Энэ жилээс эхлэн Монгол цэргийн баярын өдөр буюу 3 дугаар сарын 18-ны өдрийг "Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр" болгон тэмдэглэж байх шийдвэрийг ЭМЯ-наас гаргаж, "Эрчүүдээ хайрлая" уриаг дэвшүүллээ.

Ирэх даваа гаригт тэмдэглэх Монгол цэргийн баярын өдрийг "Эрчүүдээ хайрлая" уриан дор тэмдэглэж, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулахаар Эрүүл мэндийн сайдын 74 тоот тушаал гарав.  

Энэхүү арга хэмжээний хүрээнд УДЭТ-т  "Эрчүүдээ хайрлая" сэдэвт лекц болох бөгөөд хүссэн бүх эрчүүдэд нээлттэйгээс гадна Эрүүл мэндийн салбарын эмэгтэй ажилчдын хань, ар гэрийнхэн оролцох аж. Сүхбаатарын талбайд эрүүл мэндийн байгууллагууд "Эрүүл мэндийн нээлттэй өдөр"-ийг зохион байгуулж эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөөнд хамруулна. Мөн энэ өдөртэй холбогдуулж эрэгтэйчүүдийг эрүүл мэндийн гол "дайсан" архины хэрэглээг багасгах зорилгоор Нийслэлийн Засаг даргад гуравдугаар сарын 18-ны өдөр архи худалдаалахгүй өдөр болгох талаар хамтран ажиллах саналыг ЭМЯ-наас хүргүүлжээ.

Дашрамд дуулгахад, Монгол Улсын хүн ам 2,9 саяд хүрч 2009 онтой харьцуулахад 2,1 хувиар өссөн байна. Нийт хүн амын 61 хувь нийслэлд, 39 хувь нь орон нутагт амьдардаг бөгөөд хүн амын 48,6 хувь нь эрэгтэй, 51,4 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн хүйсийн тэнцвэр алдагдаж байгаа энэ үед үнэлэлт өгч эрүүл мэндийн асуудалтай холбож үзэх шаардлага бий болжээ.

Эрчүүдийн ажиллах хүчний оролцоо огцом буурсаар түүний цаана хөдөлмөрийн насны хүн ам дахь эрэгтэйчүүдийн хувь ихээхэн буурсан байна.

2012 оны жилийн эцсийн байдлаар нийт нас баралтын 61,7 хувь нь эрэгтэй, 38,3 хувь эмэгтэйчүүд байгаа аж. Нас баралтын зонхилох шалтгаан эмэгтэйчүүдийн хувьд нэгд зүрх судасны тогтолцооны өвчин /40,9 хувь/, хоёрт нь хавдар /22,6 хувь/, гадны шалтгаан, осол гэмтэл /8,6 хувь/ гуравт ордог байна. Эрчүүдийн хувьд зүрх судасны тогтолцооны өвчний дараа осол гэмтэл, цаг бусын нас баралт хоёрт ордог. Энэ нь эрчүүд, эмэгтэйчүүдээс илүү эрсдэлтэй үйлдлүүдэд өртөмтгий байдагтай холбоотой. Тухайлбал, архи хэтрүүлэн хэрэглэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх гэх мэт.

Монгол Улсын эрчүүдийн дундаж наслалт 64-68, эмэгтэйчүүд 73-76 байгаа. Мөн 20-34 насны бүлэгт эрчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс гурав дахин өндөр байна. Ер нь эрчүүдийн нас баралт Монголд насны бүх бүлэгт ихсэж түгшүүртэй хэмжээнд хүрчээ.

            Иймд эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд анхаарах, эрсдлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг төрийн бодлогоор авч   үзэх шаардлага байгаа юм.

Д.Өлзий