Монголчуудын онол, ухаан эрдэм

 

Бидний өвөг МОДУН, ЧИНГИС хаад Монголоороо сэтгээд, итгээд, зүтгээд ТӨР ГҮРНЭЭ мандуулсан түүх он цагийн алсад цэлийнэ. Тэдэнд харийн ИЗМ үүдийн мэргэжилтэн зөвлөх байсангүй. Өнөөгийн бидний " баларлаг харанхуй бүдүүлэг эрт дээр үе" гээд байгаа тэр цаг эринүүддээ харин ч хамгийн хүчирхэг эрэлхэг, эрдэмлэг байсан нь гайхалтай. Баатарлаг ухаанлаг тэр алдар сууг, сургаар тааж гүжрээр төсөөлөөд өнөөгийн төрийнхөн бирдэгчин (бэртэгчин) сонирхлоо хаацайлдаг, харин ард олон тэр түүхүүдийг зүрхэндээ тээж тархиндаа дааж хайрлаж хадгалж хамгаалж ирсэн нь үнэн аж. Үнэндээ Монголчууд шиг АЖИГЧ ГЯРХАЙ, СОРГОГ СЭРГЭГ, ЗӨНЧ СОВИНЧ, ЁРЧ ЦОНДОНЧ хүмүүсийг хаанаас ч олохгүй. Учир нь өдөржин билчээрийн бодол, шөнөжин отор харуул хийхдээ тунгаасан эрдэм ухаан гэж буй. Ер нь гадаадын орчин үеийн ИЗМ- үүдтэй төстэй ч юм уу ямар нэгэн эрдэм ухааны улбаа Монгол ертөнцөд байдаг уу? Заавал тэдгээр харийн хүмүүсийн ИЗМүүдээр сажлахаас өөр жамгүй мангуу эргүү тэнэг мулгуунууд Монголчууд юм уу? Бид хөгжих дэвших дэгжихдээ заавал Нангиад Юанизм, Түвдизм, Манжизм, Коммунизмын Зөвлөлтизм, Капиталист Америкизм буюу Либерализм гэх цэцэрхлүүдэд хуваагдан хэдэн тийшээ харах нь зөв байсан уу? Өөрсдийгөө дорд үзсэн ийм мунхрал мухардлаасаа болж захаасаа тав хуваагдан гадны идэш болсон зүдэг түүх намтар үнэн бус уу? Өвөг дээдсүүд нь өөрсдийн ухаан эрдэмтэй, гайхамшигтай ард түмэн гэдэгтээ итгэдэггүй тархины тураалтай, итгэлийн хоосролтой хомсдолтой, ОРТООМ-чууд( Ортоом- ор тойм болсон гэсэн утгатай үг. Сарлаг Монгол улаан үхэр хоёрын дундаас төрсөн эрлийз, цаашдаа усан гүзээ гэгч адгийн муу үхэр болдгийг нийтэд нь ингэж хэлдэг) болжээ бид. Тархинд нь ээдмэгтсэн нөгөө ЮАНИСТ, ТҮВДИСТ, МАНЖИСТ, КОММУНИСТ, ЛИБЕРАЛИСТ үзэл санааны ихэрхэлд Монгол ухаан нь нийцэх ч үгүй он жилүүд урсаж Монгол гүрэн доройтсоор байсан,,, Монголчуудын есөн эрдэм түүнийг мэдэх есөн хүсэл гэвэл: 

1. Танилтын ухаан, Тунгаалтын эрдэм

2. Шинж тэмдэг, дохионы онол

3. Гурамсан сэтгэлгээ-гурвал онол

4. Итгэхүй ухааны товч ухагдхуун

5. Дүүрэн чанарын онолын хураангуй

6. Мөнх тэнгэрийн онол ( Тэнгэрчлэх шүтлэг).

7. Мөнх тэнгэрийн Монгол зурхай

8. Чингис хааны Зарлиг, Засаг, Билэг 

( Их яса, Их ёс, Их засаг)

9. Монгол гэгээрэл боловсролын онол дадал.

Гэсэн Есөн эрдэм бөгөөд түүнд аав, ээж бүр үр хүүхдээ дагуулж мэдүүлэх, урамшуулж сургах, бурууг нь зааж тайлбарлах, бусдыг жишээлж дагуулах, буурлаар хэлүүлж сургах зэргээр уйдашгүй ухаарлаар аж амьдрал дунд гэгээрүүлж боловсруулж байчухуй. Өнөөгийн Төрийн тэргүүн, сайд, Их хурлын гишүүд дотор "Монгол ухаан 9 н эрдэм" ийн тухай тойм чинээний мэдлэгтэй, ухах ухаантай, ойлгох гүйлгүүр сэдэхүйтэй хүн бараг байхгүй, гадаадынхан боловсруулсан сургалтуудад бүрэн итгэж гар хөл нь болсон гашилсан толгойтнууд гэдэгт итгэж болно. Захын жишээ дурдахад төрсөн өдөр нь тодорхой байсан ЧИНГИС хааныхаа ойг төөрүүлж, төрсөн өдөргүй болгосон шившигт шийдвэр гаргаснаас эхлээд өрөвдмөөр өнгөц ажлыг нь тоочивч баршгүй. Улаанбаатар хотоо түвд шашны бэлгэдэлтэй нийслэл болгоно гэсэн зорилго тавьсан нь ардчилсан үзэлтэй удирдлагын шинэ "Монголжуу" санаачлага гэнэ. Иймд өвөг дээдсүүдийн өв, ХАЙРЛАХ(хайрласнаа хадгалах), ХАДГАЛАХ( хадгалснаа хамгаалах), 

ХАМГААЛАХ( хамгаалснаа өвлөх) ёстой АЖИГЧ СЭЖИГЧ, ГЯРХАЙ, СОРГОГ СЭРГЭГ, ЗӨНЧ ЁРЧ эрдэм ухааныг цогцлоосон ЕСӨН УХААН ЭРДМИЙН зарим сэжүүрээс өнгөц товчоолон хойч цагийн үр ач нартаа үлдээх гэсэн билээ. Ирээдүй алсынхан өнөөгийнхөн шиг Монгол эрдэм ухаан гэж юу байдгыг үл мэдэн худал мэдэмхэйрэх ослоос сэрэмжлүүлж төв цэгүүдийг нь мэдүүлэх судлуулах зорилгын үүдийг нээх нь МОНГОЛ МОНГОЛ оороо тэсч үлдэхийн ганц үнэн болму.

 

Үргэлжлэл бий...

"Монгол ухаан 9- н эрдэм" номноос.

 

Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү