“Талх чихэр” компани чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 шинэчилсэн хувилбарт амжилттай шилжлээ
2019/01/29
Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээрээ монгол хүний эрүүл мэндийг бүрэн дэмжиж, нийт бүтээгдэхүүнийхээ тал хувийг зохицуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн болгож чадсан “Талх Чихэр” компани ISO 9001:2015 шинэчлэгдсэн стандартын батламжаа гардан авлаа. Тус компани нь 2015 онд ISO 9001:2008 стандартын хувилбарыг үйлдвэртээ нэвтрүүлсэн байдаг. Олон улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тус стандарт нь 1987 онд хэвлэгдэж байсан бол өдгөө 31 жилийн нүүрийг үзсэнээр тав дахь шинэчлэсэн хувилбарыг 2015 онд хэвлүүлсэн байдаг. Үүнийг Монгол үндэсний манлай үйлдвэрлэгч “Талх чихэр” компани үйлдвэртээ нэвтрүүлж байгаагаараа онцлогтой үйл явдал боллоо.
Хуулиа дээдэлж, харилцагч хэрэглэгчдэдээ тэргүүнд тавьдаг тус компани нь ISO 9001:2015 стандардартыг гурилан бүтээгдэхүүний салбарт анхлан нэвтрүүлснээрээ хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавьж байгаагаа батлан харуулж байгаа гэсэн юм. Мөн олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэж салбартаа жишиг үйлдвэр болж байгаа нь дэлхийн стандартад нийцсэн гурилан бүтээгдэхүүнийг Монгол улсын үйлдвэрүүд үйлдвэрлэж байгаагийн илэрхийлэл мөн юм.
Дээрх стандартыг хэрэгжүүлэхээр тус компаниас 2018 оны зургаан сард чанарын баг томилогдож олон улсын SGS байгууллагаас сургалт авчээ. Ингэснээр өөрийн байгууллагын дотоод журам заавруудад өөрчлөлт оруулж 2018 оны 12сарын28ны өдөр баталгаажуулалтын хуралд орсноор ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцооны шинэчилсэн хувилбарыг гурван жилээр сунгах эрхээ ийнхүү авч чаджээ. Мөн салбартаа анхдагч байсаар ирсэн “Талх чихэр” компани сар шинийн босгон дээр стандартын батламжаа авч байгаа нь ирэх 2019 онд чанараа эрхэмлэж дээдэлсэн түүнийгээ хөрсөн дээрээ буулгасан жил байхаас гадна урвуулагч хэмээх шороон гахай жил тус компанийн хувьд ололт амжилтын жил хэмээн бэлгэшээж байгаа гэлээ.