Сүүлийн үед шинээр баригдаж байгаа барилга, ашиглалтад орсон барилгыг тойрсон  асуудал цөөнгүй гарах болсон гэдгийг  хэн хүнгүй мэдэж байгаа. Өнгөрсөн онд буюу 2013 онд  гарсан үйлдвэрлэлийн ослын гэхэд сүүлийн 9 жилд буюу 2005-2013 онд барилгын салбарт нийт 581 удаагийн үйлдвэрлэлийн осол гарч, 246 хүн осолд өртөж нас барж, 130 хүн тахир дутуу болж, 272 хүн хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алджээ.

Харин сүүлийн 2012, 2013 оны хувьд барилгын салбарт гарсан үйлдвэрлэлийн ослын мэдээг харьцуулж үзвэл 2012 онд 69 удаагийн үйлдвэрлэлийн осол гарч 28 хүн үйлдвэрлэлийн осолд өртөж нас барж, 10 хүн тахир дутуу болж, 34 хүн хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдаж байсан бол 2013 оны байдлаар нийт 39 удаагийн үйлдвэрлэлийн осол гарч түүнд 14 хүн өртөж нас барж, 18 хүн тахир дутуу болж, 9 хүн хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан байна. Энэ судалгаанаас үзэхэд 2013 онд барилгын салбарт гарсан үйлдвэрлэлийн ослын тоо өмнөх 2012 оноос 43.4 хувиар буурсан ба осолд өртөж нас барсан иргэний тоо 50 хувиар буурч, осолд өртөж тахир дутуу болсон иргэдийн тоо 44.4 хувиар нэмэгдэж, хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан иргэдийн тоо 73.5 хувиар буурсан байна. Харин 2014 он гарсаар барилгын салбарт хүний амь нас үрэгдсэн 5 осол гараад байна. Барилга дээр ажиллаж байсан иргэд ийн амь насаараа хохирч цаашлаад хөдөлмөрлөх чадварааа алдсан тоо баримт өнөөдрийн байдлаар дүгнэсэн нь энэ.

Тэгвэл хүн амь эрсдэн, гэмтэн байж баригдсан барилгуудын дараах хохирогчид бас л иргэд. Худалдаж авсан байрных нь талбай гэрчилгээн дээр заасан хэмжээнд хүрч буй эсэхэд эргэлзсэн олон иргэд ШӨХТГ-т гомдол ирүүлсний дагуу БХБЯ, Стандартчилал Хэмжил Зүйн Газартай хамтран барилгын компаниудад шалгалт хийсэн. Гэтэл орон сууц худалдаж авсан иргэдээ 1.5 тэрбум төгрөгөөр хохироосон нь нотлогдсон.

Үүгээр ч зогсохгүй зарим нэг барилгын хана нь нурж, тааз нь цоорсон гэх асуудал ар араасаа гарч байгаа. Үүний хажуугаар үнийн хөөсрөл үүсгэж буйг үгүйсгэх аргагүй ч зах зээлд нийлүүлэгдэж байгаа чанаргүй барилгуудаас болоод иргэд хохирсоор байх уу?!

Нийслэлд баригдаж байгаа барилгуудын ашиглалтад хүлээн авдаг тодорхой байгууллагуудаас бүрдсэн Улсын комисс, Үнэлгээний хороо гэх газар байдаг. Гэвч Улсын комиссынхны өнөөг хүртэл таг дуугүйхэн зөөлөн сэнтийдээ заларч суугаа. Сүүлийн жилүүдэд ашиглалтад орж байгаа барилгын чанар авах юмгүй болсныг иргэд олонтаа шүүмжилж хэвлэл мэдээллийнхэнд хандах болсон. Үнэ дагаж чанар байдаг бол өнөө үед эсрэгээрээ болсон бололтой.

Х.Даваа