Засгийн газрын бонд, түүний худалдан авалт, зарцуулсан хүү, төлбөрийн байдалд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан хийсэн байна. Уг тайланд Засгийн газрын дотоод үнэт цаасны үлдэгдэл өрийн удирдлагын стратегийн  баримт бичигт заасан түвшинээс хэтэрсэн болохыг хүргэж байна. 

ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаанд Монголбанкны цахим арилжааны системд шууд оролцогчдоос ирүүлсэн өрсөлдөөнт саналыг бага хүүгийн саналаас эхлэн биелүүлэх замаар зарласан нийт дүнгээр арилжиж байна. Жишээ нь: ЗГҮЦ-ны 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит арилжаагаар 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 39 долоо хоногийн хугацаатай 65.0 тэрбум төгрөгийн ЗГҮЦ-ыг арилжихаар нийтэд мэдээлснээс 56.0 тэрбум төгрөгийн санал иржээ. Уг арилжаанд 17.400-17.990 хувийн хүүгээр 56.0 тэрбум төгрөгийн ЗГҮЦ арилжаалагдаж, амжилттай биелсэн саналын жигнэсэн дундаж хүү 17.642 хувь болсон байна.

Анхдагч зах зээлд амжилттай биелсэн өрсөлдөөнт саналын жигнэсэн дундаж хүүгээр МХБ-ээр дамжин арилжаалагдах хүүгийн түвшин тодорхойлогдож байна. Дээрх жишээний хувьд 12 долоо хоногтой 100.0 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй жижиглэнгийн үнэт цаас МХБ-ийн арилжаагаар 17.642 хувийн хүүтэйгээр арилжаалагдсан гэсэн үг юм.

Хэдийгээр Монголбанкны цахим системээр явагддаг анхдагч зах зээлийн арилжаанд 12 банк хүүгийн саналаар өрсөлдөх зарчмаар зохион байгуулагддаг хэдий ч арилжаалагдсан ЗГҮЦ-ны нийт үнийн дүнгийн 72.7 хувь тогтмол оролцдог томоохон 5 банкинд ногдож байна.

Түүвэрт хамрагдсан 2014-2016 оны арилжааны мэдээнээс үзэхэд шууд оролцогчид ялгаатай хүүгийн санал ирүүлсэн ч зарим тохиолдолд 2-3 оролцогч санал ирүүлсэн, худалдан авахаар ирүүлсэн саналын дүн Сангийн яамнаас гаргасан багцын дүнд хүрээгүй зэргээс арилжааны банкуудын ирүүлсэн санал бүрэн биелж байгаа нь өрсөлдөөн бодитой өрнөх боломж муутай гэдгийг харуулж байна. Тухайлбал:

  •  2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн арилжаанд 20.0 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалахад Хадгаламжийн банк 11.5 хувийн хүүтэйгээр 5.0 тэрбум төгрөг, Чингис хаан банк 11.55 хувийн хүүтэйгээр 1.0 тэрбум төгрөг, Хаан банк 12.5-12.8 хувийн хүүтэйгээр 10.0 тэрбум төгрөг, Голомт банк 14.0 хувийн хүүтэйгээр 1.0 тэрбум төгрөгийн худалдан авах санал ирүүлж нийт 17.0 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэтэй үнэт цаас 12.326 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжаалагдсан, 
  • 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн арилжаанд 30.0 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалахад Хаан банк 16.780 хувийн хүүтэйгээр 15.0 тэрбум төгрөгийн худалдан авах санал ирүүлж нийт 15.0 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэтэй үнэт цаас 16.780 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжаалагдсан, 
  • 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн арилжаанд 200.0 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалахад Хаан банк 17.5 хувийн хүүтэйгээр 100.0 тэрбум төгрөг, Худалдаа хөгжлийн банк 17.55 хувийн хүүтэйгээр 50.0 тэрбум төгрөг, Төрийн банк 19.0 хувийн хүүтэйгээр 5.0 тэрбум төгрөг худалдан авах санал ирүүлж нийт 155.0 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэтэй үнэт цаас 17.532 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжаалагдсан байна. 

Мөн Сангийн яам, Монголбанк арилжаанд шууд оролцогчийг үгсэн тохиролцсон эсхүл үндэслэлгүй өндөр хүүгийн санал ирүүлсэн гэж үзвэл уг саналыг цуцлах эрхтэй боловч үгсэн тохиролцсон эсэхийг тогтоох боломж муутай, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр зайлшгүй шаардлагатай тохиолдолд арилжааны банкуудын ирүүлсэн хүүгийн саналын дагуу арилжаалахаас өөр аргагүйд хүрдэг байна.

Засгийн газрын мөнгөн хөрөнгийн дунд хугацааны эрсдлийн удирдлагыг сайжруулах замаар ЗГҮЦ-ыг гаргах зайлшгүй нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаа нь аудитын явцад ажиглагджээ. 

Нийгмийн даатгалын сангийн хуримтлалын сангаас Засгийн газрын дунд, урт хугацаат /нэг жил болон түүнээс дээш/ бонд худалдан авахад зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг Нийгмийн даатгалын сангийн тухайн оны төсвийн тухай хуулиар баталж байгаа ч баталсан дээд хэмжээ хүртэл ЗГҮЦ худалдан аваагүй байна. 2.8 НДС 2012-2017 онд 146.0-583.0 тэрбум хүртэл төгрөгийг арилжааны банкинд байршуулж байсан. Хэрэв НДС-ийн хуримтлалын сангийн хөрөнгөөр төсвийн тухай хуулиар тогтоосон хэмжээ хүртэл Засгийн газрын эрсдэлгүй үнэт цаас худалдан авсан бол өнгөрсөн хугацаанд 15.9 тэрбум орчим төгрөгийн хүүгийн орлого нэмж олох боломжтой байжээ. Тухайлбал:

Арилжааны банкууд хэрвээ иргэдийн байршуулсан хадгаламжаар ЗГҮЦ худалдан авсан гэж үзвэл 2016, 2017 онд томоохон 5 банк 28.5-49.0 тэрбум төгрөгийн орлого олох, нөгөө талаас хадгаламж эзэмшигчид уг дүнгээр ЗГҮЦ-ны өгөөж хүртэх боломжтой гэсэн тооцоо гарч байна.

Монгол Улсын хэмжээнд төгрөгийн хадгаламжийн үлдэгдэл 2012-2017 онд өсч ирсэн нь иргэн, ААН-үүдэд ЗГҮЦ худалдан авах хөрөнгийн нөөц нэмэгдэж байгааг харуулж байна. Эндээс харахад үнэт цаасны арилжаанд иргэн, ААН-үүдийн оролцоог нэмэгдүүлбэл арилжаанд оролцогчдын хувьд үнэт цааснаас хүртэх өгөөж нэмэгдэх, Засгийн газрын хувьд хүүгийн түвшин буурч болох дүр зураг харагдаж байна.

ЗГҮЦ нь эрсдэлгүй, хөрвөх чадвартай, хүүгийн орлого нь албан татвараас чөлөөлөгддөг, ТБОНӨХБАҮХАТХ-ийн дагуу тендерийн, урьдчилгаа төлбөрийн, гүйцэтгэлийн баталгаа болгон ашиглаж болох давуу талтай. Гэвч ЗГҮЦ-ны хүү хадгаламжийн хүүгээс их үед л иргэд, ААН-ийн худалдан авалт нэмэгдэж, эсрэг тохиолдолд худалдан авах хэмжээ нэмэгдэхгүй байгаа нь дээрх хөшүүрэг үр дүн муутай байгааг харуулж байна.

Сангийн яамнаас ЗГҮЦ-ны арилжааны талаар мэдээлэх, идэвхжүүлэх тогтолцоо үр дүн муутай, банк, иргэн, хуулийн этгээд ижил тэгш эрхтэй, өрсөлдөөнт зарчмаар оролцох боломж багатайгаас хүүгийн түвшин өрсөлдөөнт  зарчмаар тогтох нөхцөл бүрдээгүй байна.

Засгийн газрын үнэт цаасны хүү арилжааны банкуудын санал болгосон хүүгийн түвшинээр тогтоогдож иржээ. Түүнд нөлөөлөх хүчин зүйлд шинжилгээ хийхэд ЗГҮЦ-ны хүү нь Төв банкны бодлогын хүү, хадгаламжийн хүүтэй эерэг хамааралтай байна. Хүүгийн мэдрэмжийг авч үзвэл, бодлогын хүү 1 хувиар нэмэгдэхэд Засгийн газрын дотоод үнэт цаасны хүү 1.15 хувиар, хадгаламжийн хүү 1 хувиар нэмэгдэхэд Засгийн газрын дотоод үнэт цаасны хүү 1.08 хувиар тус тус өсөх хандлагатай байна.

Монголбанк мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлсэн, 2014, 2016 онуудад валютын интервенц хийсэн зэрэг нь зах зээл дэх бэлэн мөнгөний хэмжээ, инфляцийг бууруулж банкуудын хөрвөх чадварт нөлөөлснөөр Засгийн газрын үнэт цаасны зах зээл дэх өрсөлдөөнийг багасах, хүүгийн түвшин өсөх хүчин зүйл болсон нь мөнгөний бодлого, төсвийн бодлого хоорондоо уялдаа муутай байсныг харуулж байна.

Монголбанкны бодлогын хүү, ЗГҮЦ-ны хүүгийн түвшин 2013 оноос хойш өсөх хандлагатай байсан нь эдийн засагт дараах нөлөөлөл үзүүлсэн байж болзошгүй байна. Тухайлбал,

  • Зээлийн үлдэгдлийн өсөлт 2014 онд 16 хувьтай байсан бол арилжааны банкууд эрсдэлгүй, өндөр өгөөжтэй мөнгөн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилгоор ЗГҮЦ худалдан авч, зээл олгох сонирхол буурснаас зээлийн үлдэгдлийн өсөлт 2017 онд 8.8 хувьтай байна,
  • Хадгаламжийн үлдэгдэл 2014 онд 10 хувиар өсч байсан бол ЗГҮЦ-ны хүү банкуудын дундаж хадгаламжийн хүүгээс өндөр болсон үед иргэдийн ЗГҮЦ худалдан авалт нэмэгдснээр 2016 онд хадгаламжийн үлдэгдлийн өсөлт 6 хувьд хүрч харин 2017 онд ЗГҮЦ-ны хүү банкуудын дундаж хадгаламжийн хүүгээс бага болоход хадгаламжийн үлдэгдэл 33 хүвиар өссөн байна.

Энэ нь арилжааны банкууд зээл олгохоос илүүтэй ЗГҮЦ худалдан авах сонирхлыг нэмэгдүүлж, бодит секторт олгох зээл олголтыг бууруулж, улмаар эдийн засаг дахь мөнгөний эргэлт саарах, эдийн засгийн өсөлтийг бууруулах сөрөг нөлөөтэй байгаа аж 

Бид маргааш Засгийн газрын үнэт цаасны төлбөрт 2018-2031 онд 14.0 их наяд төгрөг төлөхөөр байгаа тухай хүргэж болно.