Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр энэ жил /2025.11.21/ тохиож байна. Жил бүр Монгол бахархлын өдрөөр төр, нийгмийн өмнө үнэмлэхүй гавьяа байгуулсан иргэн, байгууллагыг төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ.

“Чингис хаан” одонг хүртсэн анхны эрхэм бол Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат юм. Ерөнхийлөгч асан Н.Багабандийн сүүлчийн зарлиг нь “Чингис хаан” одонг хүртээх тухай зарлиг байсан бөгөөд энэхүү зарлиг нь 2005 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 188 дугаартай зарлиг байв.

Зарлигт “П.Очирбат таны Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, шинэ Үндсэн хууль боловсруулж батлуулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй удирдан гүйцэтгэж, эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг өрнүүлж, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлоон байгуулах, үндэсний соёл уламжлалыг сэргээн хөгжүүлэх, гадаад харилцааг өртгөтгөхөд оруулсан жинтэй хувь нэмрийг үнэлж” хэмээн өгүүлжээ.

Энэ одонг хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди зарлиг гаргаж, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, анхны Ерөнхийлөгч П.Очирбатад гардуулж байсан түүхтэй.  Үе үеийн “Чингис хаан” одонг хэн гэдэг эрхмүүд хүртэж байсантай танилц.

  1. 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
  2. 2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
  3. 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
  4. 2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
  5. 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди
  6. 2012 онд УИХ-ын гишүүн асан Дамдины Дэмбэрэл
  7. 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном
  8. 2014 онд нэрт эрдэмтэн, физикч Хавтгайн Намсрай
  9. 2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
  10. 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар
  11. 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол улсын хөдөлмөрийн баатар олимпын аварга Найдангийн Түвшинбаяр
  12. 2019 онд Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог "Хү" хамтлаг
  13. 2021 онд Монгол улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа
  14. 2021 онд Монгол Улсын Зэвсэгт Хүчин
  15. 2022 онд Д.доржготов, монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд нар
  16. 2023 онд Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулга
  17. 2024 онд НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, БНСУ-ын иргэн Бан Ги Мүн
  18. 2025 онд Монгол Улсын шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, хуульч, нийгмийн зүтгэлтэн С.Нарангэрэлд хүртээхээр болжээ.