М.Халиунбат: Улаанбаатар хотыг хүнд биш машинд зориулсан хот болгож байна
2018/03/30
НИТХ-ын төлөөлөгч М.Халиунбаттай Эдийн засгийн чуулганы үеэр цөөн хором ярилцлаа.
-Энэ жил нийслэлд хийгдэх томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүд юу байна вэ?
-Улаанбаатар иргэдийн зорчих хэмжээг нэмэгдүүлэх хэмжээнд нэлээдгүй дүнтэй хөрөнгө оруулалт хийж байна. Тухайлбал, түгжрэлийг бууруулах чиглэлд нэлээдгүй ажиллаж байна. Хувьдаа түгжрэлийг бууруулах зорилгоор барьж байгаа зарим нэг уулзвар, зам гүүрийн ажил дээр эсрэг байр суурьтай байдаг. Учир нь Улаанбаатар хотыг хүнд гэхээсээ илүүтэй машинд зориулсан хот болгоод байгаа юм. Машин зорчуулах зорилгоор л энд тэндгүй зам гүүр барьж байна. Гүүрний оронд газар доогуур явдаг өдөр тутмын иргэдийн амьдралд нөлөөлөхгүй хямд технологиуд олон байна.
Түгжрэлийг бууруулах нэрийдлээр зам гүүр барих нь өвчний шинж тэмдгийг л устгаж буй явцуу арга 2017 онд хийсэн том ажил бол төрийн байгууллагын мэдээллийн нэг талбар дээр нэгтгэсэн явдал. Түүнээс харж байхад 45 мянган хүүхэд өөрийн харьяаллаас гадуур зорчиж суралцдаг гэсэн тоо гарч ирж байгаа юм. Энэ 45 мянган хүүхдийг зөөвөрлөдөггүй болгочихвол түгжрэлийн асуудлыг амархан шийдэж болно. Зөөвөрлөдөггүй болгохын тулд сургалтын чанар, сургуулийн хүрэлцээг чанартай болгох шаардлагатай. Зарим гүүр барихад бус боловсролын чанарыг сайжруулах чиглэлд хөрөнгө оруулалт хийх нь зөв шийдэл юм. Түгжрэлийн суурь асуудал боловсролын чанарт байгаа юм. Гэтэл бид үндсэн суурь асуудлаа шийдэхгүй байж зам гүүр мэт зүйл барьж өвчний шинж тэмдгийг устгах гээд явцуу ажил хийгээд байгаа юм. Нөгөөтэйгээр нийслэл өмнөх дөрвөн жилд тавьсан өрүүдийг 2017 онд дарж дууссан. Энэ жилээс эхлээд нийслэл маань анх удаагаа өөрийнхөө хэмжээнд багахан хуримтлалаараа хөрөнгө оруулалт хийх боломж нь нээгдэж байна. Гэхдээ жижиг төсөв л дөө. Бидний хувьд яаралтайгаар нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэх хэрэгтэй болов уу гэж харж байна. ДНБ-ын 60 гаруй хувийг нийслэл бүрдүүлж байдаг гэтэл улсын төсөвтэй харьцуулахад зарцуулж байгаа хэмжээ нь 10 хувь ч хүрэхгүй байна. Энгийнээр хэлбэл, бүтээж байгаа хэсэг нь өөрсдийнхөө амьдралыг сайжруулахад төсөв зарцуулж чадахгүй байна гэсэн үг. Үүнийг шийдэхийн тулд хууль эрх зүйн хувьд боломжийг нээж өгөх ёстой. Төрөөс хувийн хэвшлийг дэмжих хамгийн сайн арга нь тээг саад болохгүй байх юм
-Энэ жилийн Эдийн засгийн чуулган гурван тулгуурт бодлогыг хэрэгжүүлнэ гэсэн зорилт тавьж байна. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ. Гурван тулгуурт хөгжлийн бодлого бизнес, эдийн засгийн орчныг сайжруулах болов уу?
-Монгол Улс эдийн засгийн өрсөлдөх чадварын хувьд их сул улс. Дэлхийн зах зээл дээр өрсөлдөж чадахуйц тодорхой хэмжээний орлогын эх үүсвэрийг бий болгож чаддаггүй. Ганц байгаа нь уул уурхай, түүнээс гарсан түүхий эд байна. Уул уурхайн түүхий эд үнэд хүрэхээр жаахан орлого олоод, үнэ унахаар эдийн засаг дагаад уначихдаг. Ийм л тогтолцоотой явсаар өдийг хүрсэн. Гурван тулгууртай хөгжлийн бодлого гээд ярьж байна Тэр чиглэлдээ хийвэл сайн л даа. Гэхдээ ХАА-н салбар эдийн засгийн өсөлтийн тулгуур болж чадах уу үгүй юу гэдэг эргэлзээтэй. 65 сая малтай гэж ярьдаг мөртлөө яг өнөөдөр гадаадаас худалдан авалт хийе гэхэд хэмжээ нь хүрдэггүй. Хамгийн наад захын жишээ Японы нэг компани тэдэн тонн чацарганын хатаасан нунтаг авъя гэхэд тэр захиалгыг нь жил зургаан сарын хугацаанд буюу маш удаан биелүүлж байх жишээтэй. Эсвэл гадаадын худалдан авагчаас бид 100 мянган толгой хонь авъя гэхэд бэлтгэн нийлүүлэх дэд бүтэц технологи нь бэлэн биш байгаа юм. 100 мянган хонь гэдэг дундаж сумын малчин өрхийн нийт хонь. 100 мянган толгой мал гаргалаа гэхэд худалдааны эргэлтийг нөхөх малын өсөлт нь байхгүй болчихсон байх жишээтэй. ХАА улс болно гэж байгаа мөртлөө экспортод гаргах гэхээр заавал ХХАХҮЯ-наас квот авах шаардлагатай болчихдог. Тэр болгон дээр авилгал хээл хахууль, тэр болгон дээр бизнес эрхлэгчид цагаа алдаж байгаа юм. Үе үеийн Засгийн газар бодлого тодорхойлдог. Амьдрал дээр хэрэгжсэн зүйлгүй цаас үйлдвэрлээд л дуусдаг. Эдийн засгийг хөгжүүлэхэд яг юу саад болж байгаа гэдгээ жаахан прагматик сэтгээд, асуудлыг шийдэх, саад тотгорыг арилгах чиглэл рүү ажилламаар байгаа юм.
Хувийн хэвшлийнхний боломжийг бий болгоод саад бэрхшээлийг арилгачихвал төрийн дэмжлэг тэдэнд хэрэггүй. Ер нь Төрөөс хувийн хэвшлийг дэмжих хамгийн сайн арга нь тээг саад болохгүй байх юм. Тэдэнд дэмжлэг хэрэггүй. Бизнес эрхлэхэд нь төрөөс саад тотгор болдог тэр механизмаа устгачихвал хамгийн сайн дэмжлэг болно. Өрсөлдөх чадвартай байгаа бол бизнесийн салбар аяндаа амжилттай ажиллана. Өрсөлдөх чадвар байхгүй бол Засгийн газар дэмжээд ч нэмэргүй. Сүүний үйлдвэрлэгчид бид гаднын сүүтэй өрсөлдөж чадахгүй байна. Төрөөс литр тутамд татаас өгөөч гэж байна. Ийм маягаар хөгжихгүй, энэ бол маш буруу. Ийм маягаар хөгжсөн улс хаана ч байхгүй. Өрсөлдөх чадвар гэдэг бол өөрөө тэр компани бүтээгдэхүүний чанар, өртгийн хувьд давуу талтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үед бий болохоос биш ямар нэг татвар, татаасны ард нуугдсанаар бий болдоггүй. Татварт ногдох орлогоос хасаж тооцдог байсан зардлуудыг хасахаа больж байгаа
-Татварын хуулийн шинэчлэлд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Татвар бол бүтээж байгаа хэсгээс авч буй шударга бус зүйл. Мэдээж төрийн тодорхой үйлчилгээг санхүүжүүлэх хэрэгцээ байгаа. Гэхдээ татвар бол хамгийн бага байх ёстой. Хүн амаараа аваад үзэх юм бол дөнгөж 200 мянган хүн хувийн хэвшилд ажиллаж, нийгмийн даатгал төлж байна. Гурван сая хүнийг 200 мянган хүн тэжээж байна. 300 орчим малчин байгаа гэж бодоход 500 орчим мянган хүн л ийм ачааллыг үүрээд явж байна. Тэр хүмүүс дээр өндөр хэмжээний татварын ачаалал тавьчихаад сууж байна. Шинэчилсэн хуулийг татвар хураалтыг сайжруулах, бизнест учирч байгаа дарамтыг бууруулж байна гэж ярьж байгаа ч өмнөхөөсөө илүү нарийн төвөгтэй ажиллагаатай, татварын орлогоо тайлагнахын тулд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа, цаг авах ажил бүр илүү нэмэгдсэн юм шиг харагдсан. Татварт ногдох орлогоос хасаж тооцдог байсан зардлуудыг хасахаа больж байгаа гэх зэрэг өөр арга замаар татварын суурь хэмжээгээ нэмж байгаа зүйлүүд харагдаж байна лээ.
Ярилцсан сэтгүүлч С.Цэрэндэжид
Эх сурвалж: itoim.mn
Бат · 2018/03/30
Автомашиныг чинь хүн жолоодож явдаг юм. Манайд одоохондоо автомат удирдлагатай машин алга. Орж ирсэн ч гэсэн түүгээр яинь хүн л зорчино.