ. Дэрвэсэн хормой, дэгжирхсэн харцны өмнө хий нь гарсан гүзээ шиг шалчийдаг наашаа ч эргэж цаашаа ч хуйларч мэдэх цаг хугацаагүй дурлагсад мөн л эрчүүд. Тэгэхээр ийм эрх чөлөө, Дон жуан-уудад асуудал, бэрхшээл байна уу. Мэдээж өвдөж, зовж, шаналах өр нэгтэй хүн л юм хойно эрчүүдэд асуудал байдаг л байлгүй. Гэхдээ эхнэрийн хайр, халамжаас шалтгаалсан асуудал биш гэж хардъя. Эрчүүдээ өөртэй чинь л ижилхэн сайхан бүхэнд дурлан тэмүүлж, гуниж, бүдэрч мэдэх эхнэрүүдээ гал тогооных нь өрөөнд ганцаардуулчихсан байх вий дээ. Хайрыг нь хайрла.
М .Мөнхтунгалаг