УИХ-ын гишүүн С.Ганбаатарын "Монголоо ямар улс болгох, хэрхэн түүнд хүрэх вэ?" нэртэй номын нээлт өнөөдөр Интерном их дэлгүүрт боллоо.

Энэхүү номын нээлтийн үйл ажиллагаанд улс төрчдөөс гадна иргэний нийгмийн төлөөллүүд хүрэлцэн ирсэн юм. Тэрбээр өөрийнхөө номын талаар "Миний хувьд УИХ-ын гишүүн болсноосоо хойш олж харсан асуудал болгоноо хэрхэн шийдэж болох талаар нэг бүрчлэн судалсны үндсэн дээр энэхүү бүтээлийг туурвисан" гэлээ.

Номын нээлтэд ирсэн эхний 100 хүнд зохиогч өөрийн гарын үсэгтэй номоо үнэгүй өгч уншигч олноо баярлуулсан юм.

Тэрбээр уг номоо хоёр жил гаруйн хугацаанд боловсруулж бичихдээ маш олон орны туршлагыг судалж үзжээ. Ингээд тэрбээр судалгаагаа хөгжингүй орнуудын улс төр, уул уурхайн соёл дээр түлхүү үндэслэж хийсэн гэдгээ дуулгалаа.

Судалгааны үндсэн номоо "Баялгийн үндэсний үзэл", "Цэвэр Засгийн газар", "Шударга нийгэм" гэсэн гурван дэд хэсэгт хуваасан бөгөөд улс шиг улс болж хөгжихийн тулд юун дээр түлхүү анхаарах ёстойг нэг бүрчлэн онцолжээ.

Тухайлбал, Норвеги улсыг сонгодог жишээгээ болгожээ. Норвеги бол манайх шиг байгалийн баялаг ихтэй улс бөгөөд улстөрчид нь байгалийн баялаг дээрээ тулгуурлан улсаа хэрхэн хөгжүүлсэн талаарх баримтыг тодорхой дурдсан аж.

Уг номын эхлэлд "Өнөөгийн Монголын шударга бус байдалтай тэмцэгч хүн бүрт зориулав" хүмүүнлэг, ардчилсан Монгол Улсыг оршин тогтноход иргэдийн хүсэл тэмүүлэл, итгэл найдвар юу болохыг тусгасан хэмээн зохиогч бичжээ.

Д.Ана