Р.Эрхэмбүрэн: Хэдэн ч удаа бүдэрсэн заавал эргэж босож бай
2019/11/16
“OI” энтертайнментын зохиолч, найруулагч Р.Эрхэмбүрэн нь “Хүсэл”, “Биелэгдэшгүй төлөвлөгөө”, “Би дурламаар байна”, “Манан зүсэгч”, “Насан туршдаа” зэрэг кино бүтээсэн нэгэн. Мөн тэрбээр үзэгчдийг байлдан дагуулж буй “37-р Точка” кинонд хоёрдугаар найруулагчаар ажилласан юм. Дүр бүтээх, найруулах зэргээс илүү чимээгүйхэн сууж зохиол бичих нь надад сайхан байдаг хэмээх түүнийг “Залуус” булангийнхаа зочноор урилаа.
-Хөгжим сонирхож, сонсдог байсан нь таныг жүжигчин болоход нөлөөлсөн гэдэг. Ямар хөгжим сонирхдог байв?
-Би багаасаа л дуу, хөгжим сонирхдог байсан. Одоо ч гэсэн хөгжим, ялангуяа киноны хөгжим сонсох дуртай. Энэ бүхэнд хөглөгдөж жүжигчин мэргэжлийг сонгосон.
-Та хэдий жүжигчин мэргэжилтэй ч ихэнхдээ кино зохиолч, найруулагчаар ажилладаг. Манай улсад уран бүтээлчдийг үнэлэх, тэр дундаа оюуны өмчийг дээдлэх үнэлэмж ямар түвшинд байгаа вэ?
-Хичээж, зорьж, зүтгэж байж кино хийнэ гэдэг сайхан. Гэвч өнөөдөр киноныхоо нээлтийг хийхэд маргааш нь CD болж зарагддаг, интернэт сайтуудаар цацагддаг. Хэний ч урам хугарна шүү дээ. Дахиж кино хийхгүй байна гэж юу байхав, гэвч энэ нь хэсэгтээ урам зориг, ажиллах эрч хүчгүй болгодог. Шууд хэлэхэд монголчууд бусдын хөдөлмөрийг үнэлж, оюуны өмчийг дээдлэхдээ маш муу. Мөн хууль эрх зүйн орчин, зохицуулалт байхгүй юм шиг санагддаг. Мөн үзэгчдийн хуулийн мэдлэг, боловсрол хангалтгүй байгаатай холбоотой байх. Нэг уран бүтээлийн цаана асар их хөрөнгө санхүү, хүн хүч, эд материал яригддаг. Энэ нь маш том эрсдэл гэсэн үг.
-Кино урлагийн хөгжил үзэгчдийн үнэлгээнээс гадна мэргэжлийн кино шүүмжээс хамааралтай мэт санагддаг. Манай улсад кино шүүмж ямар түвшинд байгаа вэ. Таны уран бүтээлд нөлөөлж чаддаг уу?
-Одоогоор мэргэжлийн түвшинд кино шүүмжлээд байгаа судлаач цөөхөн. Байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Энгийн үзэгчдийн доромжилсон, муучилсан сэтгэл хөдлөлүүд л их явдаг. Онолд суурилсан, алдаа дутагдал, ололт амжилтыг үнэн бодитоор хэлсэн шүүмж кино урлагт дутагдалтай байна.
-Тэгэхээр кино шүүмжлэгч үгүйлэгдэж байна гэсэн үг үү?
-Мэдээж хэрэг нээлттэй. Яагаад гэвэл мэргэжлийн шүүмж гэдэг кино урлагийг, уран бүтээлчдийг хурцлах, хэн нь хэн бэ гэдгийг ялгаж салгах маш том хүч. Хэн ч төгс төгөлдөр биш болохоор алдаа дутагдлаа олж харж, цаашдын уран бүтээлдээ тусгал болгож ажиллавал илүү чанартай кино гарна. Өнөөдөр цахим ертөнцөд доромжлоод, муулаад байдаг олны сэтгэл хөдлөлийг шүүмж гэхэд хэцүү. Сүүлдээ тоохоо болиод уншихгүй өнгөрөөдөг.
-Аливаа уран бүтээл эмзэглэлээс төрдөг юм шиг. Та хэр эмзэг хүн бэ?
-Эмзэглэх зүйл байлгүй яахав. Хүн бүхэнд л эмзэг сэдэв, эмзэглэх шалтгаан байдаг гэж боддог. Энэ нь нийгэм, хүмүүсийн харилцаанаас эхлээд өргөн ойлголт байх. би эмзэг талдаа хүн шүү. Миний өөрийн хийсэн кинонд эмзэглэлээс гарсан санаа цөөнгүй бий. Жишээлбэл, би ах, эгч нарынхаа нөхөрлөлийн дурсамжийг сонсоход маш гоё санагддаг. Гэтэл одоогийн залуус маш хэврэг, хямдхан нөхөрлөлтэй болсон мэт. Бид найз, нөхдийн харилцааг их жижигхэн мэт санадаг боловч эндээс нийгэм бүрдэж, бие биедээ итгэхээс харилцаа эхэлдэг.
-“37-р точка” кинонд нэгнийхээ толгойд шил хагалах, сандалаар цохих, мэс хүргэх зэрэг үзэгдэл цөөнгүй. Зураг авалтын явцад ямар хүндрэл, бэрхшээлтэй таарч байсан бэ?
-Хүндрэл, бэрхшээл нэлээд байсан. Гэхдээ үүнийг ерөнхий найруулагч ярих байх. Үзэгчид харж байгаа байх. Нэг өдөрт гэхэд 150-200 хүний масс (олны хэсэг)-ын зураг авалт тогтмол хийдэг. Тэр олон хүнийг хувцаслахаас эхлээд асуудал байсан. Энэ хамгийн энгийн жишээ нь. Монголын кино урлагийн түүхэнд сайхан кино олон бий. Гэхдээ манай өмнө үеийн бүтээлүүд олны хэсэг бүрдүүлэх, амилуулах тал дээр дутмаг байсан. “37-р точка” киноны жижиг хэрэглэл, детал бүрт нарийвчлан ажилласан нь ерөнхий найруулагчийн шийдэл юм. Бүх зүйлд нухацтай хандаж байсан болохоор өдөр бүхэн хүндрэлтэй тулгарч тэр хэрээр амжилт, үзэгчдийн хувьд том олзтой үлдсэн гэж болно.
-Ямарваа нэгэн уран бүтээл төрөх цаг хугацаа гэж байдаг мэт. “37-р точка” нийгэм цаг үеийн гэдэг ч юм уу, ямар шаардлагаар бүтэж, үзэгчдэд ямар санаа өгөхийг зорьсон гэж та бодож байна вэ?
-Нэгдүгээр бүлэг дууссан ч кино дуусах болоогүй. Гэхдээ миний үеийн болон биднээс дүү хүмүүст нэлээн сайн хүрч байгаа. Уран бүтээлч бидэнд мэдрэгдэж байгаа учраас ингэж бардам хэлж байгаа юм. Зохиолчоор нь манай Б.Тамираа, А.Баттүшиг ах хоёр ажилласан. Энэ хүмүүсийн хэлэх гэсэн санаа нийгэмд хүрч чадаж байна. Миний хувьд энэ киноноос залуучууд Ялалт гэдэг дүрийг маш сайн анзаарч, түүнээс эр хүн гэж ямар байх ёстой вэ, хэлсэндээ хүрдэг нуруутай байх ямар байдаг вэ гэдгийг олж аваасай гэж хүсэж байна.
-Тайз, дэлгэцийн уран бүтээлд амьдрах цаг хугацаа гэж байдаг байх?
-Уран бүтээл бүхэн өөрсдийн гэсэн цаг үеийг эзэлж байдаг. Жишээлбэл, Ромео Жульетта, Парисын Дарь-Эхийн сүм жүжгээс эхлээд хэдэн зууныг дамнасан сонгодог бүтээлүүд байна. Мэдээж хэрэг уран бүтээлч бүхэн он удаан жил хүмүүсийн тархийг сэргээж, нийгмийн хар барааныг шүүмжилсэн сайн бүтээл туурвихыг хүсдэг. Гэвч энэ бүхнийг үзэгчид шийднэ. Дүрээ сэтгэлд хүргэж чадсан эсэхээс л шалтгаалдаг.
-Ээж нь нас барсан мэдээг сонсоод уйлж суусан жүжигчин тайзан дээр инээгээд гарч буй тухай “Хунгийн сүүлчийн дуу” кинонд гардаг. Тэгэхээр жүжигчин мэргэжил сэтгэлийн асар их тэвчээр шаарддаг бололтой?
-Миний мэргэжил хэцүү үедээ хэцүү, сайхан үедээ сайхан. Таны хэлж буй жишээ бол жүжигчин хүн болохоор эмзэг харагдаж байгаа. Гэвч энэ нь өдөр бүр л тохиолддог зүйл. Өөрөөр хэлбэл, эмч мэс засал хийх гээд өвчтнөө хүлээж авчихаад “Ээж минь өнгөрчихлөө” гээд малгайгаа тайлж, хагалгаагаа орхиод явахгүй. Мэргэжлий онцлогийн хувьд ялгаатай харагдаж байгаа ч ямар ч хүн ажил мэргэжилдээ үнэнч, тууштай хандаж байж л амжилтад хүрнэ.
-Зарим дүрийн хувьд найруулагчийн зохиолоос гадна жүжигчнээс маш их ажиллагаа шаарддаг. Энэ нь дүрийн судалгаанаас бий болдог уу, тухайн үеийн сэтгэл хөдлөл, дүрдээ орж чадсанаас хамаардаг юм уу?
-Аль, алинаас нь хамааралтай байх. Мэдээж хэрэг дүрээ судлах, тэр дүрийг бүтээх жүжигчний ажиллагаа шаардана. Яг адилхан дүр бүтээсэн хоёр жүжигчний нэгнийх нь бүтээсэн дүр үзэгчдэд хоногшиж, нөгөө нь мартагдана гэдэг их сонин. Ерөөсөө дүрийн ажиллагаанаас л шалтгаалж байгаа хэрэг.
-“37-р точка” кинонд та туслах дүр бүтээсэн. Дүрийн судалгаа хэрхэн хийсэн бэ?
-Б.Тамираа ах “Энэ чиний дүр шүү” гээд өгсөн. Киноны он цагийн хувьд манай аав, ээжийн үеийн амьдрал. Тэгэхээр тухайн үед сонсож байсан бүхнээ нарийвчилж боддог. Айхтар хүндрэлтэй, урт хугацааны судалгаа шаардсан дүр биш. Удахгүй үзэгчдэд хүрэх 80-аад оны сэдэвтэй нэг кино бий. Тус киноны зохиолыг бичих гэж өмнө нь маш их судалгаа хийж байсан болохоор дөхөм байсан.
-“Би жижигхэн биетэй, дүр төрх муутай болохоор ангийнхнаасаа ганцаархнаа ажилгүй үлдсэн” гэж таны нэг ярилцлагаас уншсан. Гэтэл та одоо цөөнгүй кино зохиол бичиж, найруулчихсан байна шүү дээ?
-Тэр үеийн үнэн нөхцөл байдал л тэр. Царай царай байхгүй, бие бие байхгүй болохоор ганцаараа ажилгүй үлдчихээд “Чи л хичээхгүй юм бол юу ч өөрчлөгдөхгүй” гэж өөртэйгээ ярихад хүрсэн. Тухайн үед юу бодсон бэ гэхээр хүн өдөрт найман цаг ажиллаж байгаа юм бол би арван цаг ажиллах ёстой юм байна гэж бодов. Алдсан ч, оносон ч маш их хөдөлмөрлөх хэрэгтэйг ойлгосон. Хэрэв буруудсан ч дахин дахин эхлүүлэх ёстой.
-Кино зохиол бичих амаргүй. Яг сайхан дүрэлзэж, асаж бичиж байгаад хэд хоногоор хоосон суух үе таньд байдаг уу?
-Олон бий шүү. Хүчээр биччихсэн зохиолоо устгаж байсан ч үе бий. Яг тийм үед дуртай хөгжмөө сонсоод, ганцаараа суухыг илүүд үздэг.
-Уран бүтээлийн ажлаар гадагшаа их явж байх шиг харагддаг. Монгол Улсаа аль орны дайтай хөгжөөсэй гэж хүсдэг вэ?
-Зүйрлэлийг айхтар холоос хайгаад хэрэггүй байх. Ойрхоноос, Хятад Улсыг л харах хэрэгтэй. Бээжин болон бусад мужуудаар явж байхад харагддаг хамгийн том өөрчлөлт нь хувь хүний хөгжил. Яагаад намайг бага байхаас, арван жилээс эхлээд хувь хүний хөгжлийн боловсрол олгоогүй юм бол гэж гайхдаг. Одооноос хувь хүний хөгжлийг чухалчилж үзээд ерөнхий боловсролын сургуульд заадаг болох хэрэгтэй.
-Таньд өдөр бүхэн эргүүлж хардаг ширээний ном бий юү?
-Миний хамгийн анхны бүтэн уншсан номын зохиолч Д.Энхболдын “Паанан”. Тэндээс би “Хэдэн ч удаа бүдэрсэн заавал эргэж босож бай” гэдэг санааг өөртөө гүн суулгасан. Тиймээс хааяа нэг сөхөж хардаг.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Зочин · 2019/11/16