“Монгол Тулгатны 100 Эрхэм” нэвтрүүлгийн Продюсер, Санаачлагч, Хөтлөгч П.Анужинг өдгөө танихгүй хүн үгүй болсон. Тэрбээр "мацагтан" гэх цахим хуудсыг ажиллуулж олон дагагчтай болсон.

Махны хэрэглээнийхээ талаар, Би нэг хэсэг веган хоолтон байсан. Веган гэдэг нь амьтнаас гарч байгаа бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй хүнийг хэлдэг. Зөгийн бал, сүү гээд бүгдийг нь хэрэглэдэггүй байлаа. Харин телевизийн ажил хийх болсноос хойш хөдөө орон нутагт их явна. Дүн өвлийн хүйтэн цас мөсөн дунд хүнтэй олон цагаар ярилцана. Тэгэхээр нөгөө хэлээд байдаг нутаг ус, цаг агаартаа зохицсон хоол хүнс хэрэглэх хэрэгтэй болно. “Усыг нь уувал ёсыг нь дага” гэж үг байдаг даа, энэ үг хоол хүнстэй асар холбоотой үг юм шүү. Мөн хүний зочломтгой сэтгэл гэж айхтар зүйл бий. Хөдөөнийхөн маань юу байгаа түүгээрээ дайлна. Мах чанаад өгнө. Тэгэхээр нь би мах иддэггүй. Мах бол, би бол гээд л хүний нүд бүлтийлгээд, хүний анхаарал татах нь зохимжгүй санагддаг. Тэгээд хүндэтгэлтэй, хэтрүүлэлгүй идээд л явдаг.  Гэхдээ миний гол хүнс бол мах огтхон ч биш" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байдаг юм. Харин "Миний хувьд өглөөдөө хүнд хоол иддэггүй. Гэхдээ өлөн явдаггүй. Өглөө шинэ ногооны шүүс, төрөл бүрийн жимсний коктейл хийж уудаг. Өөр зүйл огт иддэггүй. Ингээд үдийн хоолондоо хүрдэг. Үдийн хоолны цаг боллоо гээд хоол хайгаад явдаггүй. Би хоолны тал дээр маш их тэвчээртэй. Ер нь идэх, уухын төлөө хөөцөлдөөд байдаггүй. Хоолоо аль болох түүхий ногооны салатаар эхлүүлдэг.  Өвлийн улиралд халуун шөл, аарц их уудаг. Оройны хоол амжихдаа амжина. Амжихгүйдээ амжихгүй. Заримдаа орой хүртэл ажиллана. Тэр үедээ жимсний коктейл уучихдаг. Товч хэлбэл би хоолны асуудлаас аль хэдийн ангижирч чадсан. Өглөө юу идэх вэ гэж уурлаад л, өдөр юм иднэ гэж баахан цагаа алдаад л, уулзаж идээд л, салж идээд л, орой гэртээ очихоор хоол байхгүй бол бухимдаад л энэ рүү тэр рүү цам харайгаад л байгаа хүн хүнд шүү бас. Хүний амьдралын маш их цаг хугацаа хоол хийж түүнийг идэхэд өнгөрдөг. Идэхээ цэгцэлж чадах юм бол асар их хийж бүтээх цаг гардаг" гэв. Олон хүнд мацаг барих талаар зөвлөгөө өгдөг түүний сүүлийн үеийн "селфи" зургийг онцлон хүргэж байна.

Д.Ана