Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар тус дүүргийн нутаг дэвсгэрт олон тооны гахай үхсэн талаар шуурхай мэдээлэл өгч, шаардлагатай асуудлыг шийдвэрлүүлжээ.
Тодруулбал, Налайх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт амьдардаг иргэн М.Дамдинхүү энэ сарын 18-ны өдөр нийслэлийн Мал эмнэлгийн газарт олон тооны гахай үхсэн талаар дуудлага өгсөн байна. Уг дуудлагын дагуу холбогдох хүмүүс тус газарт очин гахайнаас цусны  ийлдэс болон үхсэн гахайнаас цуллаг эрхтний дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид хүргүүлсэн байна.

Нийтдээ 366 гахайнаас 52 гахай үхсэн аж. Шинжилгээний дүнгээр “Гахайн үржил, амьсгалын замын хам шинж” гэсэн онош батлагдсан тул дүүргийн Засаг даргын А/90 дугаар захирамжийн дагуу “Хорио цээрийн дэглэм” тогтоож хяналт ариутгалын пост, хөдөлгөөнт эргүүлийг гарган ажиллуулж байна хэмээн холбогдох газраас мэдээллээ.

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2011 оны А/86 дугаар тушаалаар батлагдсан “Гахайн үржил-амьсгалын замын хам шинж өвчинтэй тэмцэх заавар”-ын дагуу өвчилсөн гахайг устгах ажлыг зохион байгуулж өнөөдрийн байдлаар 225 гахайг устгажээ.

Х.Даваа