Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэг амандаа Оюутолгойн талаар хэлэхдээ “Бид нэг охиноо айлд өгчихлөө. Харин дараагийн охидоо ямар айлд өгөхөө сайн бодох хэрэгтэй” гэсэн утгатай зүйл ярьж байсан удаатай.

Энэ үг нь Оюутолгойн гэрээ буруу хийгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн мэтээр ард иргэдэд ойлгогдсон. Тиймээс ч өнгөрсөн 2013 оны хоёрдугаар сард Ерөнхийлөгч, Ерөнхий  сайд, УИХ-ын гишүүд нэг дор цугларч “Бид Оюутолгой дээр том алдаа гаргалаа. Үүний засахын төлөө ажиллая” гэсэн нэгдсэн ойлголтод хүрсэн. Гэвч өнөөдөр Оюутолгойн гэрээн дээр ахиц гарсан гарсан зүйл харагдахгүй байна. “Монгол Улсын Засгийн газар анх 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр  Оюутолгойн  Хөрөнгө  оруулагчидтай “Хөрөнгө  оруулалтын гэрээ”-г байгуулсан түүхтэй. Гэтэл Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдмагц Засгийн газрын сайд нар  баталгаажуулсан “Хувь нийлүүлэгчдийн гэрээ”-г Эрдэнэс МГЛ компани, Айвенхоу БиВиАй, Оюутолгой Недерланд гэсэн хоёр компанитай байгуулсан байдаг. Нөгөө  34 хувь эзэмших, түүнийгээ зээлээр авах, асар өндөр хэмжээний хүү төлөх тухай гэрээ. Харин энэ гэрээг маш нууцалж, УИХ-ын гишүүдийн шаардлагаар бидэнд ирүүлсэн” хэмээн С.Ганбаатар гишүүн ярьсан юм. Хамгийн сонирхолтой нь тохирсон тохироо бол тохироо, гэрээ өөрчлөх санал хүлээж авахгүй гэдэг атлаа 2011 оны зургадугаар сарын 8-нд энэхүү гэрээнд өөрчлөлт оруулсан байдаг байна. 

      Оюутолгой ордын нөөцийн талаар олон мэдээлэл гардаг. 2010 оны гуравдугаар сард батлагдсан Оюутолгой ордыг ашиглах ТЭЗҮ-д тусгагдсанаар тус ордын үр ашигтай буюу олборлолтын нөөц нь гурван тэрбум 380 сая тонн хүдэр, 31,1 сая тонн зэс, 1328 тонн алт, 7601 тонн мөнгө, 81600 тонн молибдени хэмээн тооцоолжээ. Үүн дээр тодорхой нөхцөлд ашигтай нөөц нь гурван тэрбум 775 сая тонн хүдэр, 19,664 сая тонн зэс, 810 тонн алт, 5905 тонн мөнгө, 75500 тонн молибдени байдаг байна. Энэхүү нөөцийг Эрдэнэт үйлдвэртэй харьцуулбал хэд дахин илүү байгаа юм. Тухайлбал,  Эрдэнэтийн ордын үр ашигтай нөөц нь нэг тэрбум 544 сая тонн хүдэр, 8,058 сая тонн зэс, 2223874 тонн молибдени байна. Үүнээс 30-аад жил ашигласны дараа 2009 оны нэгдүгээр сарын нэгний байдлаар нэг тэрбум 87 сая тонн хүдэр, 4.790 сая тонн зэс, 131034 тонн молибденийн нөөцтэй байдаг аж. Ямар ч байсан Оюутолгой ордын хувьд хүдрийн нөөцөөрөө одоогийн Эрдэнэтийн нөөцөөс 3-4 дахин, зэсийн нөөцөөрөө долоо дахин их нөөцтэй том орд юм. Мөн Эрдэнэтийг бодвол их хэмжээний, алт, мөнгө, бусад ховор элементийн нөөцтэй нь тогтоогдсон. 

   Гэтэл Монголын төр аар, саархан зүйлээс оролдож, энэ их баялагтай Оюутолгойгоо бусдад бэлэглэчихээд сууж байна. Шинэ оны өмнөхөн Сангийн сайд болон Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах талаар бараг хоёр долоо хоног хуралдлаа. Ямар ч үр дүнгүй, хэрүүл маргаан болсны эцэст дээрх сайд нарыг огцруулахгүй гэж шийдвэрлэв. Хамгийн инээдтэй нь УИХ-ын гишүүдийн ирцийн асуудал дээр маргалдаж, бүхэл бүтэн долоо хоногийн хугацааг алдав. Монголын төр дэндүү балчир харагдаж байна. Уг нь бие биенээ хэмлэж суухыг оронд хэдэн арван жилийн төсөв, бондтой  тэнцүү Оюутолгойн гэрээгээ өөрчлөх талаар ярилцаад сууж баймаарсан. Өнөөдөр бид баялагаа ухахыг зөвшөөрчихөөд хоёр тэмбум төгрөгийн өрөнд орчихсон. Үүнээс ногдол ашгаа авах уу, үгүй юу гэдэг тухай л ярих хэрэгтэй байна. Ерөнхий сайд өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ  “Шинэчлэлийн Засгийн газар 2014 онд импортыг орлох, экспортыг дэмжих бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ихээхэн анхаарна” хэмээн онцоллоо. Уул уурхайн талаар ганц ч үг дуугарсангүй. 2014 онд Оюутолгойг аварч үлдэхийн төлөө ажиллавал яасан юм бэ Ерөнхий сайд аа. 
  

 


Х.МАНДАХ