Сүмогийн дэвжээн дээр 25 жил хатаагүй монгол хөлс амжилт дагуулсаар
2018/12/05
Монголчууд эртнээс үндэсний бөхөө, бөхчүүдээ дээдэлж ирсэн ард түмэн төдийгүй бөхийн орон гэдгээ Сүмогийн ертөнцөд ч батлан харуулсаар байна.
Монголчууд үндэснийхээ бөхийн өв уламжлалаа өргөжүүлэн хөгжүүлж орчин үеийн спортын төрлүүдээс чөлөөт бөх, самбо, жүдо бөхийн төрлүүдээр тив, дэлхий, олимпийн дэвжээн дээр 1960-аад оноос эхлэн чамгүй өндөр амжилт үзүүлээд байгаа юм.
Харин 1990-ээд оны эхэн хүртэл монголчууд Японы үндэсний бөх болох сүмогийн талаар огт мэддэггүй байж билээ. Одоогоос 26 жилийн тэртээ Монгол орон ардчилсан зах зээл нийгэмд шилжээд удаагүй байсан. Энэ хүнд үед монгол 6 хөвүүн сүмо бөх барилдахаар арлын Япон орныг зорьж байсан түүх бий. Тэднийг аав ээж, ойр дотны хүмүүс нь л мэдэж байсан гэдэг. Хожим нь энэ хүүхдүүдээс улбаалан Японы мэргэжлийн сумо бөхийн ертөнцийг донсолгосон “Монгол давалгаа” улам хүчээ авсаар өнөөдөр монгол залуус сүмо бөхийн ноён оргилд гарч дэлхий нийт биднийг мэддэг болжээ.
Япон улсад 10 шахам жил ажиллаж, амьдарсан спортын сэтгүүлч Д.Сугар-Эрдэнэ “Сумод шингэсэн монгол хөлс” номондоо: “1995 онд “Таван цагираг” сонины редакцид Япон улс дахь Монгол Улсын ЭСЯ-наас “Д.Батбаяр Макүшита зиндаанд түрүүллээ” гэсэн мэдээ факсаар ирж билээ. Макүшита гэж юу юм бол хэмээн бүгд гайхан асууж, сүмогийн тухайд бол, өчүүхэн жижиг дэвжээн дээр эв хавгүй хоёр бүдүүн эр түлхэлцдэг л гэсэн төсөөлөлтэй байсан сан” хэмээн дурсан бичсэн байдаг.
Тиймээ, тэр үед үнэхээр ийм л ойлголт, төсөөлөлтэй байсан. Гэхдээ зөвхөн спорт сонирхогч цөөн хэдхэн хүмүүс л ингэж гадарладаг төдий байсан гэж болно.
Японы мэргэжлийн сүмо бөхийн Оошима дэвжээний багш Оошима ояката 1992 онд Монгол Улсад өөрийн биеэр хүрэлцэн ирж, шалгаруулалт явуулан амжилт гаргасан 6 монгол хөвгүүнийг сонгосон гэдэг. Улмаар 1992 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр Б.Энхбат, Д.Батбаяр, Н.Цэвэгням, Ц.Батжаргал, Ш.Мөнхболд, Л.Түмэндэмбэрэл нар Японы нийслэл Токио хотноо анх хөл тавьсан цагаас л монгол сүмочдын хөлс дохёон /дэвжээ/ дээр дусаж эхэлсэн түүхтэй.
Харин өнөөдөр сүмочдын нэрийг хөгшин хөвөөгүй япон ханзаар нүдлэж таниад тэр сүмоч байна гээд л, тэдний барилдааныг шүүн тунгаан, шимтэн үздэг болсон билээ. Бөхөө дээдлэн хайрладаг монголчууд сүмо бөхийг халуунаар хүлээн авч энэ бөхийн ес жаяг, дэг журмыг нь ихэд ойшоодог төдийгүй барилдааны чин шударга шүүлтийг нь өндөр үнэлдэг. Японд сүмоч болоход хэн сайн бэлтгэл сургуулилт хийнэ, мөн аливаа бэрхшээлийг давж гарах сэтгэл зүйг өөртөө бий болгох чанарыг эзэмшсэн нь амжилт гаргадаг гэдгийг олон зууны өв соёлыг агуулсан энэ спортоор дамжуулан монголчууд олж хардаг болсон гэж болно.
Тиймээс ч өнгөрсөн 25 жилийн турш шимтэн үзэж сонирхсон, нутаг нэгт бөхчүүдээ дэмжсэн монголчууд тэр дундаа хүүхэд, залуус сүмогоос их зүйл суралцсан, мэдсэн, мэдэрсэн. Мэргэжлийн сүмо бөхөөс мөнгөний үнэ цэнэ, шударга ёс, дүрэм журам гэж ардчилсан оронд хэрхэн ил тод хэрэгжиж, улам төгс, төгөлдөр болж байдгийг монголчууд бид харж үнэлдэг, биширдэг.
Өөрийн чин хүсэл зоригоор Сүмогийн холбоонд сүмо бөхөөр хичээллэж, аварга болох хүсэлтээ бичин Япон орныг зорьсон монгол хөвгүүн М.Ананд үүний тод жишээ юм. Өдгөө тэрбээр мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд хэмээх монголчууд болон япончуудад төдийгүй дэлхий нийтэд танигдсан алдартай нэгэн болжээ.
Монголын сүмо бөхийн холбоо /МСүБХ/ нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд 20 гаруй монгол хөвгүүдэд Японы мэргэжлийн сүмогоор хүч, ур чадвараа сорих замыг нээж өгсөн төдийгүй тэдний ар гэр, ахан дүүсийнх нь аж амьдралд дэм тус болсон гэдгийг онцлон дурдаж байна.
Өнөөдөр хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч арлын орныг зорьсон энэ хөвгүүдээс мэргэжлийн сумогийн гурван Их аварга төрсөн төдийгүй арслан, заан болсон олон шилдэг сүмочид тодрон гарч Монгол Улсаа дэлхий дахинд сурталчилан таниулж, монгол хүний үнэлэмжийг өндөрт өргөж яваа нь бахархууштай үйл хэрэг билээ. Тэдний гаргасан амжилтууд нь Японы мэргэжлийн сүмогийн оргилд хүрсэн бөгөөд арлын оронд төдийгүй дэлхийд танигдсан амжилтын эзэд болсон хөвгүүдээрээ бид талархдаг.
МСүБХ-ны үйл ажиллагаа нь Монгол-Японы ард түмний харилцааг өнгөрсөн 25 жилд улам өргөжүүлэн бэхжүүлсэн "Гүүр" болж ирсэн билээ. 1992 он сүмогийн ертөнцөд түүхэн шинэ хуудас нээсэн онцлог жил байсныг эргэн дурсвал, Олон улсын сүмо бөхийн холбоо энэ оны 12 дугаар сарын 10-нд Сүмо сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээнийг зохион байгуулж 25 орны 73 бөх хүчээ сорьсон юм. Анхдугаар ДАШТ-д Монгол Улсын баг анх удаа оролцож Япон, АНУ-ын баг тамирчдын дараа шалгарч хүрэл медальтан баг болсон түүх бий.
Улмаар сүмо бөхөөр тамирчдаа нэгдмэл бодлогоор бэлтгэх зорилгоор 1993 онд МСүБХ-г байгуулагдсан. Монгол Улсын 9 сүмоч 14 удаа Сонирхогчдын ДАШТ-д түрүүлээд байна. Анх 1994 онд Б.Бат-Эрдэнэ, Б.Гантогтох нар дэлхийн аваргаар тодорсон бол 1995, 1997 онд А.Сүхбат, 2006, 2007 онд У.Бямбажав, 2008, 2012 онд Г.Наранбат, 2012 онд Р.Гантөгс, 2014, 2016 онд Б.Төрболд нар тус тус аварга болж байв. Харин эмэгтэй сүмогийн төрөлд 2010 онд Я.Дулмаа, 2015, 2016 онд Х.Сүнжидмаа нар аварга цол хүртсэн билээ.
Мөн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтан олноор төрж энэ төрөлд дэлхийд эхний гуравт эрэмбэлэгдсээр байгаа. Мөн тус холбооноос жил бүр УАШТ-ээ насанд хүрэгчид, өсвөр үе, залуучуудын гэсэн 3 ангиллаар зохион байгуулдаг.
Монгол Улсад 2016 онд анх удаагаа ДАШТ-ийг зохион байгуулсан нь спорт сонирхогч төдийгүй гадаадын мэргэжилтнүүд, олон улсын холбооноос өндөр үнэлэлт авсан юм. Тус тэмцээнд 36 орны 380 тамирчин болоод 100 гаруй албаны хүмүүс оролцсон. Буянт-Ухаа спортын ордонд нийт 2 өдөр үргэлжилсэн тус тэмцээн өдөр бүр 5000 үзэгчтэй байж Дэлхийн сүмо бөхийн холбооны түүхэнд дээд амжилт тогтоосон юм.
МСүБХ нь хүмүүнлэгийн чиглэлээр ч олон үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 1998 оны Наганогийн өвлийн олимпод Монголын баг тамирчид оролцоход шаардлагатай спортын хэрэглэлээр ивээн тэтгэсэн. 2000 онд Монгол Улсын хэмжээнд байгалийн гамшигт үзэгдэл зудын аюул нүүрлэхэд малчдад 800 мянган ам.долларын нэн шаардлагатай эм тариа, өвс тэжээлийн дэмжлэг үзүүлсэн олны талархалыг хүлээсэн билээ. МСҮБХ нь 15 жилийн өмнөөс аймаг бүрт салбар зөвлөл болон сүмогийн дэвжээг шинээр байгуулж сүмог улс орны хэмжээнд хөгжүүлж байгаа юм.
Монгол Улс, Япон оронтой бүх талын харилцааг хөгжүүлэх үйлсэд МСүБХ-ны тэргүүн Д.Батбаярын оруулсан хувь нэмрийг онцлон дурдах ёстой. “Мэхний дэлгүүр” хэмээх нэрээр Монгол сүмочдоо дэлхийд анхлан таниулсан уран барилдаант Кёкүшюүзан Д.Батбаяр өнөөдрийг хүртэл тус холбоог удирдан олон сайн үйлсээрээ хүүхэд, залууст урам өгч, их хүсэл тэмүүллийг бадрааж байгаа билээ.
Монгол Улсынхаа нэрийг Сүмо бөхийн ертөнцөөр дамжуулан дэлхий нийтэд улс орноо таниулан сурталчилсан, сурталчилж яваа монгол хөвгүүдээрээ бид бахархах ёстой. Тэдний үйл хэрэг нь Монгол Улсын нэр хүндийг ямагт өндөрт өргөж ирсэн нь бахархахаас аргагүй юм. Улс орондоо оруулж буй тэдний оюун санааны болон санхүүгийн дэмжлэгийг үнэлж баршгүй. Хоёр орны ард түмний соёл урлаг, шинжлэх ухаан, боловсролын салбарт тэд гүүр болсоор ирсэн билээ.
Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн Монгол Улсаа дэлхийд таниулан сурталчилсан гайхамшигтай амжилтууд монгол хүн бүрийн сэтгэлд “Монголоороо бахархах” их урамыг өгсөн билээ. Түүний зам мөрийг үргэлжлүүлсэн Их сүмод Монголын ноёрхлыг өнөөг хүртэл тогтоож байгаа Их аваргуудын амжилтыг МОНЦАМЭ агентлаг тухай бүрд мэдээлж ирсэн билээ. Тэдний сүүлийн амжилтуудаас энэхүү нийтлэлдээ цухас сонирхуулж байна.
2017 оны Кюүшюү башё буюу 11 дүгээр сарын 15 дахь өдрийн барилдаанд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, 69 дэх Их аварга Хакүхо Мөнхбатын Даваажаргал, озэки Гойэдотой хүч үзэн барилдаж давснаар 14 даваатай башёг итгэл төгс тэргүүллээ. Японы Кюүшюү арлын Фүкүока хотноо болсон 2017 оны хамгийн сүүлийн энэ башёд Хакүхо М.Даваажаргал ийнхүү 14 даваа, нэг унаатай өрсөлдөгчдөөсөө гурван давааны илүүтэй хол тасархай түрүүлж, хосгүй дээд амжилт болох 40 дэх түрүү болон Японы эзэн хааны цомыг 40 удаа хүртсэн бөхөөр тодров. Их аварга М.Даваажаргал, “Эзэн хааны цом хүртсэний дараа сурвалжлагчийн асуултад хариулахдаа: "Би 2020 оны Токиогийн зуны олимпийн наадам хүртэл барилдана гэдгээ онцлоод, мөн энэ хугацаанд дээд зиндаа буюу Макүүчид 1000 даваа авах зорилт байгаа” гэлээ. Хакүхо аварга өнөөдрийн байдлаар Макүүчид 970 дахь даваагаа аваад байгаа юм. Их аварга Хакүхо М.Даваажаргал Ёкозүна цолтой 62 башё барилдсан бол мэргэжлийн сүмод барилдсанаас хойш энэ өдөр 1062 дахь даваагаа авсан юм.
Харин Хакүхо М.Даваажаргал 2018 оны Аки башё буюу есдүгээр сарын барилдааны 14 дэх өдөр Озэки Гойэдог давж Макүүчид 1000 давааг авсан хосгүй амжилтаараа энэ башёгийн түрүү бөхөөр тодорлоо. Ийнхүү тэрбээр Макүүчид 41 дэх түрүүгээ, мөн Ёкозүна цолтой 800 даваа авсан дээд амжилтуудыг тогтоож түүхэнд бичигдсэн хосгүй амжилтын эзэн болоод байгаа билээ.
Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадорж 2015 оны Кюүшюү башё буюу 11 дүгээр сарын барилдаанд 13 даваа, хоёр унаатайгаар 2 жилийн дараа түрүүлж Японы эзэн хааны цомыг долоо дахь удаагаа хүртлээ. Ийнхүү Монгол сүмочид мэргэжлийн сүмо бөхийн дээд буюу Макүүчи зиндаанд 10 жилийн турш түрүүг авсан хосгүй амжилтын эзэд болсон юм.
Дашрамд сонирхуулахад, 2016 оны анхны тэмцээн буюу Хацү башёд Озэки Котошёогикү түрүүлсэн нь 10 жилийн дараа япон сумоч эзэн хааныхаа цомыг хүртсэн түүхэн үйл явдал болж билээ. Энэ башёгийн нэг онцлог нь нутгийн бөхчүүд хамгийн сүүлд Эзэн хааны цом хүртсэний 10 жилийн ой тохиосон юм. Хамгийн сүүлд буюу 2006 оны нэгдүгээр сарын тэмцээнд Точиазүма гурав дахь түрүүгээ авч байсан юм.
2018 оны Нацү башё буюу тавдугаар сарын барилдаанд 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд 14 даваа, нэг унаатай түрүүлж, Японы эзэн хааны цомыг 5 дахь удаагаа хүртсэн билээ. Тэрбээр анх удаагаа хоёр башё дараалан түрүүлсэн юм. Эдгээр амжилтуудаас дүгнэхэд Монгол сүмочдын амжилт цаашид ч үргэлжлэх нь тодорхойг илтгэнэ.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг