Эдийн засагч Д.Жаргалсайхан: Бодийг нь хөтлөх сүүлчийн алхам
2017/11/23
УИХ банкны тухай хуулийг өөрчлөх гэж байна. Банкны хяналт шалгалт, эрсдэлийн удирдлагыг олон улсын зарчим, хэм хэмжээнд (Базелийн стандарт) нийцүүлэх, төв банкны хараат бус байдлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлага байгаа нь үнэн. Гэтэл зарим популист улс төрчид хажуугаар нь арилжааны банкуудын зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоохоор зүтгүүлж байгаа нь хавцлын ирмэгээр дэнжгэнэн яваа монголын эдийн засгийг түлхэн унагаж “бодийг нь хөтлөх” сүүлчийн алхам юм.
ЗЭЭЛИЙН ХҮҮ ӨНДӨР БАЙГААГИЙН БОДИТ ШАЛТГААН
Эдүгээ арилжааны банкуудын олгож буй зээлийн хүү нь дунджаар жилийн 22, хадгаламжийн хүү нь 14 хувь байна. Энэ бол зах зээл дээр мөнгөний нийлүүлэлт хэт бага, зээлийн хэрэгцээ маш их байгааг харуулж байна. Эдийн засгийн үндэс суурь болох хувийн бизнесийг эрхлэх эрх чөлөө нь байгаа ч, санхүүгийн эх үүсвэр ховор хомс, маш өндөр үнэтэй гэсэн үг. Хувийн бизнес томрохгүй байгаагаас ажил олдохгүй, дөнгөж нэг сая ажиллах хүчний арваад хувь нь Солонгос, Чех зэрэг олон улсад дүрвэж байна.
Уул уурхайн нөөц их, мал олонтой ч манай эдийн засаг эргэлтийн хөрөнгөөр цангасаар байна. Монгол улс хөгжиж буй буурай, ардчилал, чөлөөт эдийн засгийн тогтолцоог байгуулах замаар дөнгөж хориод жил бэдэрч яваа учраас дундаж орлоготой хүмүүс харьцангуй бага, удам дамжсан хур хөрөнгөтэй, том хадгаламжтай хүн цөөн, дөнгөж анхны үеийн хөрөнгөтнүүд бий болж байна. Иргэд нь мөнгө багатай, гаднаас хөрөнгө татаж чадахгүй байгаа учраас монголчууд зээлээр амь зогоох боллоо.
Хэрэгцээнээсээ давсан хөрөнгөтэй, түүнийгээ өсгөх хүсэлтэй хэсэг нь хөрөнгө санхүү шаардлагатай хэсэгтээ хөрөнгөө ашиг олох зорилгоор шилжүүлж шинэ үнэ цэнэ бүтээхийг нь санхүүжүүлснээр эдийн засаг хөгждөг. Энэ шилжилтийг зуучлах үүрэгтэй хоёр том хоолой байдаг. Энэ бол мөнгөний болон хөрөнгийн зах зээл юм. Харин монголд одоогоор зөвхөн мөнгөний хоолой нь нээлттэй, хөрөнгийн хоолой нь бараг л хаалттай гэж болно.
Эдийн засгийн оролцогчдодоо ижил тэгш боломж олгож, бизнесийн чөлөөтэй орчин бүрдүүлэн, зөвхөн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдүүлж, байгаль орчныг устгуулчихгүй байх үүрэгтэй төр засаг өөрөө бизнес хийх болсноор монголын эдийн засаг гацаанд орсон юм.
Үйл ажиллагаа нь ил тод байх ёстой төр засаг нууцмал болсон нь нийтийн хөрөнгө, газрыг эрх баригчдад завших боломж бүрдүүлснээр авлига цэцэглэж улс төрийн болон эдийн засгийн байгууллууд хөгжиж, чадвартай болж чадахгүй байна. Ийм орчинд төр засгийн эрх мэдлийг хөрөнгө мөнгөтэй цөөн хүн шууд ба шууд бусаар гартаа төвлөрүүлж, талцан тэмцэлдэх болсноор засгийн газар жил хагасын настай болов.
Төр засаг нь тогтворгүй, бодлого нь таамаглах аргагүй болчихсон учир гаднын, дотнын жирийн бизнесүүд өргөжиж, тэлж чадахгүй байна. Төрийн өмчит компаниуд намын өмчид шилжиж, бүгд л алдагдалтай гардаг, түүнийг нь төсвийн хөрөнгөөр санхүүжүүлдэг болов. Нийгмийн нэн тэргүүний хэрэгцээ болох сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих төсвийн хөрөнгө ийнхүү эдгээр компаниудын цаана буй авлигачдыг тэжээж, зөвхөн тэд нар баяжиж томорсоор, улс төрийн намуудыг ашиглан төрийн эрх мэдлийг атгажээ.
Монголд мөнгө хөрөнгө хүрэлцэхгүй байгаагийн гол шалтгаан бол ийнхүү дэндүү том төр засаг, алдагдалтай төрийн өмчит компаниуд, нийтийн хөрөнгийг завшиж байгаа авлигачид юм. Энэ бүхнийг эхэлж арилгаж цэвэрлэхийн оронд, шууд л арилжааны банкуудын зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох гэнэ ээ.
ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ТААЗЫГ ТОГТООХ НЬ
Зээлийн хүүг хязгаарлахыг олон оронд янз бүрийн хэлбэрээр оролдсон ч, эцсийн дүндээ хаана ч амжилтад хүрээгүй ажээ. Дэлхийн Банкны судалгаагаар Франц 1935 оноос, Япон 1954, Намиб 1968, Уругвай 2007, Киргизстан 2013 оноос гэх зэрэг нийт 76 оронд энэ бодлогыг хэрэгжүүлж иржээ.
Энэ бодлогын үр дүн гэвэл жишээ нь Япон, Германд бага орлоготой иргэдэд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ эрс буурчээ. Латин Америкийн 18 оронд банкууд зардлаа нөхөхийн тулд янз бүрийн нэмэлт төлбөрүүдийг хэрэглэгч нараас авснаар солилцооны өртөг өсжээ (Капера, Мурсиа, Этрада. 2011). АНУ-д зээлийн хүүний хязгаарлалтуудыг цуцалснаар жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зээл авах боломж нэмэгдсэн (Лайвэн, 2003), зээлийн хүүгийн хязгаарлалттай мужаас хязгаарлалтгүй муж руу хүмүүс шилжих хандлага өсөж, зээлийн хүүгийн хязгаарлалт нь хууль бус зээлийг нэмэгдүүлсэн (Боденхорн. 2007) ажээ. Японд зээлийн өргөдөл хүлээн авах хувь эрс багасаж, хууль бус зээлийн хувь хэмжээ (Элисон, Форстер, 2006) эрс өсчээ.
Хууль журмаа сахиулж чаддаг Японд хүртэл иймэрхүү үр дүн гарч байгаа бол Монголд ийм хууль эдийн засгийн дараачийн хямралд шууд хүргэх юм.
ХҮҮГ ЯАЖ БУУРУУЛАХ БЭ?
Зээлийн хүүг хүчээр биш зах зээлийн буюу эрэлт, нийлүүлэлтийн жамаар бууруулдаг. Урт хугацаандаа зээлийн хүүг бууруулахын тулд юуны түрүүнд банкуудын үйл ажиллагааг ил тод болгох, чөлөөт өрсөлдөөнийг нэмэгдүүлэх шаардлагатай. Тэгж л шинэ бүтээгдэхүүн бий болж банкны үйлчилгээ бүх хэрэглэгчид хүрснээр нийт орлогод зээлийн орлогын хувийн жин багасна. Бичил зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ ч сайжирна.
Монгол улсын эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах, авлигыг таслан зогсоох, юуны өмнө төрийн өмчит компаниудыг хувьцаат болгон дийлэнх хэсгийг хувьчлах, үнийг чөлөөлөх замаар эдийн засгаа эрүүлжүүлэх, өрсөлдөх чадвартай болгох шаардлагатай байна.
Нөгөө талаас хэрэглэгчийг хамгаалах санхүүгийн зохицуулалтуудыг сайжруулж, иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх шаардлагатай.
Энэ бүхнийг хийх явцад хөрөнгийн зах зээл хөгжиж, мөнгө зуучлах хоёр дахь хоолой ажилд орсноор, банкны хүү өөрөө буурах болно.
Эдийн засагч Д.Жаргалсайхан
ббб · 2017/11/23
Энэ нөхөр худлаа шүү.
Зочин · 2017/11/23
Зах зээлийн үзэгддэггүй гарын үлгэр худал.Жаргалсайхан шоучин.
zochin · 2017/11/23
ene sait neriin dor yul ajillagaa ybuulaad nohdiig shalgah chagn boljee
zochin · 2017/11/23
ene sait neriin dor yul ajillagaa ybuulaad nohdiig shalgah chagn boljee
zochin · 2017/11/23
jargalsaihan chamaig demii dongosdgiig medne ard tymen banknii hyy bodoj amidarch bna chi ter banktaigaa abshand orshonch chamaig medrehgui ongoroh bh
Зочин · 2017/11/23
jargalsaihan chamaig demii dongosdgiig medne ard tymen banknii hyy bodoj amidarch bna chi ter banktaigaa abshand orshonch chamaig medrehgui ongoroh bh